
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Японы Осака хотноо болох “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын өмнөхөн Их Британийн “Файнэншл Таймс” сонинд ярилцлага өгчээ.
Ярилцлагын үеэр тэрбээр дээд хэмжээний уулзалт, АНУ, БНХАУ-тай харилцаа ямар байгаа талаар болон Сирийн ажиллагаа, Сергей Скрипалийг хордуулсан асуудал зэргийг хөнджээ. Ярилцлагыг бүрэн эхээр нь Кремлийн сайтад нийтэлсэн байна.
Тухайлбал, Владимир Путин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын талаар “Ноён Трамп бол карьер хөөсөн улстөрч биш. Тэр ертөнцийг харах, АНУ-ын үндэсний ашиг сонирхлыг харах өөрийн гэсэн үзэлтэй. Жишээ нь, би түүний асуудлыг шийдвэрлэхдээ ашигладаг олон аргыг хүлээн зөвшөөрдөггүй. Гэхдээ тэр авьяаслаг хүн. Сонгогчид түүнээс юу хүлээж байгааг нарийн мэдэрдэг” гэсэн байна.
ОХУ, БНХАУ-ын харилцааны талаар “Бид хамтын ажиллагаагаа хөгжүүлэх төлөвлөгөөгөө тууштай хэрэгжүүлж байгаа улс. 2001 оноос хойш ингэж явж ирсэн” гэжээ.
Тэгвэл Умард Солонгосын асуудлаар “Умард Солонгосын аюулгүй байдлаа хангах гэсэн хууль ёсны асуудалд хүндэтгэлтэй хандах хэрэгтэй” гэсэн бол Сирид явуулж байгаа ажиллагааны талаар “Миний хүлээж байснаас ч илүү үр дүнд хүрсэн. Нэгдүгээрт, ОХУ руу ирэхээр төлөвлөж байсан олон тооны дайчныг устгасан. Хоёрдугаарт, бид газар нутгийн хувьд ойр бүх нутгийн нөхцөл байдлыг тогтворжуулж чадсан. Бас бид энэ маягаар Орос доторх аюулгүй байдлаа хангахад шууд нөлөөлж чадсан нь гуравдугаар асуудал. Дөрөвдүгээрт, бид бүс нутгийн бүх оронтой сайн, ажил хэргийн харилцаа тогтоож чадсан. Ойрх Дорнод дахь бидний байр суурь илүү тогтворжсон” гэж Владимир Путин ярьсан байна.
Үүнээс гадна тэрбээр залгамжлагчийнхаа талаар энэ ярилцлагынхаа үеэр хөнджээ. Владимир Путин “Хэтрүүлэггүй хэлэхэд би энэ тухай 2000 оноос хойш үргэлж бодож ирсэн. Нөхцөл байдал өөрчлөгдөж, хүмүүст тавих тодорхой шаардлага ч өөрчлөгдөж байна. Эцсийн дүндээ ямар нэгэн гажуудал, хэтрүүлэг, элдэв өнгө аясгүй хэлэхэд эцсийн шийдвэрийг Оросын ард түмэн гаргах ёстой” гэж мэдэгджээ.
Владимир Путин Их Британийн сонинд ярилцлага өгчээ | ||
Үзсэн: 1092 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.