Шууд Chart

Солсбери хотын засаг захиргаа Сергей Скрипалийн байшинг худалдан авахаар болжээ

2019-06-10 15:30:46

Британийн Солсбери хотын засаг захиргаа Сергей Скрипаль болон түүний охин Юлия нарын байшинг худалдаж авахаар болжээ. Энэ тухай “Сан” сонин ням гарагт мэдээлсэн байна.

Скрипалийн гэр бүлийнхэн 200 мянган фунт стерлингээр үнэлэгддэг энэ байшиндаа эргэж ирэхгүй гэдэг нь тодорхой болсны дараахан ийм шийдвэр гаргасан тухай хотын зөвлөлийн гишүүн Алистер Канингем мэдэгдсэн байна.

Тагнуулын ерөнхий газрын ажилтан асан Скрипалийн хуучин хөршүүд энэ байшинг Скрипалийн түүхээр мөнгө босгох гэсэн хүмүүс худалдаж аваад зочид буудал болгон хувиргах вий гэж болгоомжилж байгаа аж. Тиймээс хотын зөвлөл энэ байшинг зөвхөн хувийн зорилгоор ашиглах баталгаа гаргахын тулд худалдан авахаар болжээ.

Тусгай албадынхан эцэг, охин хоёрыг хордсон хэргийн дараа Солсбери хот дахь байшинд нарийн үзлэг хийсэн юм. Мөн хими, биологи, цацрагийн хамгаалалтын цэргүүд хотыг "Новичок" гэх химийн бодисоос цэвэрлэх ажлыг бараг нэг жилийн турш явуулсан байна.

Эргэн сануулахад, өнгөрсөн 2018 оны гуравдугаар сард Оросын тагнуулч асан Сергей Скрипаль болон түүний охин Юлия нар Солсбери хотын худалдааны төвийн дэргэдэх сандал дээрээс ухаангүй байдалтайгаар олдсон юм.

Тэд "Новичок" гэх бодист хордсон нь тогтоогдож, удаан хугацааны турш эмчлүүлсний эцэст ухаан орсон байна. Их Британийн засаг захиргаа энэ хэрэгт Оросыг хамааралтай гэж үзэж, Оросын иргэн Александр Петров, Руслан Боширов нарыг буруутгасан юм. Харин ОХУ Солсберид болсон энэ хэрэгт ямар ч холбоогүй гэж мэдэгдсээр байна.

Нийтэлсэн: Mонголын радио

Солсбери хотын засаг захиргаа Сергей Скрипалийн байшинг худалдан авахаар болжээ  
Үзсэн: 444 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй