Шууд Chart

Нарны шил сонгохдоо нүүрнийхээ хэлбэрт тохируулаарай 

2019-06-26 12:49:27

Нүдний шилний гол материал болсон шилийг 4500 жилийн өмнөөс олж нээжээ. Эртний хүмүүс оптикийн талаар мэдлэгтэй, шилний тодорхой хэлбэртэй хэсэг нь юмыг тодруулж өгдгийг мэддэг байсныг тогтоосон байна. Бүр МЭӨ 1000 оны үед томруулагч болгон ашигладаг байсан шилний загварыг Гиритийн малталтаар олжээ. Уг томруулагч шил болон хөгжтөлөө маш их удсан юм.

Нүдний шилийг анх хэн хэрэглэсэн нь тодорхойгүй. Мөн хүн төрөлхтний түүхэнд хэн гэдэг хүн энэ гялалзсан нээлтийг хийсэн нь тодорхойгүй байна. Түүнийг 1250-1280-аад оны үед Венецид амьдарч байсан гэж таамаглаж байгаагийн гол шалтгаан нь Дундад зууны үед 13-р зуунд Венец нь шилэн бүтээгдэхүүнээрээ алдартай байсан юм.

Анхны нүдний шилнүүд гүдгэр хэлбэртэй байсан бөгөөд ойрын хараа муутай хүмүүст тохирч байв. Түүний дараа холын хараа муутай хүмүүст зориулсан хотгор линз бүхий шил 100-аад жилийн хойно бий болжээ. 

Холын харааны шил ойрын харааны шилний дараа 15-р зуунд бий болсон нь тухайн цаг үед нүдний шилийг зөвхөн ном уншихад ашигладаг, холын зүйлийг харахгүй байгааг чухалчилж авч үздэггүй, мөн хотгор линз үнэтэй байсантай холбоотой юм.

Нүдний шилийг зохиогоод 350 жил болсны дараа л нүүрэндээ унахгүйгээр тогтоон барьж чаддаг болгожээ. 1730 онд Эдвард Скарлетт Лондон хотод нүдний шилний байнгын тогтоогчийг зохион бүтээжээ. Уг тогтоогчийг толгойны хэмжээнээс хамаарч хийдэг тул хамар дээр бага дарж, унахааргүй тогтох болжээ.

Ийнхүү удаан хөгжиж буйн хажуугаар нүдний шилний хэрэгцээ өссөн бөгөөд амьдралтай улам холбоотой болов. Хэвлэх төхөөрөмж зохион бүтээсний дараа ном, сонины тоо өссөн тул нүдний шил тансаг хэрэглээ байхаа больж чухал шаардлагатай зүйл болж хувирчээ.

Нүдний шилний анхны дэлгүүр 1783 онд Филаделфид нээгдсэн байна. Францис Мак Аллистер дэлгүүртээ сагсан дотор шилээ хийдэг байсан бөгөөд үйлчлүүлэгчид нь нэг нэгээр зүүж үзээд өөртөө тохирсныг авдаг байв.

Харин анхны нарны шилийг 1430 онд хятадууд зохион бүтээсэн гэдэг. Галын утаагаар харлуулсан уг нүдний шил нь харааг засах зорилготой биш байв. Мөн нарнаас хамгаалах ч гэсэнгүй. Хятадад шүүгч зэрэг хүмүүсээс эхлээд хаа сайгүй нүдээ бусдад харуулахгүй, санаа бодол нь нүдээр дамжин илрэх вий гэсэндээ энэ бараан өнгөтэй шилийг зүүдэг байв. Хожим нь Италиас нүдний шил Хятад руу оруулж ирсний ихэнх нь бараан өнгөтэй байжээ. 

Нарны шилийг сонгохдоо нүүрнийхээ хэлбэрт тохируулах нь чухал юм. Учир нь нарны шил таныг бизнес хатагтай, ухаалаг, даруухан эмэгтэй, дэгжин бүсгүй гээд олон дүрд хувиргаж чадна. Түүний тусламжтайгаар та стиль, имижээ ч бүрэн өөрчилж болно. 

Таны нүүрний хэлбэр зууван бол ямар ч төрлийн хэлбэр болон хүрээтэй нүдний шил тохиромжтой байдаг. Зууван хэлбэрийн царай хамгийн зөв пропорцтой байдаг ажээ.

Таны нүүрний төрх дөрвөлжиндүү бол нарийн шил илүү тохиромжтой. Гэхдээ хүрээнийх нь дээд хэсэг өндөр байх хэрэгтэй. Доош бага зэрэг унжсан хэлбэртэй шил тохиромжтой.

Харин дугуй бол тэгш болон хурц өнцөгт хүрээтэй шилийг сонгоорой. Нарийхан, металл хүрээнд анхаарлаа хандуул. Энэ нь нүүрний хажуу талд анхаарал татагдахыг зогсооно. Түүнчлэн хар, ногоон зэрэг ханасан өнгөнүүд нүүр царайг чинь нарийн болгож харагдуулна.

Гурвалжин: Энэ царайн онцлог шинж бол өргөн дух, жижигхэн эрүү юм. Ийм нүүртэй хүнд дугуй, эсвэл гонзгой хүрээтэй, эсвэл бага зэрэг дээш өргөгдсөн нүдний шил зохимжтой. Шилний хүрээ нарийхан, хагас хүрээтэй, эсвэл огт хүрээгүй байвал маш зөв сонголт хийлээ гэсэн үг. Энэ нь таны нүүрний доод хэсгийг арай том, тэнцвэртэй харагдуулдаг байна.

Тэгш өнцөгт царай: Том эрүү, том духтай нүүртэй хүмүүсийг хэлнэ. Ийм хүмүүс дунд зэргийн хэмжээтэй, дугуйвтар өнцөгтэй шил зохино. Хамгийн тохиромжтой хувилбар бол гонзгой хүрээ юм. Энэ нь нүүрний өнцгүүдийг дарж өгдөг. Бараан өнгийн зузаан хүрээнээс зайлсхийгээрэй. Энэ нь таны царайг хүндрүүлж, хөгширсөн мэт харагдуулдаг.


Нарны шил сонгохдоо нүүрнийхээ хэлбэрт тохируулаарай   
Үзсэн: 3620 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй