Шууд Chart

Боливын Ерөнхийлөгч Эво Моралесийг шалгана

2019-06-26 15:00:00

Боливын Ерөнхийлөгч Эво Моралес сонгуулийн аянаа явуулж байхдаа хууль тогтоомж зөрчсөн байж болзошгүйг Сонгуулийн шүүхээс шалгах шийдвэрийг энэ улсын Дээд шүүх мягмар гарагт гаргажээ.

Шүүхийн шийдвэрийн дагуу Моралес сонгуулийн сурталчилгааны үеэр олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулахдаа мөнгө, эсвэл тусгай эрх амласан байж болзошгүй гэжээ.

Сөрөг хүчнээс Моралесыг энэ сарын 18-нд Морочата мужид иргэдтэй уулзалт хийх үеэрээ хууль зөрчсөн гэж үзэж, гомдол гаргасан юм. Энэ үеэр Моралес мужийн тэргүүнтэй уулзахдаа “Хэрвээ чи надад сонгуульд ялах 100 хувийн баталгаа өгвөл ирэх жил чи надаас хүссэн бүхнээ аваарай” гэж хэлсэн байна. Сүүлд нь Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ уучлалт хүсээд, тоглоом шоглоом байсан гэжээ.

Хэрэв сонгуулийн шүүх Моралесийг хууль зөрчсөнийг хүлээн зөвшөөрвөл түүнийг баривчлахаас гадна засан хүмүүжүүлэх ажил хийлгэх, эсвэл торгуулийн шийтгэл хүлээж байна.

Эво Моралес нь Боливын Ерөнхийлөгчийн албан тушаалд хамгийн удаан байсан гэдгээрээ дээд амжилт тогтоосон юм. Тэрбээр анх 2005 оны 12 дугаар сарын сонгуулийн үр дүнгээр төрийн эрхэнд гарч ирсэн байна. Мөн 2009, 2014 онд дахин сонгогджээ.

Харин 2017 оны 11 дүгээр сард Боливын Үндсэн хуулийн шүүх Моралесийг дахин нэр дэвшиж болно гэсэн шийдвэр гаргасан байна. Энэ улсын төрийн тэргүүний ээлжит сонгууль ирэх 10 дугаар сард болно.

Нийтэлсэн: Mонголын радио

Боливын Ерөнхийлөгч Эво Моралесийг шалгана   
Үзсэн: 914 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй