
АНУ-ын Ерөнхийлөгчийн 2020 оны сонгуульд өрсөлдөхөөр Ардчилсан намаас нэрээ дэвшүүлсэн улстөрчдийн дундах анхны халз мэтгэлцээн лхагва гарагт Флорида мужийн Майами хотод боллоо. Мэтгэлцээнийг АНУ-ын зарим телевизээр шууд дамжуулан үзүүлсэн байна.
Хоёр үе шаттайгаар зохион байгуулагдсан мэтгэлцээнээр эхний хэсэг лхагва гарагт болж, 10 оролцогч тайзнаа гарч ирсэн байна. Мөн өнөөдөр ийм тооны оролцогч тайзнаа гарч мэтгэлцэнэ.
Лхагва гарагийн орой Нью-Йорк хотын дарга Билл де Блазио, Охайо мужаас гаралтай конгрессийн гишүүн Тим Райан, Техас мужийн Сан-Антонио хотын дарга асан Жулиан Кастро, Нью-Жерси мужаас гаралтай сенатч Кори Букер, Массачусетс мужаас гаралтай сенатч Элизабет Уоррен нарын улстөрчдийн дунд мэтгэлцээн өрнөсөн юм. Тэдний дунд Уоррен сонгогчдын дэмжлэгийг авах магадлал илүү байна.
Ардчилсан намаас 2020 оны Ерөнхийлөгчийн сунгаанд өрсөлдөгчид Америкийн эдийн засаг сайжирсан эсэх асуудлаар санал бодлоо солилцож, Ерөнхийлөгч Дональд Трампыг корпорациудыг өөгшүүлсэн асуудлаар шүүмжилсэн байна. Мөн эрчүүд, эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн хөлсний тэгш байдлыг хангах шаардлагатайг онцлон тэмдэглэжээ.
Өрсөлдөгч Элизабет Уоррен “АНУ-ын эдийн засаг гайхалтай хөгжиж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ дээгүүрээ нимгэн давхарга, эмийн том компаниудыг л хамарч байгаа болохоос эм тарианы мөнгөө арай ядан төлөх хүмүүсийг хамарч чадахгүй байна” гэсэн бол Миннесота мужаас гаралтай сенатч Эми Клобушар төрийн тэргүүнээр сонгогдсон тохиолдолд залуучуудад дээд боловсрол эзэмшихэд хангалттай хөрөнгө зарцуулна. Коллежийн сургалтын зээлийг эргэн бий болгоно гэжээ. Нью-Йорк хотын дарга Билл де Блазио улс оронд мөнгө хангалттай байгаа боловч энэ мөнгө “зохих хүмүүсийн гарт” байхгүйд гол зовлон байна" гэж мэдэгджээ.
Ардчилсан намын Үндэсний хороо сонгуулийн эхний шатны хүрээнд телевизийн 12 удаагийн халз мэтгэлцээн явуулахаар төлөвлөж байна. Харин энэ удаагийн халз мэтгэлцээнийг тун доод түвшинд болж өнгөрлөө гэж АНУ-ын Төрийн тэргүүн Дональд Трамп мэдэгдсэн байна. АНУ-ын Ерөнхийлөгчийн 59 дэх удаагийн сонгууль ирэх оны 11 дүгээр сарын 3-нд болно.
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэрээ дэвшүүлсэн улстөрчид мэтгэлцэв | ||
Үзсэн: 652 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.