Шууд Chart

“Ус” сэдэвчилсэн өдрийн хүрээнд гадаргын ус, хөдөө аж ахуйн эдэлбэр газрын дасан зохицлын шийдлийг хэлэлцлээ

2026-08-25 13:35:33

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын 9 дэх өдрийн үйл ажиллагаа усны асуудлаарх зэрэгцээ арга хэмжээнүүдээр үргэлжилж байна. Энэхүү сэдэвчилсэн өдрийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран “Гадаргын ус, хөдөө аж ахуйн эдэлбэр газрын дасан зохицлын шийдэл: Хомсдолоос хүртээмжтэй хэрэглээ рүү” арга хэмжээг зохион байгууллаа. 

Арга хэмжээг нээж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат үг хэлэв. Тэрбээр, ус, газрын уялдаанд суурилсан олон талт түншлэлийг бий болгохын тулд нягт хамтын ажиллагаа, шинжлэх ухаан, инновац, судалгаанд суурилсан шийдэл, орон нутгийн иргэд, малчид, тариаланчдын идэвхтэй оролцоо хэрэгтэйгээс гадна  хамгийн чухал нь урт хугацааны, тогтвортой, үр нөлөөтэй санхүүжилт хэрэгтэй байгааг онцолж, өнөөдрийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн олон улсын хөгжлийн түншүүд, санхүү, хөрөнгө оруулалтын байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөгчдийг бодит түншлэл, санхүүжилтийн боломж, хамтарсан санаачилгыг бий болгоход идэвхтэй оролцохыг уриалав. 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам олон талт хамтын ажиллагааг нээлттэй хэрэгжүүлсээр байгаа бөгөөд тэдний нэг нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Байгаль орчин уур амьсгал өөрчлөлтийн яамны бодлогын дэмжлэгтэй НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр  ба НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран хэрэгжүүлж байгаа SCALA хөтөлбөр юм.

Гадаргын ус хуримтлуулах, хөв цөөрөм байгуулах, бэлчээрийн усан хангамжийн хүртээмжийг нэмэгдүүлэх, бэлчээрийн нүүрстөрөгчийн зах зээл хөгжүүлэх, тариалангийн талбайд ойн зурвас байгуулах зэрэг байгальд суурилсан, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангаж, орон нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх шинэлэг шийдэл бүхий төсөл, хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэх чухал гэдгийг сайд Ц.Идэрбат онцлон тэмдэглэлээ.


Бодлого болон хэрэгжилтийн хоорондын уялдаа холбоог бэхжүүлэх зорилготой энэхүү арга хэмжээгээр SCALA хөтөлбөрийн туршлага, түүнчлэн Монгол Улсад хэрэгжиж байгаа болон боловсруулалтын шатанд байгаа ландшафтын нөхөн сэргээлтийн хөтөлбөрүүд зэрэг харилцан хамааралтай санаачилгуудыг танилцуулав.

Энэ хүрээнд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн СКАЛА төслөөс Үндэсний тодорхойлсон хувь нэмэр болон Үндэсний дасан зохицох төлөвлөгөө, гадаргын ус цуглуулах хөв цөөрөм байгуулах замаар хөдөө аж ахуйн салбарын газар ашиглалт, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох арга хэмжээг хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар илтгэл тавьж хэлэлцүүллээ. 


Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох Үндэсний тодорхойлсон хувь нэмэр ба Үндэсний дасан зохицох төлөвлөгөөний хөдөө аж ахуйн салбарын зорилтуудыг Монгол Улсын Засгийн газрын хөгжлийн бодлого төлөвлөлтүүд, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Шинэ хоршоо”, “Атар-4” хөтөлбөрүүдтэй уялдаатайгаар Хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжлийн стратеги төлөвлөгөөний хүрээнд уялдуулан хэрэгжүүлж байгаа юм. 


“Ус” сэдэвчилсэн өдрийн хүрээнд гадаргын ус, хөдөө аж ахуйн эдэлбэр газрын дасан зохицлын шийдлийг хэлэлцлээ  
Үзсэн: 78 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй