
“MNB-гийн хүүхдүүд“ цэцэрлэгийн 2019-2020 оны хичээлийн жилийн нээлт өнөөдөр боллоо.
Нээлтэд МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамц, Байгууллагын Хөгжлийн Газрын дарга Т.Батзориг нарын зэрэг эрхмүүд оролцож, эцэг эхчүүд, хүүхэд багачуудын баяр хөөрийг хуваалцлаа.
Тус цэцэрлэгт энэ хичээлийн жилд таван бүлэг, 150 орчим хүүхэд суралцах бөгөөд нийт хүүхдүүдийн 70 орчим хувь нь МҮОНРТ-ийн ажилтан, уран бүтээлчдийн хүүхдүүд юм.
МҮОНРТ-ийн удирдлагуудын санаачлагаар ажилчдынхаа хүүхдүүдийг оруулж, аав ээжийнх нь ажлыг хөнгөвчлөх зорилгоор 2017 онд тус цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлүүлж байсан бол энэ хичээлийн жилд нийт хүүхдийн 30 гаруй хувь нь хамран сургах тойрогт багтсан Чингэлтэй, Баянгол дүүргийн айл өрх, иргэдийн хүүхдүүд хамрагдаж байна.
Сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн оюун ухаан, нийгэмшихүй, бие бялдрын хөгжлийг хангаж, тэднийг сургуульд бэлтгэх, хайрлан хүндэтгэж, өв тэгш, эрүүл чийрэг, өсөн бойжих, авьяас чадварыг нь нээн хөгжүүлэх, стандартад нийцсэн эрүүл, аюулгүй хоол хүнс, эрсдэлгүй орчинд хөгжих боломжоор хангаад байна. Энэ нь уг цэцэрлэгт суралцдаг хүүхдүүдийн ар гэрийнхний талархлыг хэдийнээ хүлээгээд буй.
“MNB-гийн хүүхдүүд“ цэцэрлэгийн хувьд багш хүүхэд нэг бүртэй ажиллах боломжтой байх бөгөөд тэдэнд амт чанар илчлэг сайтай хоол хүнс, жимс жимсгэнэ, хүнсний ногоогоор үйлчилж, ажлын өдрүүдэд 08:00-аас 20:00 цаг хүртэл ажилладаг онцлогтой.
Тус цэцэрлэг нь 2019-2020 оны хичээлийн жилд бага насны хүүхдийг өөртөө итгэлтэй, хамтач, нөхөрсөг, бие даах чадвартай, Монгол ардын уламжлалт ёс заншлыг өвлүүлж, уламжлалт тоглоомоор хүүхдийг хөгжүүлэх, хүүхэд бүрийн төлөө багш, эцэг эх, олон нийтийн хамтын бүтээлч үйл ажиллагааг өрнүүлэх зорилготой ажиллаж байна.
Нээлтийн үеэр уг цэцэрлэгт суралцдаг багачууд дуу дуулж, шүлэг уншин хүрэлцэн ирсэн аав ээж, багш нартайгаа баяраа тэмдэглэлээ.
Т.Батзориг: Манай цэцэрлэг улсаас хэрэгжүүлж байгаа бодлогын хүрээнд байгуулагдсан
МҮОНРТ-ийн Байгууллагын Хөгжлийн Газрын дарга.
Манай байгууллагын цэцэрлэг энэ жилээс хүүхэд багачуудынхаа сургалтын агуулгад илүү анхаарах төлөвлөгөөтэй байгаа. Түүнчлэн сургуулийн өмнөх насныханд боловсрол олгох хөтөлбөр стандартын дагуу явагдах ёстой. Үүнийг ч алдагдуулалгүй ажиллана. Мөн манай цэцэрлэг улсаас хэрэгжүүлж байгаа бодлогын хүрээнд байгууллгын дэргэд байгуулагдсан. Энэ дашрамд, нийт багачууддаа хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе.
С.Нямжав: Энэ жилээс соробан сампинаар хүүхдүүдээ хичээллүүлнэ
“MNB хүүхдүүд” цэцэрлэгийн эрхлэгч.
2019-2020 оны хичээлийн жилд манай цэцэрлэг 120 гаруй хүүхэд хамруулан ажлаа эхлүүлж байна. Энэ хичээлийн жилд бид Монголынхоо ёс заншлыг өвлүүлэх, ардын тоглоомоор оюун ухааныг нь тэлэх зорилготойгоор ажиллана. Түүнчлэн оюун ухааны академитэй хамтран хүүхдийн баруун, зүүн тархийг хөгжүүлдэг соробан сампинаар хичээллүүлнэ. Өнгөрсөн жил манай цэцэрлэгээс бэлтгэл бүлгийн 20 хүүхэд төгссөн бол энэ жил шинээр 50 гаруй хүүхэд элсээд байна. ажлын байрны хувьд таван бүлэгт 10 багш ажиллана.
Б.Одонтунгалаг: Хүүгээ аавынх нь ажлын хамт олны хүүхдүүдтэй нэг анги болгож байгаад баяртай байна
“MNB хүүхдүүд” цэцэрлэгийн бага “Б” бүлгийн хүүхэд Б.Тод-Эрдэний ээж.
Манай хүү энэ жил анх удаа цэцэрлэгт орж байгаа юм. Ялангуяа “MNB хүүхдүүд” цэцэрлэгийн босгоор хүүгээ алхуулж байгаадаа би их баяртай байна. Учир нь манай гэр бүлийн хүн “MNB World” сувагт сэтгүүлчээр ажилладаг. Тиймээс аавынхаа ажлын хамт олны хүүхдүүдтэй нэг анги болж байгаа нь сайхан санагдаж байна. Хожим дурсах ч юм элбэгтэй болно байх. Мөн намайг зав чөлөөгүй үед хүү маань аавтайгаа хамт албандаа яваад орой харихдаа цугтаа ирэх нь залуу гэр бүл бидний ажилд маш их хөнгөвчлөгдөх юм.






“MNB-гийн хүүхдүүд“ цэцэрлэгийн нээлт боллоо | ||
Үзсэн: 2026 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.