
Казахстаны Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуульд ялалт байгуулсан төрийн тэргүүн Касым-Жомарт Токаевын тангараг өргөх ёслолын ажиллагаа энэ сарын 12-нд буюу маргааш болно. Энэ тухай Казахстаны Сонгуулийн төв хорооны гишүүн Ляззат Сулейман комиссын хуралдааны үеэр мэдээллээ.
Үүнээс өмнөхөн Ерөнхийлөгч Токаев “Хэрвээ Сонгуулийн төв хороо саналын хуудсын эцсийн тооллогыг дуусч амжвал тангараг өргөх ёслолын ажиллагааг 06 дугаар сарын 12-нд явуулахаар төлөвлөж байна. 06 дугаар сарын 14-нд би Бишкек рүү Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтад оролцохоор явна. Казахстаны Ерөнхийлөгч тэнд бүрэн утгаараа очвол илүү дээр” гэж мэдэгдсэн юм.
Казахстанд ням гарагт Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль болж, одоогийн төрийн тэргүүн Касым-Жомарт Токаев сонгогчдын 70,96 хувийн саналыг авч ялалт байгуулсан билээ. Саналын хуудсын тооллогын эцсийн дүнг Сонгуулийн төв хорооноос даваа гарагт зарласан байна.
Сонгуулийн эцсийн дүнгээр долоон нэр дэвшигчээс олон нийтийн зүтгэлтэн, сэтгүүлч Амиржан Косанов сонгогчдын 16,23 хувийн саналыг авч хоёрдугаарт бичигдсэн бол Мажилисын гишүүн Дания Еспаева 5,05 хувийн санал авчээ.
Энэ удаагийн ээлжит бус сонгуульд нийт сонгогчдын 77,5 хувь нь оролцож, ирц өндөр байсан тухай Казахстаны Сонгуулийн төв хорооноос даваа гарагт мэдээлсэн байна.
Казахстаны шинэ ерөнхийлөгч маргааш тангараг өргөнө | ||
Үзсэн: 821 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.