
Палестинчууд АНУ-ын эдийн засгийн төлөвлөгөөг хүлээж авсангүй. АНУ-аас санаачилж, Бахрайнд зохион байгуулж байгаа эдийн засгийн хурал Палестинчуудын эсэргүүцэлтэй тулж лхагва гарагт дууслаа. Палестины талаас худалдаа хөрөнгө оруулалт, эдийн засгийн энэ хурлыг улс төрийн хүсэл эрмэлзлэлийг нь улам үл тооход хүргэнэ гэсэн байна.
Хурлыг АНУ-ын Ерөнхийлөгчийн хүргэн хүү бөгөөд Цагаан ордны ахлах зөвлөх Жаред Кушнер ахлан мягмар гарагт эхлүүлсэн юм. Энэ үеэр тэрбээр удаан хүлээлгэсэн Ойрх Дорнодын энхийн төлөвлөгөө гээч төслийнхөө эдийн засгийн хэсгийг танилцуулсан. Израил Палестины талаас аль, аль нь Америкийн талаас санаачилсан эдийн засгийн хуралд оролцоогүй ч, Кушнерийн танилцуулсан 50 тэрбум долларын тусламж хөрөнгө оруулалтыг “Асуудлыг мөнгөөр шийдвэрлэх арга” хэмээн Палестинчууд шүүмжилж, хурлыг үймүүлсэн байна.
Энэ үеэр Цагаан ордны зөвлөх Палестинчуудад хандан “Тогтсон хайрцагнаасаа гарч сэтгэ” гэж хэлжээ. Тэрбээр эдийн засгийн тусламж гэж нэрлэж байгаа зүйлээ “энхийн үйл явцад тавих урьдчилсан нөхцөл, Палестинчуудад олдох зууны боломж” гэснийг хэвлэлүүд уламжилж байна. Гэвч Палестинчуудаас гадна бусад оролцогчид нь Израил, Палестины хоорондох маргааныг шийдвэрлэж чадаагүй хэмээн хурлыг шүүмжилжээ.
Дараа нь Цагаан ордны ахлах зөвлөх Жаред Кушнер Израил, Палестины буюу Ойрх Дорнодын энхийн төлөвлөгөөгөө удахгүй бэлэн болохоор нь танилцуулна гэж мэдэгдээд байна.
АНУ-ын Засгийн газраас зохион байгуулсан энэ хурлаар Дональд Трампын хүргэн хүү Жаред Кушнер, Палестин болон хөрш зэргэлдээх Арабын улсуудад дэд бүтэц, аялал жуулчлал, боловсролын салбарт 50 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийх замаар нэг сая шинэ ажлын байр бий болгохоор төлөвлөснөө танилцуулсан юм.
Мөн Палестины газар нутгууд болох Иордан голын баруун эргийг Газын зурвастай холбохоор таван тэрбум долларыг тээврийн салбарт төлөвлөж байна гэсэн юм.
Палестинчууд АНУ-ын эдийн засгийн төлөвлөгөөг хүлээж авсангүй | ||
Үзсэн: 537 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.