
Венесуэл улс Колумбатай залгаа хилээ нээлээ. Сүүлийн дөрвөн сарын хугацаанд хаалттай байсан хилийн боомтыг өнгөрөгч баасан гарагт нээсний дараа Колумба руу орж хүнс, эм тариа авах гэсэн хэдэн мянган хүний дараалал үүссэн байна.
Бямба гарагт Кукута хотын ойролцоох олон улсын хоёр гүүрэн дээр урт дараалал үүсгэсэн хүмүүсийн зарим нь хүүхдээ тэвэрч, Колумбын талын хилийн албаныхнаас зөвшөөрөл авч бичиг баримтандаа бичилт хийлгэхээр хүлээж байгаа нь дүрс бичлэгт буужээ. Ирсэн хүмүүсийг хянахад хилийн хамгаалалтынхан тусалж байна.
Венесуэлийн сөрөг хүчнийхний үйл ажиллагаа, гадаадын улсуудын хүнсний тусламжтай холбоотойгоор өнгөрөгч хоёрдугаар сард Каракас Бразил, Колумба зэрэг хөрш зэргэлдээх улсуудтай залгаа хилээ хаасан. Хүнсний тусламжийн дийлэнхийг өөрийгөө түр Ерөнхийлөгч хэмээн зарласан сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдог дэмжин АНУ-аас илгээсэн.
Гэвч Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро бараа бүтээгдэхүүнийг хилээр оруулалгүй хориг тавьсан юм. Өнгөрөгч тавдугаар сард Засгийн газар нь хөрш зэргэлдээх Аруба хэмээх арал улс, Бразилтай залгаа хилээ нээж, Колумбатай хиллэдэг хоёр боомтоо хаалттай хэвээр үлдээгээд байсан юм.
Венесуэл улс Колумбатай залгаа хилээ нээлээ | ||
Үзсэн: 1232 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.