Шууд Chart

Николас Мадурог хөнөөх оролдлогоос урьдчилан сэргийлж чадлаа гэж мэдэгдэв

2019-06-27 11:40:16

Венесуэлийн засаг захиргаа энэ сарын 23-24-нд болох ёстой байсан төрийн эргэлтийг зогсоож, Ерөнхийлөгч Николас Мадурог хөнөөх оролдлогоос урьдчилан сэргийлж чадлаа гэж энэ улсын Харилцаа холбоо, мэдээллийн сайд Хорхе Родригес лхагва гарагт мэдээллээ.

Хуйвалдаан зохион байгуулагчид Каракас хотын зэвсэгтэй агуулах, цэргийн нисэх онгоцны буудлыг булаан авч, 2009 онд авлигын хэргээр олон жилийн хорих ял авсан Батлан хамгаалахын сайд асан Рауль Бадуэлийг шоронгоос чөлөөлж, түүнийг Ерөнхийлөгчөөр зарлах гэж байсан гэнэ. Энэ хуйвалдаанд цэргийн алба хаагчид ч оролцсон гэжээ.

Засгийг эсэргүүцсэн хуйвалдагчид өндөр албан тушаалтнуудыг хөнөөх зорилгоор АНУ, Израиль, Колумба зэрэг улсаас хөлсний алуурчдын үйлчилгээ авах гэж байсан нотолгоо ч бий гэж Хорхе Родригес мэдэгдсэн байна. Алуурчдыг гурван бүлэг болгон хувааж, Ерөнхийлөгч Мадурог хөнөөх гэж байсан гэж тэрбээр хэлсэн байна. Мөн Үндсэн хуулийн ассамблейн дарга Дьосдадо Кабельог хөлсний хүмүүсээр хороох зорилготой байсан гэнэ.

Үүнээс гадна тэд Тагнуулын албаны тэргүүн, Дотоод хэргийн сайд нарыг хулгайлж, Ерөнхийлөгчийн Мирафлорес ордныг эзлэн авахаар төлөвлөж байжээ. “Бүлгийн даалгаварт Ландерын аюулгүй байдлыг хангах асуудал ч багтсан. Ландер гэдэг нь Хуан Гуайдогийн хэрэглэдэг нууц нэр гэдгийг бид мэднэ” гэж Харилцаа холбоо, мэдээллийн сайд Хорхе Родригес хэлсэн байна.

Харин сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо өөрийг нь төрийн эргэлт зохион байгуулахад хамааралтай гэснийг үгүйсгэсэн байна. Венесуэлд төрийн эргэлт хийх гэж байсан энэ хүмүүсийг саатуулсан тухай Ерөнхийлөгч Николас Мадуро мэдэгдсэн юм.

Харилцаа холбоо, мэдээллийн сайдын хэлснээр төрийн эргэлт хийх гэсэн хуйвалдаантай холбоотой 56 цагийн бичлэг олдсон гэнэ. Энэ хуйвалдаанд АНУ, Колумба, Чили тусалсан гэдэгт Вашингтон, Боготагийн зүгээс ямар нэгэн тайлбар хийгээгүй юм. Харин Чилийн засаг захиргаа утгагүй зүйлд өөрсдийг нь буруутгаж байна гэжээ. 

Нийтэлсэн: Mонголын радио

Николас Мадурог хөнөөх оролдлогоос урьдчилан сэргийлж чадлаа гэж мэдэгдэв  
Үзсэн: 804 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй