Шууд Chart

ЭЗБХ: Хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжиж, Ажлын хэсэг байгуулав

2019-12-18 15:51:37

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 10 цаг 38 минутад, гишүүдийн 52,6 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн.

Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Д.Дамба-Очироос 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Энэ талаар төсөл санаачлагч гишүүн танилцуулгадаа, Хуулийн төслийн гол зорилго нь хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах гэсэн ойлголт бүхий л салбарт мөрдөгдөж байгаа боловч Монгол Улсын өнөөгийн бүтэц, зохион байгуулалт нь хангалтгүй байна. Санхүүгийн хэрэглэгчийн судалгааг Улаанбаатар хот, 20 аймгийн 3527 иргэнд санамсаргүй түүврийн аргаар хийхэд, судалгаанд оролцогчдын 50 хувь нь санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар бүрэн мэдээлэл авч чаддаггүй гэсэн бол гурван хүн тутмын нэг нь санхүүгийн үйлчилгээтэй холбоотой ямар нэгэн хүндрэлтэй тулгарч байсан гэсэн хариулт өгсөн байна. Хуулийн төслийн нэг зорилго нь санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчийн санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд тавих шаардлагыг тогтоох, нөгөө талаас хэрэглэгч нь өөрт тохирсон үйлчилгээ авахдаа санхүүгийн мэдлэг, боловсролыг үнэ төлбөргүйгээр авах, гомдол маргааныг мэргэшсэн байгууллагуудаар хурдан шуурхай шийдвэрлэхэд оршиж байгаа юм. Мэдээлэл хийгээд үндсэн эрхээ хамгаалуулсан хэрэглэгч нь санхүүгийн салбарт санхүүгийн сахилга батыг төлөвшүүлэх гол хүчин зүйл болоод зогсохгүй санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчид мэдээлэл муутай иргэдээс ашиг хонжоо олох бус, үйлчилгээний чанар чансаагаар өрсөлдөхөд түлхэц болох юм.

Хуулийн төсөл батлагдсанаар санхүүгийн хэрэглэгчийн мэдлэг, боловсрол дээшилснээр өөрт тохирсон үйлчилгээ, бүтээгдэхүүнийг зөв сонгон хэрэглэх, ирээдүйд үүсэх санхүүгийн хямралаас өөрийгөө хамгаалах чадвартай болно. Мөн санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагын бүтээгдэхүүнд тавигдах шаардлагыг зөв тогтоосноор шударга өрсөлдөөнийг бүрдүүлэх, санхүүгийн байгууллагын урт хугацаанд тогтвортой ажиллахад дэмжлэг үзүүлнэ гэж төсөл санаачлагч үзжээ. Хуралдаанд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны холбогдох албан тушаалтнууд оролцсон.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Д.Дамба-Очир, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Ганбаатар, С.Чинзориг, Б.Жавхлан нар асуулт асууж, санал хэлж байр сууриа илэрхийлсэн. Гишүүдийн зүгээс хуулийн төсөл нь соён гэгээрүүлэх тунхагийн шинжтэй байгааг анхаарч, банкууд зээлийн хүү, торгуулиа түрүүлж авч, үндсэн зээлээс хасалт бага хийснээр иргэдийг санхүүгийн дарамтад оруулдгийг онцолж байлаа. Нөгөөтэйгүүр, банк бус санхүүгийн байгууллага, ломбардад нийтдээ 30 гаруй тэрбум төгрөг эргэлдэж байгааг онцлоод иргэд мөнгөө хөрөнгийн зах зээлрүү оруулж эргэлдүүлэх бус хадгаламжийн хүү өндөр байгаа тул мөнгө хүүлэх сонирхолтой болсонд зохицуулалт хийх шаардлагатай гэв. Түүнчлэн банкны бүтээгдэхүүний түвшинд зохицуулалт хийж хэрэглэгчийн эрхийг нь хамгаалж, асуудлыг өргөн хүрээнд харж, санхүүгийн бүх секторын асуудлыг төсөлд тусгах шаардлагатай байна гэж байлаа.

Ингээд Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжсэн. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Я.Содбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.


ЭЗБХ: Хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжиж, Ажлын хэсэг байгуулав  
Үзсэн: 1078 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй