Шууд Chart

Нууц дарамтлал

2014-03-31 15:17:44

Монголын үндэсний олон нийтийн цахим хуудас MNB.mn, Олуулаа клуб, Иргэний нийгэм, Хүний хөгжлийн хорооноос санаачлан, Монгол Улсын Жендэрийн Үндэсний хороо, Хүний Эрхийн Үндэсний комисс, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл нарын байгууллагууд хамтран зарласан “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нэгдэцгээе” сэдэвт асуудал дэвшүүлсэн нийтлэлийн уралдаанд бүтээлээ ирүүлсэн сэтгүүлчдийн нийтлэлийг хүргэж байна.

Нууц дарамтлал

(Цайгаа хувааж уухын учир...)

    Тэрээр сүүлийн жилүүдэд нойрондоо муудан, хэдэн цагаар эргэж хөрвөж байснаа, нэг мэдэхэд зүүрмэглэчихсэн байдаг гэнэ. Одоо яг энэ цаг мөчид нойр нь хулжин бодолд автаад байв.
   ... Муу нөхөр минь таалал төгсөөд гурван жил өнгөрч байна. Сайн сайхан ханьтай байлаа. Энэ хорвоо над жаргал өгсөөн. Харамгүй өгсөн. Хоёр сайхан хүү охин хайрласан. Манайх дутах гачигдах зүйлгүй айлын л дайтай айл явсандаа.
    .... Хүүгийн байж байгаа царайг. Архины мөнгө нэхэж аваад л алга болно. Одоо бүр сураггүй боллоо.  Баянхонгорын найз дээрээ очиж зунжина гэж байсан, тийшээ яваа юм болуу?!  Охин ч яахав, хүний хүн болсон. Бүр, далайн цаад орны хар арьстан хүний тогоо барьж суугаа. Жилдээ нэг удаа утсаар мэнд мэдэх нь амьдын баталгаа юм даа. За яахав, сайн л явбал болж.
     .....Манай ард түмний дунд яасан үнэн үг байдаг вэ?  “Ганц мод гал болдоггүй. Ганц хүн, айл болдоггүй” гэж.  Гурван жил ганцаараа явлаа. Ганцын зовлон гэж ямар бэрх зүйл байдаг юм бэ? Багшийн тэтгэврийн хэдэн төгрөг болж байна аа. Хувцас хоол унд, дутах юм алга. Ганцаардал гэдэг л хэцүү юм байна. Дөнгөж тавь гарч байдаг. Энэ хорвоог ганцаараа туулна гэдэг хэцүүеэ....
    .... Цайгаа хуваагаад уучихмаар хүн ч байх юм аа. Д. дажгүй л хүн юм. Арван хэдэн насны зөрүү ч хамаагүй л дээ. Аяга цайгаа л хуваагаад ууж байвал!  Тэр, хэзээ л бол хэзээ хүрээд ирнэ. Хүүд минь сайн. Ааваас нь өөрцгүй эцгийн халамж тавьж чадна даа. Юу ч болсон найз нараасаа зөвлөгөө авдаг юм билүү... ийнхүү бодож хэвтсэн хүн бол бидний дотны танилуудын нэг У.
    Баахан шивнээ, яриа болж байгаад тэр хоёр хамтран амьдрахаар болж билээ. Д. гэж жараад насны эрэгтэй, Бэлхийн хашаан дахь таван ханатаа дарж орхичихоод аравдугаар ангийн охиноо дагуулан У-гийнд ирж байснаас хойш бас л нэлээд хугацаа өнгөрч. Хүний орчлонд байдаг л нэг амьдрал ийнхүү эхлэж билээ.
    Утсаар хааяа ярина. Болж байна, гайгүй сайхан амьдарч байна гэнэ. Хоёр нөхөр маань найз нөхөд, хамаатан садны хүрээнд бэсрэг цай ууснаас хойш, бид уулзалдалгүй нэлээн удчихаж.
    Нэг өдөр У маань утсаар ярьж байна. “Би ер нь юу л болчихов доо. Хэдүүлээ уулзаж яримаар нэг юм байна” гээд Яргайтын зуслангийн хошуурч орж ирсэн хадат толгой дээр болзлоо. Зуны дулаахан орой. Бид хэд, дэвсгэр, идэж уух зүйлтэйгээ очиж оройжин хөөрөлдлөө. У маань “Өнөөх чинь архи уудаг юм байна” гэж яриагаа эхлэсэн сэн.  Хар шилээ авч хавдар болсон нүдээ хүртэл үзүүллээ.
      Би, “Гайгүй байлгүй дээ” гэж найзынхаа сэтгэлийг заслаа. У маань “Нэг л биш ээ” гээд санаа алдаж байсансан. Надад өөр зөвлөмж олдсонгүй. “Бариад хүлчихгүй юу” гэсэн чинь толгой сэгсэрч байна. “Гэрийн хүн согтоно гэдэг чинь, эр арслангаас долоон доор байдаг юм байна. Би ноцолдвол дийлж ч юу магад. Угаасаа хэрэлдэж ноцолдож үзээгүй болохоор болдоггүй юм байна. Тэгээд ч, нас ахисан хойноо шоронгийн хадаас болмооргүй байна. Би аясаар нь л байдаг” гэх.
      Бидний танил гайхалтай тэвчээртэй хүн. Нөхөр нь балкон дээрээсээ унана гэж цовхчиж гэнэ” “Тэднийд бүтэн юм үлдээгүй байх. Шөнөжин нүдэлдсэн” “Хөөрхийдөө, муу У гуай нүцгэн шахам хөөгдөөд явж гэнэ. Нутаг руугаа явсан байх” гэхчилэн эх адаггүй шуугиан тарьсны эцэст У маань нутагтаа аавынх руугаа очсоноор энэ яриа дууссан. Д. хамтран амьдрагчийнхаа хоёр өрөө байр, хуучны тавилгатай нь авч үлдээд сэтгэл ханалгүй засаг захиргаанд нь “Тэтгэврийнх нь тавин хувийг би авах учиртай” гэсэн өргөдөл шидсэн сураг байв.
       Ийм ганцхан баримтыг юуны учир авч байна гэвэл, гэр бүлийн хүчирхийлэлд өртөгчдийн зонхилох нь ахмад, дунд насныхан, харж хамгаалах хүнгүй ганц бие эрчүүд, авгай нар болоод байгааг анхаарах газар алга  болсон байна. Залуу гэр бүлүүд бол өөр юм. Голдуу хардалтаас болдог бололтой хүчирхийлэл үүсдэг, түүнийг нь зохицуулах газартай, очоод хамгаалалтад орчихдог, анхаарлын төвд байдаг. Гэтэл ахмад, дунд насныхан бол бүхний анхаарлын гадна, “цайгаа хувааж уух” нэрийн доор түмэн зовлон амсаж байдаг. Гэр бүлд болоод байгаа явдлаа бусдаас нуудаг, айж эмээдэг, “хөгширсөн хойноо” хэмээн ичиж зовдог онцлогтой аж.  Гэр бүлийн хүчирхийлэлд автаж байгаа настнууд, дунд үеийнхэн “Миний л хувь тавилан юм байлгүй дээ” хэмээн дотроо бүх уй гашууг хадгалж яваад хохирох нь хохирч, таалал төгсөх нь төгсөөд өнгөрдөг юм байна.
     Өнөөгийн зах зээлийн нийгмийн ороо бусгаа  үед үүнийг дэмждэг, судладаг, зохион байгуулдаг бүхэл бүтэн сүлжээ бий болсон гэх. Ахмад, дунд үеийнхний хэн  нь салж сарниж байна, хэн нь таалал төгсч хань нь ганцаардаж байна гэдгийг маш нарийн судлаж, хэнийгээ хэнтэй нь хамт амьдруулвал ашиг хонжоо гарах вэ гэдгийг аль хэдийнэ тооцоолсон байдаг гэнэ. Даан ялангуяа хөрөнгө бэл сайтай, орон сууц, унаа машинтай хүмүүс анхаарлын төвд өртдөг гэсэн яриа байна. Хамтран амьдрагч болж байснаа гэнэт зан нь хувирч дарамтлагч-хүчирхийлэгч болох алийг тэр гэхэв. Зөвхөн гэр бүлийн хоёр хүний дунд төдийгүй, тэр гэр бүлд багтаж байгаа өндөр настнууд, дунд үеийнхнээс тэвчиж барашгүй дарамтад амьдарч байгаа олон хүн бий.
   Би, хүчирхийлэлд өртөгсдийг түр байрлуулах байранд хэд хэдэн удаа сурвалжлагаар очсон л доо. Дан, залуу эмэгтэйчүүд, хүүхэдтэй хүүхнүүд л байдаг юм билээ. Тэгвэл хүчирхийлэлд өртөөд, тэр зовлонгоо цээжиндээ нууц тээж яваа зуу зуун хүмүүсээ яах вэ?!   Энэ тухай илүү нухацтай ярилцмаар санагддаг. Би саналаа хэлье. 
      Нэгдүгээрт: Хууль хяналтын байгууллагад хандахаар “Гэр бүлийн маргаан” гээд огт хайхралгүй өнгөрөөдөг явдлыг эцэс болгоё. Эрүүгийн хуульд тусгай заалт оруулан гэр бүлийн хүчирхийлэгч, дарамтлагчдыг урт богино хугацаагаар хорьж шийтгэдэг болъё.
     Хоёрдугаарт: Гэр бүлийн хүчирхийлэлд автсан ахмад, дунд насныханд зориулсан тусгай байр бий болгоё. Аймаг дүүргүүдэд ийм байртай болгон, тэнд ажилладаг хүмүүсийг ч гэсэн нарийн шалгуураар шилж сонгон авдаг болмоор. Бас зовлон жаргал үзсэн, хувийн нууцыг хадгалдаг... гэхчилэн шалгуурууд байж болох юм.
     Гуравдугаарт: Ахмад, дунд үеийнхнээс гэр бүлийн дарамтад өртөж өөрийгөө егүүтгэсэн, егүүтгэхийг завдсан хэд хэдэн тохиолдол бий. Тэд голдуу ганцаарддаг, хаана яаж хандахаа мэддэггүй, хэнээс зөвлөгөө авахаа ойлгодоггүйгээс болдог юм билээ. Иймээс гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, ахмад дунд үеийнхэнд зориулсан хуулийн зөвлөгчтэй, хэлж ярьдаг, зовлон зүдгүүрийг нь нимгэлдэг газартай болгоё.
   Дөрөвдүгээрт: Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн ахмад, дунд үеийнхэнд үйлчлэх хуулийн зөвлөгч нь асар өргөн судалгаатай, хамтран амьдрах гэж байгаа хоёр хүн, эндээс бүх талын судалгаа зөвлөгөө авч болохуйц баймаар. Зөвлөгөө хүссэн хүн нийнуугүй ханддаг, хуулийн зөвлөгч нь нууцыг чанд хадгалдаг байх нь нэн чухал. Хамгийн наад зах нь хамтран амьдрая гэж байгаа хүн нь “Хэр зэрэг бүтэлтэй хүн бэ?!” Архи уудаг уу, агсан согтуу тавьдаг уу, урьд өмнө шийтгэгдэж байсан уу, хувийн ашиг сонирхол, ёс суртахууны ямар доголдолтой  хүн бэ гэдгийг судлаж мэдээд санаа бодлоо хуваалцаж баймаар санагддаг.
     Тавдугаарт: Гэр бүлийн хүчирхийлэлд автдаг ахмад, дунд үеийнхэн олон байдаг. “Муу хүүгээ л бодох юм.” “Муу охиноо л бодох юм” гээд хамаг зовлонг сэтгэл зүрхэндээ хадгалж яваа олон арван хүн бий.  Тэдэнд яаж туслах вэ, зовлонг нь яаж нимгэлэх вэ гэсэн асуудал өдөр болгон хариу нэхэж байдаг. Нийгмийн талаас тэдэнд тавих анхаарал халамжийг нэн чухалчилмаар.
    Зургаадугаарт: Гэр бүлийн хүчирхийлэл, өршөөлийн хууль хоёрыг салгаж ойлгож болохгүй нэг чухал сэжим байдаг. Өршөөлийн хууль санаачлах, хэрэгжүүлэх тоолонд миний тавьдаг нэг санал бий. Гэр бүлийн хүчирхийллээс үүдэлтэй хэрэгт орсон хүн олон байдаг. Тэд сул чөлөөтэй гарч ирвэл гэр бүлийн хэн нэгэнтэйгээ өшөө хорсол тайлах бодол агуулж явж болзошгүй юм. Гэр бүлийн зарим хүн, ял эдлэж байгаа хүнээ “битгий гарч ирээсэй” гэж дотроо залбирч суудаг нь нууц биш. Иймээс өршөөлийн хууль санаачлагчид олон талаас нь бодож боловсруулахын зэрэгцээ, урьдчилж гэр бүлийн хүмүүсийн нь саналыг сонсдог байгаасай гэж боддог.  

"Өдрийн шуудан" сонины сэтгүүлч Г.Жамъян


Нууц дарамтлал  
Үзсэн: 2837 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй