
Молдавт ням гарагт Үндсэн хуулийн шүүхээс Ерөнхий сайдад Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг эдлэх ээлжит зөвшөөрөл олгосны дараа энэ улсад хоёр засаглал тогтлоо. Ерөнхий сайд үүрэг гүйцэтгэгч Павел Филипийг Ерөнхийлөгчийнхөө оронд парламентыг тараах, есдүгээр сарын 6-нд ээлжит бус сонгууль явуулах зарлигт гарын үсэг зуруулахын тулд ийм шийдвэр гаргажээ.
Харин Ерөнхийлөгч Игорь Додон энэ үйлдлийг “Засгийн эрхийг булаасан оролдлого” гэж үзсэн бол парламентаас өнгөрсөн хоёрдугаар сарын 24-ний сонгуулиар бүрэн эрхийн хугацаа нь дууссан Филипийн танхимыг хууль бус гэж зарлажээ. Парламентын гишүүд хуулийн байгууллагууд болон эрх бүхий албан тушаалтнуудыг “Засгийн эрх булаагчийн зарлигт захирагдахгүй байх, хууль ёсны засаг болох парламент, шинэ Засгийн газар, Ерөнхийлөгчийн талд орох”-ыг уриалжээ.
Молдавын улс төрийн зөрчилдөөний гол шалтгаан нь өнгөрсөн бямба гарагт парламентын гишүүд гурван сарын турш эвсэл, Засгийн газрыг бүрэлдүүлэх гэж оролдсоны эцэст энэ мухардлаас гарах шийдвэр гаргасантай холбоотой.
Өнгөрсөн хоёрдугаар сард болсон сонгуулиар Ерөнхийлөгч Додоныг дэмждэг Социалистуудын нам парламентын 101 суудлын 35-ыг авч, өмнөх Засгийн газрыг хяналтдаа авч байсан Ардчилсан нам 30, Европыг дэмжигч “Одоо” эвсэл 26 суудал авчээ. Харин парламентын үлдсэн суудлыг “Шор” нам болон бие даагч гишүүд хуваан авсан юм.
Сонгуулийн дараахан социалистууд “Одоо” эвсэлтэй хэлэлцээр хийх гэсэн боловч өнгөрсөн бямба гарагт л эвсэх зөвшилцөлд хүрч чадсан байна. Ингээд парламентын даргаар Социалистуудын дарга Зинаиду Гречаный, Ерөнхий сайдаар “Одоо” эвслийн нэг удирдагч Майя Сандаг сонгожээ.
Бямба гарагт болсон парламентын сонгууль АНУ, Орос, Европын холбооны Элчин сайдуудын ажиглалт дор болсон юм.
Молдав улсад хоёр засаглал тогтоод байна | ||
Үзсэн: 834 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.