
“Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр”-ийн хоёр дахь шатны Хөгжлийн бодлогын санхүүжилтийн хүрээнд Монгол Улс, Олон улсын ассоциаци хоорондын Санхүүжилтийн хэлэлцээр болон Монгол Улс, Олон улсын хөгжлийн сэргээн босголт хөгжлийн банк хоорондын Зээлийн гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцсэн.
Хуулийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ нар тус тус танилцууллаа.
Монгол Улсын Засгийн газраас Олон улсын валютын сантай хамтран хэрэгжүүлж байгаа “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн санхүүжилтийн багцын хүрээнд Дэлхийн банкнаас төсвийн дэмжлэг болгон “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр”-ийг 3 үе шаттайгаар хэрэгжүүлэн Хөгжлийн бодлогын санхүүжилт авахаар харилцан тохиролцсон. Хөтөлбөрийн санхүүжилт болох 100 сая ам.долларыг Дэлхийн банкнаас авахаар тохиролцож, Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын санхүүжилтийн хэлэлцээр болон Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын зээлийн гэрээг 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан гэдгийг Сангийн сайд танилцуулгадаа дурдав.
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаар урьдчилан зөвшилцсөн “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр"-ийн хоер дахь шатны Хөгжлийн бодлогын санхүүжилтийн хүрээнд Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан Санхүүжилтийн хэлэлцээр болон Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулсан Зээлийн гэрээ соёрхон тухай хуулийн төслийг Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлснийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн. Энэ үеэр асуулт асууж, үг хэлэх гишүүд гараагүй тул хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг дэмжиж, соёрхон батлах нь зүйтэй гэж үзсэнийг Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ танилцуулгадаа онцолсон.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр”-ийн хоёр дахь шатны Хөгжлийн бодлогын санхүүжилтийн хүрээнд Монгол Улс, Олон улсын ассоциаци хоорондын Санхүүжилтийн хэлэлцээр болон Монгол Улс, Олон улсын хөгжлийн сэргээн босголт хөгжлийн банк хоорондын Зээлийн гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 52.5 хувь нь дэмжлээ.
Дараа нь Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импортын банк хоорондын зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцсэн.
“Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”- ийн тухай хуулийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ нар тус тус танилцууллаа.
Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.70-д “Газрын тосны олборлолтыг тогтвортой нэмэгдүүлэн, газрын тос боловсруулах үйлдвэр байгуулна" гэсэн зорилт дэвшүүлсэн. Улсын Их Хурлаас 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хоорондын 1.0 тэрбум ам.долларын Зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон баталсан бөгөөд Засгийн газрын 2017 оны 59 дүгээр тогтоолоор дээрх хэлэлцээрийн хүрээнд “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийг хэрэгжүүлэхээр тогтсон. Төслийн техник-эдийн засгийн үндэслэлийг Энэтхэгийн “Инженерс Индиа Лимитед” компани боловсруулж, үйлдвэрийн хөрөнгө оруулалтын зардлыг 1.236 сая ам.доллар гэж тооцоолсон тул нэмэлт 236 сая ам.долларын санхүүжилт шаардлагатай болсон. Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импортын банк хооронд 2019 оны 10 дугаар сарын 9-ний өдөр шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэр болох 236.0 сая ам.долларын зээлийн хэлэлцээрийг байгуулсан гэж төслийн танилцуулгад дурджээ.
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар тус тус урьдчилан зөвшилцсөн Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экслорт-Импортын банк хоорондын зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлснийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн. Энэ үеэр асуулт асууж, үг хэлэх гишүүн гараагүй тул хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, соёрхон батлах нь зүйтэй гэж үзсэнийг танилцуулгад дурдав.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 56.2 хувь нь дэмжсэн.
Хуралдааны төгсгөлд Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Хуулийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ нар тус тус танилцууллаа.
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын гурав дахь удаагийн 40 сая еврогийн Санхүүгийн хамтын ажиллагааны анхны хэлэлцээрийг Вена хотноо 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотноо 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр гарын үсэг зурж байгуулаад байгаа аж. Энэхүү 40 сая еврогийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн зээлийн ерөнхий нөхцөл нь зээлийн хүү (жилийн) 0 хувь, зээлийн хугацаа 26.5 жил хүртэл, зээлийн үндсэн төлбөрөөс 12 жил чөлөөлөгдөнө. Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрт тусгагдсанаар хөнгөлөлттэй зээлээр дэд бүтэц, хотын усан хангамж, эрүүл ахуй, бохир ус, хог хаягдал, төмөр замын болон замын хөдөлгөөний аюулгүй байдал, боловсрол, мэргэжлийн боловсролын сургалт, эрүүл мэнд, иргэний хамгаалал, хөдөө аж ахуй, бусад нийгмийн дэд бүтцийн салбаруудын төслүүдийг хэрэгжүүлэх боломжтой гэж төслийн танилцуулгад дурджээ.
Хуулийн төслийн талаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэх үеэр асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуулийн төслийг батлах нь зүйтэй гэж үзсэн аж.
Хуулийн төслийн танилцуулга, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Австри улс соёл, урлаг тэр дундаа теартын барилгаар мэргэшсэн. Австричуудын хувьд теарын барилга, тайзны гэрэлтүүлэг зэрэг асуудалд мэргэшсэн тул тэрхүү чиглэлд дэмжлэг үзүүлэх хүсэлтэй байдгаа илэрхийлж байсан. Тиймээс улс орнуудаас авч байгаа буцалтгүй тусламж, зээлийг төрөлжүүлэх, чанаржуулах талаар барьж байгаа бодлого бий эсэхийг лавлав.
Сангийн сайд хариултдаа, Австрийн талаас энэ чиглэлээр санал тавьсан учир нэмэлт зээлийн хүрээнд соёлын салбаруудыг нэмсэн гэж байлаа.
Ингээд Байнгын хорооны саналаар Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлахыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх 62,5 хувь нь дэмжив.
Чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталсан Монгол Улмын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсө болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн найруулгыг сонслоо
Санхүүгийн хамтын ажиллагаа, Зээлийн гэрээ, хэлэлцээрийн төслүүдийг соёрхон баталлаа | ||
Үзсэн: 987 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.