Шууд Chart

УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа

2020-01-09 16:52:36

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.01.09/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.

Тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн С.Бямбацогт уншиж танилцууллаа.

Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд уг нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх ажлыг Улсын Их Хурлаас баталсан хуваарийн дагуу хийхээр заасантай холбогдуулан Улсын Их Хурал 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн билээ.

Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үед УИХ-ын гишүүдээс санал хэлсэн бөгөөд УИХ-ын даргаас Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-т заасны дагуу тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ гишүүдээс гаргасан санал болон төсөл, түүний хавсралтын үг, найруулгыг Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалд нийцүүлэн гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу ажлын дэд хэсгийг байгуулан ажиллалаа хэмээн танилцуулсан юм.

Тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх үед тогтоолыг дагаж мөрдөх хугацаа, тогтоолын хавсралтад “төрийн нийтийн өмч”-ийн зохицуулалттай холбоотойгоор холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар нэмэх болон хавсралтаас зарим давхардсан хуулийн төслийг хасахтай холбоотой зарчмын зөрүүтэй 4 санал, тогтоолын төслийн хавсралтын үг, найруулгыг Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалтай нийцүүлэх найруулгын шинжтэй 3 бүлэг саналаар санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн гэлээ.

Тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа зарчмын зөрүүтэй болон найруулгын шинжтэй саналуудаар санал хураалт явуулж дуусан, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар тогтоолыг эцэслэн баталлаа.


УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа  
Үзсэн: 721 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй