Шууд Chart

ТБХ: Хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

2020-04-09 06:11:28

УИХ-ын Төсвийн байнгын хорооны 2020 оны дөрөвдүгээр сарын 08-ны өдрийн хуралдааны эхэнд Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн “Коронавируст халдвар /СОVID-19/-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөлтэй  хамт өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай, Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай, Хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай, Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай, Олон Улсын гэрээний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Тогтоолын төслийн талаар асуулт асуух гишүүн байгаагүй тул Ажлын хэсэг болон Эдийн засаг, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, УИХ-ын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураалаа. Тухайлбал,  Ажлын хэсгээс тогтоолын төслийн 1 дэх заалтын 2а.2 дахь дэд заалтын “төрийн болон” гэсний өмнө “төрийн өмчийн их дээд сургуулиас бусад” гэж, тогтоолын төслийн 1 дэх заалтын 2а.б дэх дэд заалтын “зогссон” гэсний дараа “болон 2020 оны 2,3 дугаар сарын үйл ажиллагааны борлуулалтын орлого нь өмнөх оны мөн үеэс 50 ба түүнээс дээш хувиар буурсан” гэж тус тус нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

 Түүнчлэн тогтоолын төслийн 1 дэх заалтын 2а.3 дахь дэд заалтын “2020 онд улс, орон нутгийн төсөв” гэснийг төслөөс хасч, мөн дэд заалтын “гүйцэтгэсэн” гэснийг “гүйцэтгэж байгаа” гэж өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Харин УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Ц.Мөнх-Оргил, Б.Пүрэвдорж, О.Баасанхүү нараас гаргасан зарчмын зөрүүтэй саналууд дэмжигдсэнгүй. Хуралдаан тогтоолын төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй санал хураалтаар үргэлжлэв. Тухайлбал, Хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн 4 дүгээр зүйлийн “Энэ хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан гаргах тайлангийн маягт, дагаж мөрдөх журам, аргачлалыг” гэснийг “энэ хуулийг хэрэгжүүлэх журмыг” гэж өөрчлөх, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн 2 дугаар зүйлийн “1 дүгээр зүйлд заасан эм эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодис, амны хаалтын жагсаалтыг” гэснийг “1 дүгээр зүйлд заасан барааны жагсаалтыг” гэж өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжив.

Ингээд Тогтоолын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Амарзаяа чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.


ТБХ: Хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ  
Үзсэн: 775 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй