НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын нэг хэсэг болох “Хүүхэд, залуучууд, ирээдүйдээ хөрөнгө оруулж байгаль дэлхийгээ нөхөн сэргээж, ногоон ирээдүйг бүтээх нь” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
Энэ хүрээнд “Газрын доройтлыг нөхөн сэргээх болон ногоон ирээдүйн төлөө хүүхэд, залуучуудад хөрөнгө оруулах нь” сэдэвт салбар хуралдаанд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр оролцож, байгаль орчны боловсрол, хүүхэд залуучуудын оролцооны талаар санал бодлоо хуваалцлаа.
Хэлэлцүүлэг говийн бүсийн аймгуудаас ЕБС-ийн сурагчид оролцож, өөрсдийн аймаг сумдын байгаль орчны асуудлаар танилцуулга, илтгэл хэлэлцүүлсэн.
Тухайлбал Э.Алтантуяа говийн бүсэд угалз, шороон шуурганы давтамж нэмэгдэж байгаа, цөлжилттэй тэмцэхэд зөвхөн төрийн байгууллага биш, хүүхэд залуучууд, цаашлаад иргэн бүрийн оролцоо хэрэгтэй байгааг өөрийн илтгэлдээ дурдав.
Монгол Улсын газар нутгийн 81.9 хувь нь доройтолд өртсөн энэ үед байгаль орчны боловсролыг зөвхөн сурах бичгээр хязгаарлаж болохгүй. Хүүхдүүд өөрсдийн амьдарч байгаа орчиндоо ус, хөрс, бэлчээр, ой, хог хаягдлын асуудлыг өөрсдөө харж, судалж, хэмжиж, шийдэл олох боломжтой байх хэрэгтэй гэдгийг Төрийн нарийн бичгийн дарга онцоллоо.
Говийн хүүхдийн хувьд ус, цөлжилт, бэлчээрийн асуудал хамгийн ойр байж болно. Ойн бүсийн хүүхдийн хувьд ой, биологийн олон янз байдал, түймрийн эрсдэл чухал. Харин Улаанбаатарын хүүхдүүдийн хувьд агаарын бохирдол, хог хаягдал, эрчим хүчний хэрэглээ өдөр тутмын бодит асуудал нь байгааг хэлж байв.
Хуралдаанаар сургалтын хөтөлбөрт экологийн боловсролын агуулгыг илүү бодит амьдралтай холбох, сургууль, гэр бүл, төр, орон нутаг болон бусад оролцогч талуудын хамтын ажиллагааг сайжруулах талаар олон хэрэгтэй санал гарлаа.
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Монгол хүүхэд, залуучуудыг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлье” санаачилгын хүрээнд уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй нийгэм, ногоон эдийн засагт шилжихэд шаардлагатай хүний нөөц, мэдлэг, ур чадварыг бүрдүүлэхээс гадна эрүүл, ногоон, хүртээмжтэй, аюулгүй, ухаалаг сургуулийг бий болгох стратегийн хөрөнгө оруулалт бүхий “ногоон чөлөөлөлт”-ийг эхлүүлээд байна.

| COP17: “Эрүүл, ногоон, хүртээмжтэй, аюулгүй, ухаалаг сургууль”-ийн загварыг танилцууллаа | ||
| Үзсэн: 76 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.