Шууд Chart

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

2020-01-09 16:56:03

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Хуулийн төслийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа.

Мөнгө угаахтай тэмцэх, санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллагаас 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хурлаар Монгол Улсыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтад оруулснаа зарлан, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх тогтолцоог сайжруулах талаар хугацаатай ажлын төлөвлөгөө өгсөн.

Монгол Улсын хувьд тус жагсаалтаас гарахгүй удсан тохиолдолд эдийн засгийн өсөлт саарах, улс орны нэр хүндэд сөргөөр нөлөөлөх эрсдэл дагуулж болзошгүй тул ФАТФ-тай тохирсон ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна хэмээн Сангийн сайд мэдээллээ.

Үүнтэй холбогдуулан уг жагсаалтаас Монгол Улсыг гаргах талаар холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх ажлыг уялдуулан зохицуулж, удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллах үүрэг бүхий ажлын хэсгийг Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 172 дугаар захирамжаар байгуулж, энэхүү ажлын хэсгээс боловсруулсан Монгол Улсыг ФАТФ-ын стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтаас гаргах талаар авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний төлөвлөгөөнд холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулахаар тусгасан байна. Тиймээс хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, “мэдээлэх үүрэгтэй этгээд”-д хамаарах хуульд заасан үүргийн хэрэгжилтийг хангах, тэдгээртэй холбоотой зохицуулалтыг нийцүүлэх, “мэдээлэх үүрэгтэй этгээд”-д тавигдах хяналт шалгалтын тогтолцоог сайжруулах, хууль зөрчсөн хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх хариуцлагын тогтолцоог сайжруулах, төрийн байгууллагын хамтын ажиллагааны уялдааг бэхжүүлэх зорилгоор хуулиудын төслийг боловсруулсан гэлээ.

Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж танилцуулав.

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор зарим нэр томъёог тодорхой болгох, мэдээлэх үүрэгтэй этгээдээс мэдээллийг цахимаар Санхүүгийн мэдээллийн албанд хүргүүлэх, мөнгө угаахтай холбоотой зарим гэмт хэрэг, зөрчилд хүлээлгэх хариуцлагыг чангатгах, мэдээлэх үүрэгтэй этгээдэд тавих хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох, төрийн байгууллагын хамтын ажиллагааны уялдааг сайжруулах зохицуулалтыг тусгасан хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн Ж.Батзандан Олон Улсын Санхүүгийн хориг арга хэмжээг хэрэгжүүлэх байгууллагаас манай улсад тодорхой зөвлөмжүүдийг ирүүлж байгаа бөгөөд тухайлбал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа хэргийг шийдвэрлэхэд ахиц гарахгүй байгааг дурддаг, үүнийг хуулийн төслөөр шийдвэрлэсэн эсэх, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар саарал жагсаалтаас гарах талаар авч хэрэгжүүлж байгаа төлөвлөгөө болон гарч байгаа хүндрэлтэй асуудлын талаар асуулт асууж, хариулт авсан гэлээ.

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлсэн. Гишүүд авлигын гэмт хэргээс үүдэлтэй эдийн засагт учирч буй хохирол, түүний тооцоо, судалгаа, мөнгө угаахтай холбоотой гэмт хэргийг шийдсэн байдал яагаад тийм цөөн байгаа талаар тодруулж байлаа. Хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.


Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив  
Үзсэн: 1030 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй