Шууд Chart

Хандлагаа өөрчилье

2014-03-19 09:51:46

Монголын үндэсний олон нийтийн цахим хуудас MNB.mn, Олуулаа клуб, Иргэний нийгэм, Хүний хөгжлийн хорооноос санаачлан, Монгол Улсын Жендэрийн Үндэсний хороо, Хүний Эрхийн Үндэсний комисс, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл нарын байгууллагууд хамтран зарласан “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нэгдэцгээе” сэдэвт асуудал дэвшүүлсэн нийтлэлийн уралдаанд ТЭРГҮҮН БАЙР эзлэсэн News.mn сайтын сэтгүүлч Б.Энхмандахын “ Хандлагаа өөрчилье” нийтлэлийг хүргэж байна.

- * -

"Хандлагаа өөрчилье"

“2014 онд охид эмэгтэйчүүд, хүүхэд ахмадуудын эсрэг хүчирхийллийг бууруулах, таслан зогсооход онцгой амжилт гаргахын төлөө ажиллах болно... Гэр бүлд эрхийн, хөрөнгө мөнгөний, ёс зүйн, бие махбодийн, бэлгийн, сэтгэл санааны зэрэг хүчирхийллүүд оршиж байна. Бүгдээрээ жинхэнэ эрчүүд байя, Охид бүсгүйчүүдээ хамгаалъя” хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж энэ он солигдох босгон дээр хэлжээ. Яагаад ийнхүү онцлов гэдгээс өнөөдрийн сэдэв тодорно. Шалтгаан нь гэр бүлийн хүчирхийлэл гэдэг зөвхөн хөндөх биш хөндүүр сэдэв болтлоо томорсонд байна. Үүнийг өөрчлөхийн тулд асуудлыг харах хандлагаа өөрчлөх ёстой мэт.

НИЙГМИЙН ХАНДЛАГА БУЮУ “ИЛЖИГ БИШ Л БОЛ ДУУДЛАГА ӨГЬЕ”

“Муу эр мод чулуу” гэдэг байсан бол одоо юуны түрүүнд хутга шөвгөндөө хүрдэг болж, “Эрийн муу эмд” гэдэг байсан бол одоо хүч муутай эмэгтэйчүүдэд бяраа гаргаж “хүүхэд ч хамаагүй зодно” гэж дөвчигнөх муу эрчүүд олширч. Эдгээр эрэгтэйчүүдээс гадна өөр нэг зүйл олширч. Цээрлэн, уламжлан ирсэн дээрх үгсийг мартсан хэрнээ “эр эмийн хооронд илжиг бүү жороол” “Амьд хүний гэрч болсноос үхсэн хүний дэр бол” гэх үгсийг мөрдлөг болгогчид дэндүү олон болжээ. “Бусдын хэрэгт оролцохгүй, гай болно” гэх энэ гажиг сэтгэхүй гэмт хэрэгтнүүдийг улам гааруулсаар. Хүчирхийлэл буюу хүний эрхийн зөрчил үйлдэгдэхэд зайлшгүйгээр нөхцөл байдал нь бүрдсэн байдаг. Харамсалтай нь уг нөхцөл байдлыг бид өөрсдөө тордон усалж “хүчирхийлэл” хэмээх хогийн ургамлыг ургах таатай хөрсийг бүрдүүлсээр байх ажээ.

Хөрш чинь эхнэр хүүхдээ зодож байгааг мэдсээр байж “удалгүй гайгүй болох байлгүй” гэж орхих, ажлын чинь бүсгүй хөхөрсөн нүдтэй ирснийг харсаар байж эрхээ хамгаалахын оронд “муусайн эрчүүд ийм байдаг” гэх мэтээр хамт муулсан болоод л өнгөрөөж байгаа бол та гэмт хэргийн талаар мэдээлэлгүй өнгөрч байгаа хэрэг. “Шударга бус зүйлийн хажуугаар чимээгүй өнгөрснөөрөө өөрөө тэрхүү шударга бус зүйлд оролцож байна” гэдэг. Үүнийг зөвхөн ёс суртахууны асуудал гэвэл бас үгүй. Хэрэв та гэмт хэргийн талаар мэдээлээгүй бол өөрөө гэмт хэрэгтэн болж буйгаа ч ойлгох хэрэгтэй. Энэ тухай Эрүүгийн хуульд “Гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байгааг болон үйлдсэнийг мэдсээр байж зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй этгээдийг үл мэдээлэгч гэнэ.

Энэ хуулийн тусгай ангид нэрлэж заасан гэмт хэргийг үл мэдээлсэн, нуун далдалсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ. Гэвч энэ нь гэмт үйлдэл бүхний дундуур гүйж ороод өөрийгөө эрсдэлд оруул гэсэн үг биш. Зүгээр л юу ч хийхгүйгээр орхиж болохгүйг л хэлж буй хэрэг. Эрх нь зөрчигдөж буй нэгнийг өөрийн биеэр хамгаалж чаддаггүй юм бол ядаж хуулийн байгууллага руу ганц дуудлага хийчих сэтгэл олон хүнд дутаж байна. 102 руу дуудлага хийх нь өөрийгөө ямар нэг хэрэгт хутгаж байгаа биш, иргэнийхээ үүргийг биелүүлж, магадгүй гэмт хэрэгтэн болохоос чинь аварч байгаа зүйл.

“Эр эмийн хооронд илжиг бүү жороол” хэмээн өөрийгөө илжиг мэт төсөөлсөөр л явах уу. Илжиг шиг биш байхын тулд ядаж ганц дуудлага өгчихөж яагаад болохгүй гэж.

ХЭВЛЭЛИЙНХНИЙ ХАНДЛАГА БУЮУ ХӨНДӨХ БИШ ХӨДӨЛГӨХ СЭДЭВ

Зарим сайтад ямар мэдээлэл хамгийн их хандалттай байгааг харах тохиргоо бий. Эдгээрээс нэгэн зүйлийг харж болно. Гэр бүлийн хүчирхийллийн тухай асуудал хөндсөн бичлэг болоод Жастин Вибэрийн ээлжит дүрсгүйтлийн тухай мэдээний хандалт хол зөрөөтэй байна. Хүмүүс гэр бүлийн хүчирхийлэл, найз залуугаа зодсон залуу, хүүхдээ зодсон аавын тухай мэдээллээс илүүтэй Холливудын хоёр жүжигчний хэн нь хэнийхээ араар тавьсан гэдгийг илүүтэй сонирхож байна. Өөрөөр хэлбэл, зарим сэдвээс уйдчихаж.

Хэвлэл мэдээллийн байгууллагуудын тоо, сэтгүүлчдийн тоо нь “ноолж болох” хэдэн сэдвээс уйдахад хүргэсэн ч байж болох юм. Амтай болгон нь ярьж, бичих боломжтой бүхэн нь бичсээр. Уг нь ийнхүү олны анхаарлын төвд байх нь зарим талаар сайн ч, саар нөлөөг ч бас бий болгож байна. Үнэхээр санаа авахуйц зүйл бичиж, асуудлыг бүтээлчээр хөндөж, санал санаачилга гаргасан, эрх мэдэлтнүүдийн сонорт хүрэхүйц мэдээ мэдээлэл бүхий материал нь өдөр бүрийн өнөөх ноолуулсан мэдээллээс ялгарах аргагүй болж байна. Иймдээ ч энэ талаар нэгэн жиргээч “нөхөртөө зодуулж үхлээ гэж шуугих биш, гэр бүлийн хүчирхийлэл юунаас болж гарч байгааг судалсан сэтгүүлчид байна уу” гэх шүүмжлэлийг хэлжээ. Угтаа бол, яахын аргагүй хэвлэлийнхний хувьд бичих зүйлгүй болонгуут хөндөөд орхидог нь биш хөдөлгөж өөрчлөх сэдвийн нэг нь гэр бүлийн хүчирхийлэл байх ёстой. Хэрхэн тамласан тухай нь “гарын авлага”-аас илүүтэй, хэн хэн гэдэг хүн оролцсон гэх хов живээс илүүтэй яагаад ийм зүйл болсон учир шалтгааныг ухсан мэдээллийн араас явмаар байна. Гэр бүлийн хүчирхийлэл эмэгтэйчүүдийг ялтан болгож байгааг, хичээлээ тараад гэртээ харих дургүй хүүхдүүдийн тухай, ямар нөхцөл байдал хүчирхийллийн хөрс болдог тухай, ямар зохицуулалтаар хохирогчдыг хамгаалж болох тухай мэдээллийг дэлгэмээр байна.

ТӨРИЙН ХАНДЛАГА БУЮУ БОДЛОГОО ЗӨВ ЧИГЛҮҮЛЬЕ

Телевизийн нэгэн шоу нэвтрүүлэг. Хөтлөгч залуу олны танил эрхэмд даалгавар өгнө. Тэр нь гудамжаар явж буй хэн нэгний авч буй зүйлийг булааж зугтах. Мөн энэ даалгавраа гурвантаа давтах ёстой. Өнөөх нэвтрүүлгийн оролцогч “од” гудамжаар алхах хүмүүсийг ажиглаж байгаад гүйнэ. Эхний хохирогч нь хөл муутай эмгэн. “Од” ухасхийж, эмээгийн авч явсан цайны боов суга татагдан алга болно. Дараагийн хохирогч, хүүхдээ хөтөлсөн эмэгтэй. Жаалынх нь малгайг шүүрч аваад зугтахад эмэгтэй хүүгээ тэврээд л хоцров. Хойноос нь хашгирсан ч үгүй. Сүүлийн оролцогч өөр нэг өндөр өсгийт. Тэр хашгираад л хоцров. Даалгавар ийн амжилттай өндөрлөж, хохирогчдоос уучлалт гуйна. Хөтлөгч залуу оролцогчоос хохирогчдоо хэрхэн сонгосон тухай асууна. Хариулт нь ойлгомжтой байлаа. Оролцогч “биеэ хамгаалах чадваргүй, сул дорой, гол нь эмэгтэй хүн байвал даалгавраа амжилттай биелүүлнэ” гэж бодсоноо хэлэв. Яг л ийм шалтгаан эмэгтэйчүүдийг гэмт хэргийн, хууль бус үйлдлийн хохирогчид болгодог байх нь. Судалгаа ч үүнийг нотлов.

Уг нь хүйсийн харьцаа Монгол Улсын хувьд бараг 50:50 хувьтай. Гэтэл Монгол Улсад үйлдэгдэж буй нийт гэмт хэргийн хохирогчдын 70 орчим хувь нь эмэгтэйчүүд байна. Эсрэгээрээ гэмт хэрэг үйлдэгсдийн 70 илүү хувь нь эрэгтэйчүүд. Өөрөөр хэлбэл, эмэгтэй болж төрснөөрөө хохирогч болох магадлал өндөрсөж буй хэрэг. Өөр нэг тоон харьцааг харцгаая. Энэ бол 70:30. Тодруулбал, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл буюу хүний эрхийн уг зөрчлийг арилгахын тулд авч буй арга хэмжээний 70 хувь буюу дийлэнх хэсэг нь “хохирогчдод” чиглэсэн байдаг. Харин “хүчирхийлэгч” рүү үр нөлөөтэйгөөр хандсан арга хэмжээ төдийлөн үгүй бөгөөд уг харьцааг хувиар авч үзвэл 70:30 орчим байгаа юм. Гэтэл эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй гэмт үйлдлийн учир шалтгаан хохирогчоос бараг хамаардаггүй бөгөөд “хүчирхийлэгчийн” санаа бодлоос шууд хамааралтай байдгаас нь авч үзвэл хэнд нь хандсан үйл ажиллагаа явуулах нь илүү үр дүнтэй байхыг тооцох учиртай.

Эмэгтэйчүүдийн эрхийн зөрчлөөр тэргүүлэгч Энэтхэг мэт орнуудад л хохирогчдоос шалтгаалдаг гэж үзэж “Энэ эмэгтэй өөрөө нимгэн хувцас өмсөж явсан нь хүчиндүүлэх сэдэл төрүүлсэн”, “Тэр оюутан охин өөрөө дотуур байрандаа очсон байх ёстой байтал гадуур явж байсан” гэх мэтээр буруутгасан жишээнүүд ч элбэгтэй.

Магадгүй дээрх тоон харьцааг эсрэгээр нь 30:70 болговол эерэг үр дүн гарах биз. Гэхдээ 70 хувьтай байсан зүйлийг 30 хувь болгоно гэдэг нь хохирогчдод хандсан ажлыг багасгахын нэр биш. Хэрчмийг богино болгохын тулд тайрах биш, хажууд нь илүү урт хэрчмийг бий болгоход л хангалттай.

Хандлагаа өөрчилж, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нэгдэцгээе!


Хандлагаа өөрчилье   
Үзсэн: 4760 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй