Шууд Chart

Осака хотноо “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалт өнөөдөр эхэлж байна

2019-06-28 10:29:02

Японы Осака хотноо “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалт өнөөдөр эхэлж байна. Өнөөдрийн хамгийн чухал үйл явдлаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины Цагаан ордны тэргүүн Дональд Трамптай хийх уулзалт нэрлэгдэж байна.

Дэлхийн хамгийн том эдийн засагтай 20 улсыг албан бусаар нэгтгэсэн “Жи-20”-ийн дээд хэмжээний уулзалт 14 дэх удаагаа зохион байгуулагдаж байгаагаас Япон Улсад анх удаа болж байгаагаараа онцлогтой. Форум Осакагийн булангийн Сакишима хэмээх хиймэл аралд “ИНТЕКС” олон үзэсгэлэнгийн цогцолборт болж байна. Энд сэтгүүлчдэд зориулсан хэвлэлийн төв байгуулсан юм. Дэлхийн хэвлэл мэдээллийн 7000 гаруй төлөөлөл дээд хэмжээний уулзалтын үйл явдлыг мэдээлэхээр иржээ.

“Их 20”-ийн бүлэг 1999 оны 12 дугаар сарын 15-16-нд аж үйлдвэрийн хувьд хөгжсөн долоон улс болох АНУ, Канад, Их Британи, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Франц, Итали, Японы Сангийн сайд нарын санаачилгаар Берлинд зохион байгуулагдсан бага хурлын үеэр бий болжээ. Энэ бүлгийн гол зорилго нь хөгжиж буй томоохон улсуудыг олон улсын асуудалд анхаарч, авах арга хэмжээ боловсруулахад татан оруулах зорилготой байлаа. "Их 20"-ийг байгуулсан нь 1997-1998 онд Азид гарсан санхүүгийн хямралаас болж дэлхийн эдийн засагт таагүй нөлөө үүссэнтэй холбоотой юм байна.

Өнөөдөр энэ бүлэглэл эдийн засгийн тогтвортой байдлыг бий болгох, тогтвортой өсөлтийн нөхцөлийг бүрдүүлэх, санхүүгийн хямрал үүсэх эрсдэлийг бууруулах, түүнчлэн дэлхийн санхүүгийн архитектурыг дахин бий болгоход чиглэж байна. Бүлгээс гаргасан шийдвэрийг заавар мөрдөх шаардлагагүй ч Олон улсын валютын сан, Дэлхийн банк болон санхүү, эдийн засгийн бусад байгууллагаас дэмжиж байж хүчин төгөлдөр болдог байна.

Дэлхийн банкны мэдээллээс үзэхэд “Их 20”-ийн орнуудад дэлхийн нийт хүн амын 64 хувь нь аж төрж, дэлхийн Дотоодын нийт бүтээгдэхүүний 80 хувийг үйлдвэрлэж байна.

Осакад болж байгаа “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтаар хүрээлэн буй орчин, уур амьсгалын өөрчлөлт, түүнчлэн дэлхийн эдийн засаг, эрчим хүч, эмэгтэйчүүдийн эрх, боломжийг нэмэгдүүлэх асуудал, эрүүл мэндийн асуудлыг хэлэлцэнэ.

“Их 20”-ийн дээд хэмжээний уулзалт хамгийн сүүлд Аргентины Буэнос-Айрес хотод 2018 оны 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 1-ний өдрүүдэд зохион байгуулагдсан юм. 

Нийтэлсэн: Mонголын радио

Осака хотноо “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалт өнөөдөр эхэлж байна   
Үзсэн: 763 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй