Шууд Chart

Засгийн газрын гадаад төслийн зээлийг 289.9 тэрбум төгрөг байхаар тооцжээ

2014-02-21 14:02:15

УИХ-ын төсвийн байнгын хороо намрын чуулганаар эрхлэх асуудлын хүрээнд нийт 24 хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн долоон төслийг Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулсан байна. Тодруулбал, Монгол Улсын 2013 оны төсвийн хүлээгдэж байгаа гүйцэтгэл, макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, гадаад болон дотоод эдийн засгийн нөхцөл, экспортод гарах эрдэс баялгийн бүтээгдэхүүний үнэ, тоо хэмжээ төлөвлөж байсан хэмжээнд хүрэхээргүй байгааг харгалзан Монгол Улсын 2013 оны төсөвт тодотгол хийж, төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлогыг 6.289.1 тэрбум төгрөг, нийт зарлагыг 6.629.8 тэрбум төгрөг болгож бууруулж баталсан байна.

Төрийн аудитын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаар Төрийн аудитын байгууллагын тогтолцоо, бие даасан үйл ажиллагаа, хараат бус байдлын хууль эрх зүйн орчин бүрдсэн юм. Төрийн аудитын байгууллагын зохион байгуулалтын бүтцийн ерөнхий бүдүүвч, орон тооны дээд хязгаарыг Монгол Улсын Ерөнхий аудиторын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо баталж байхаар хуульчилсан байна.

Мөн Монгол Улсын 2014 оны нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого 6.8 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 7.2 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл -410.0 тэрбум төгрөг буюу ДНБ-ийн 2.0 хувьтай тэнцэхээр баталжээ.

Монгол Улсын төсөв, санхүүгийн өнөөгийн нөхцөлд бодитой дүгнэлт хийж төсвийн хөрөнгийн төлөвлөлт, зарцуулалтыг сайжруулах, үр ашгийг дээшлүүлэх түүнд тавих хяналтыг чангатгах зорилгоор Монгол Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнүүдийн төсөвт өртөг нэмэгдсэн, гүйцэтгэл удааширсан гэх 243 төсөл, арга хэмжээг “0” дүнтэйгээр хөрөнгө оруулалтын жагсаалтад тусган, Үндэсний аудитын газраар шалтгааныг нарийвчлан тогтоолгосны дараагаар санхүүжүүлэхээр болсон байна.

Монгол Улсын төсвөөс 2014 оны төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын хэмжээг 5.5 их наяд төгрөг, Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2014 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын хэмжээг 1.1 их наяд төгрөг, Төсвийн тогтворжуулалтын санд хуримтлуулах хөрөнгийн хэмжээг 29.7 тэрбум төгрөг, шинээр гаргах болон дахин санхүүжүүлэх Засгийн газрын он дамжих үнэт цаас 1.4 их наяд төгрөг, Засгийн газрын шинээр авах гадаад төслийн зээл 289.9 тэрбум төгрөг, Засгийн газрын гаргах баталгааны дээд хязгаарыг 2.5 их наяд төгрөг байхаар тооцож Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулийг баталжээ.

Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн дагуу үндэсний тэтгэлгийг Боловсролын тухай хуульд заасны дагуу аттестатчилагдсан дээд боловсролын байгууллагын өдрийн ангид зохих шаардлагыг ханган элсэн суралцаж буй бүх суралцагчдад сар бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувьтай тэнцэх хэмжээгээр олгодог байсан. Хуулийн дээрх зохицуулалтыг “Боловсролын тухай хуулийн 28.1.8-д заасны дагуу аттестатчилагдсан, сүүлийн жилийн төгсөгчдийн тодорхой хувь нь мэргэжлээрээ ажлын байраар хангагдсан дээд боловсролын сургалтын байгууллагад, энэ хуулийн 7.1.1-д заасан шаардлагыг ханган өдрийн ангид суралцаж байгаа суралцагчдын сурлагын амжилтыг нь харгалзан суралцах хугацаанд нь 2014-2015 оны хичээлийн жилээс эхлэн 10 сарын турш, сар бүр үндэсний тэтгэлгийг олгоно. Үндэсний тэтгэлгийг олгох сургалтын байгууллага болон суралцагчид тавигдах шаардлага, хичээлийн нэг жил, сард олгох хэмжээ, хугацааг энэ хуульд нийцүүлэн Засгийн газар тогтооно“ гэж өөрчилсөн.
Ингэснээр сар тутам олгох үндэсний тэтгэлгийг тодорхой шалгуур хангасан их, дээд сургуулийн суралцагчийн сурлагын амжилтыг харгалзан олгохоор болсон. Их, дээд сургууль болон суралцагч оюутанд тавигдах шалгуур, шаардлагыг Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хууль болон Боловсролын тухай хуульд нийцүүлэн Засгийн газар тогтооно. Үндэсний тэтгэлгийг хичээлийн жилийн туршид сар бүр олгох ба тэтгэлгийн хэмжээ нь мөн Засгийн газраас баталсан журмаар зохицуулагдах юм.

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулиуд, ”Газар тариалангийн үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийг хангах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталсан. Уг хуулиар Хүн амын хүнсний хангамж, хүртээмжийн тогтвортой байдлыг хангах арга хэмжээний хүрээнд стратегийн хүнсний улирлын нөөц бүрдүүлэх, үрийн шинэчлэл хийхэд шаардагдах 100.0 мянга хүртэлх тонн хүнсний улаан буудай, 20.0 мянга хүртэлх тонн хүнсний улаан буудайн үрийг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөөр болсон.


Газар тариалангийн салбарыг эрчимжүүлэн хөгжүүлж, тогтвортой хөгжлийг хангах, үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, алслагдсан бүс нутгийн газар тариаланг хөгжүүлэх зорилгоор дэвшилтэт технологид суурилсан техникийн шинэчлэлийг нэвтрүүлж, газрын өмчлөл, эзэмшил, ашиглалтыг сайжруулах, бордоо, ургамал хамгааллын бодисын хангалтыг нэмэгдүүлэх, таримлын зохистой сэлгээг нэвтрүүлэх замаар хөрсний үржил шимийг сайжруулах, хамгаалах, үрийн аж ахуйг хөгжүүлж, үр, сортын шинэчлэл хийх, газар тариалан, мал аж ахуйн хөгжлийн бодлогын уялдааг хангах зэрэг асуудлаар бодлого, хөтөлбөр боловсруулж Улсын Их Хурлын 2013 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан тогтоолыг хэлэлцүүлэн батлуулжээ.


Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлууллаа. Уг хуулиар “ДЦС-4” ТӨХК-ийн суурилагдсан хүчин чадлыг Т-120/130-130-8М0 турбинаар өргөтгөхөд шаардагдах тоног төхөөрөмж, сэлбэг материал, багаж хэрэгслийг импортлоход Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас энэ оны 12 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд чөлөөлөхөөр болсон. Энэ арга хэмжээ нь 2014 оны төсөвт тооцож тусгаагүй байсан татварын хөнгөлөлтийн бодлого учир төсөвт нөлөө үзүүлэхгүй юм.


Засгийн газрын гадаад төслийн зээлийг 289.9 тэрбум төгрөг байхаар тооцжээ   
Үзсэн: 1250 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.23.51.xxx [103.23.51.xxx] 2014-02-21 14:28
ЗӨВ ШҮҮ

Бидэнтэй нэгдээрэй