
Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй өнөөдөр Консерватив намын тэргүүний суудлаа албан ёсоор өгнө. Гэхдээ намын дотоод сонгуулиар дараагийн даргыг сонгох хүртэл Засгийн газрын тэргүүний үүргээ гүйцэтгэнэ гэж хэвлэлүүдэд мэдээлж байна.
2016 оны долоодугаар сараас эхлэн Их Британийн эрх баригч Консерватив намыг тэргүүлж байгаа 62 настай улстөрчийн хувьд өнгөрсөн тавдугаар сарын сүүлчээр ажлаа өгнө гэдгээ зарласан юм. Тэрбээр "Брексит"ийн нөхцөлөөр Европын холбоотой зөвшилцсөн гэрээг нь Британийн парламентаар нэг бус удаа дэмжээгүйгээс болоод цаашид ажлаа явуулах боломжгүй болсон гэж энэ үеэрээ мэдэгджээ.
Тереза Мэй Консерватив намын тэргүүнээр 1061 өдөр ажиллалаа. Энэ нь намын түүхэн дэх зургаа дахь хамгийн муу үзүүлэлт болж байна. Энэ намыг Иэн Данкан Смит 2001-2003 онд 784 өдөр удирдсан гэдгээрээ хамгийн цөөхөн хоног удирдсан хүний тоонд ордог. Харин Консерватив намыг Маргарет Тэтчер 1975-1990 он хүртэл 5769 өдөр удирдсанаараа дээд амжилт тогтоосон байдаг.
Хуваарь ёсоор Тереза Мэйг намын тэргүүний ажлаа өгснөөс гурав хоногийн дараа буюу зургаадугаар сарын 10-нд өрсөлдөгчдийн сонгуулийн аян эхэлнэ. Аян сар хагасын турш үргэлжлээд долоодугаар сарын 28-наас өмнө Консерватив намын шинэ тэргүүний нэр тодрох юм байна.
“Би-Би-Си” агентлагийн мэдээлснээр Консерватив намын тэргүүнд 11 улстөрч өрсөлдөх хүсэлтээ гаргажээ. Тереза Мэй Ерөнхий сайдын өргөөнд байх хугацаандаа Их Британийн ард түмний сайн сайхны төлөө үргэлжлүүлэн ажиллана. Харин Европын холбооноос гарах тухай асуудалд идэвхтэй оролцохгүй гэж түүний төлөөлөгч Консерватив намын тэргүүний суудлаа өгөхийн өмнөхөн мэдэгджээ.
Тереза Мэй өнөөдөр Консерватив намын тэргүүний суудлаа албан ёсоор өгнө | ||
Үзсэн: 666 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.