
Британийн эрх баригч намын даргын өрсөлдөөнд Гадаад хэргийн сайд асан Борис Жонсон тэргүүлж байна. Намын даргыг сонгох эхний шатны санал хураалт пүрэв гарагт болж, сайд асан Борис Жонсон хамгийн олон дэмжлэг авсан байна. Парламентын доод танхимын 313 гишүүн санал өгснөөс тэрбээр 114 санал, 36 хувийн дэмжлэгтэй байна.
Тэрбээр Европын холбоог гэрээгүйгээр орхин гарахыг эсэргүүцдэгггүй юм. Тэгвэл одоо Гадаад хэргийн сайдаар ажиллаж байгаа Жереми Хант 43 саналтайгаар хоёрдугаарт жагсаж байна. Түүний араас Британийн Байгаль орчны сайд Майкль Гүүв 37 хүний дэмжлэгтэй байна.
Энэ хоёр хүний хувьд "Брексит"-ийн тал дээр зөөлөн байр суурьтай байдгийг хэвлэлүүд мэдээлж байгаа юм. Харин хамгийн багадаа 17 хүний санал авч чадаагүй учраас төлөөлөгчдийн танхимын дарга асан Андреа Леадсом зэрэг гурван өрсөлдөгч хасагджээ.
Эрх баригч Консерватив нам эхний шатнаас тунасан өрсөлдөгчдөөс хоёр хүнийг эцсийн шатанд үлдтэл санал хураана. Ингээд 10 хүн өрсөлдсөн энэ шалгаруулалтаас ирэх долоо хоногт болох хоёр дахь шатны сонгуульд долоон хүн өрсөлдөхөөр болоод байна. Харин долоодугаар сард болох сүүлийн шатны санал хураалтад намын 120 мянган гишүүн оролцоно.
Шалгарсан хүн намын дарга болоод зогсохгүй Британийн Ерөнхий сайд болно. Тереза Мэй үйл хэргийг нь залгамжлагч тодорсны дараа Ерөнхий сайдаасаа огцрохоор төлөвлөөд байгаа юм.
Санал хураалт эхлэхээс өмнө явуулсан санал асуулгуудаар Гадаад хэргийн сайд асан Борис Жонсон ялалт байгуулах магадлалтай гэсэн дүн гарсан. Тэрбээр Лондон хотын захирагчаар найман жил, Гадаад хэргийн сайдаар хоёр жил ажилласан юм.
Британийн эрх баригч намын даргын өрсөлдөөнд Борис Жонсон тэргүүлж байна | ||
Үзсэн: 491 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.