Шууд Chart

Грекийн парламентийг тараах хүсэлт тавилаа

2019-06-11 15:01:22

Өнгөрөгч 5 дугаар сард болсон Европарламентийн сонгуульд бүтэлгүйтсэн Грекийн ерөнхий сайд Алексис Ципрас ирэх 7 дугаар сард ээлжит бус сонгууль хийнэ гэж мэдэгдсэн. Тэрээр даваа гарагт нийслэл Афен хотод Грекийн ерөнхийлөгч Прокопис Павлопулос-той уулзаж, парламентын ээлжит бус сонгууль явуулах зорилгоор хууль тогтоох байгууллагын үйл ажиллагааг зогсоож өгөхийг хүссэн байна.

Засгийн газрын тэргүүний хүсэлтээр Грекийн ерөнхийлөгчийг зөвшөөрөл өгсний дараа өнөөдөр буюу мягмар гарагт парламент нь үйл ажиллагаагаа зогсоохоор байгаа юм . Ингээд ирэх намар болох байсан парламентын сонгууль ирэх 7 дугаар сарын 7-нд болохоор  байна. Энэ талаар Грекийн ерөнхий сайд Алексис Ципрас, “5 дугаар сард болсон Евро парламентын сонгуульд Грекийн эрх баригч Сириза нам, голлох сөрөг хүчин болох Шинэ ардчилал намд ялагдсан нь ээлжит бус сонгууль явуулах шалтгаан болж байна” гэсэн байна. Мөн тэрээр баримталж байгаа улс төрийн бодлого үйл ажиллагаагаараа олон нийтийн дэмжлэг зөвшөөрлийг авахыг хүсч байна гэдгээ илэрхийлжээ.

Грекийн өрийн хямралын үеэр хэрэгжүүлж байсан хатуу бодлого шүүмжлэгчдийн тэргүүн эгнээнд байсан өнөөгийн ерөнхий сайд Ципрас 4 жилийн өмнө энэ албанд томилогдсон. Гэвч тэрээр Европын холбооноос санхүүгийн дэмжлэг авахын тулд татварыг өсгөх, зардлыг танах мэтээр эдийн засгийн хатуу бодлогыг үргэлжлүүлж, олон нийтийн хүчтэй эсэргүүцэлтэй нүүр тулсан юм.

8 жил хэрэгжүүлсэн Европын холбооны тусламжийн хөтөлбөр өнгөрөгч 8 дугаар сард дууссан ч, Грек улс 18 хувийн ажилгүйдэлтэй байгаа нь Европын орнуудын хамгийн өндөр үзүүлэлт болж, эдийн засаг хямралын үеийнхээсээ сэргээгүй байгааг хэвлэлүүд сануулж байна.

Нийтэлсэн: Mонголын радио

Грекийн парламентийг тараах хүсэлт тавилаа  
Үзсэн: 554 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй