Шууд Chart

Манцуйтай хүүхдийн эрх зөрчигдөнө гэж байх уу?

2014-04-02 11:45:40

Монголын үндэсний олон нийтийн цахим хуудас MNB.mn, Олуулаа клуб, Иргэний нийгэм, Хүний хөгжлийн хорооноос санаачлан, Монгол Улсын Жендэрийн Үндэсний хороо, Хүний Эрхийн Үндэсний комисс, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл нарын байгууллагууд хамтран зарласан “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нэгдэцгээе” сэдэвт асуудал дэвшүүлсэн нийтлэлийн уралдаанд бүтээлээ ирүүлсэн сэтгүүлчдийн нийтлэлийг хүргэж байна.

-*-

Манцуйтай хүүхдийн эрх зөрчигдөнө гэж байх уу?

Манай улсад нэг үеэ бодвол хүүхдийн эрхийг хамгаалдаг, тэдний зөв зохистой амьдралын төлөө тэмцдэг төрийн болон төрийн бус байгууллагууд нэлээд олон болжээ. Гэвч эдгээр байгууллагуудын зүгээс зохион байгуулж буй арга хэмжээнд зөвхөн цэцэрлэгийн болон сургуулийн насны хүүхдүүд л хамрагддаг. Харин манцуйтай болон мөлхөө жаалууд тэр бүр хамрагдаад байдаггүй. Учир нь эцэг, эхчүүд болон багш сурган хүмүүжүүлэгч нар “Манцуйтай хүүхдийн эрх зөрчигдөнө гэж юу байдаг юм бэ. Тэдэнд эхийнх нь мөөм, дулаахан манцуй байхад л хангалттай” гэсэн ойлгоцтой байдаг. Үнэндээ ч тийм л дээ.

Манцуйтай хүүхдүүд ямар юм ярих биш. Гэвч бид л мэддэггүй, анзаардаггүй болохоос биш манцуйтай хүүхдийн эрх зөрчигдөх тохиолдол бас байдаг юм байна. Үүнийг гэр бүлийн хүчирхийлэл гэж хэлэх нь хаашаа юм. Гэхдээ л юм ярьж чадахгүй нярай хүүхдийн эрхийг зөрчиж байдаг нэгэн төрлийн хүчирхийлэл гэлтэй. Ийм төрлийн хүчирхийллийг өмнө нь манай сэтгүүлчид ер хөндөж байсангүй. Тэгээд ч бид гэр бүлийн хүчирхийлэл гээчид зөвхөн нөхөртөө зодуулсан эмэгтэй, хойд эцэгтээ зодуулсан хүүхэд хамрагддаг гэсэн ойлгоцтой байдаг. Харин одоо манцуйтай болон мөлхөө жаалуудын эрх ашгийн тухай ярих цаг болсон мэт. Уг нь манай сурган хүмүүжүүлэгч нар “Хүүхдийг эхийнх нь хэвлийд байхаас эхлээд л зөв зохистой хүмүүжүүлэх ёстой. Хэвлийд байгаа хүүхэд хүний яриаг маш сайн ойлгодог.

Тэдэнтэй ярилцах ёстой” гэж зөвлөөд байдаг. Хэвлийд байхад нь гэж хэт эртний маягаар туйлшраад яахав. Харин манцуйтай, мөлхөө байх үед нь тэдний эрхийг зөрчихгүй байвал сайнсан. Наад захын жишээ гэхэд л эхийнхээ мөөмөөр хооллож хүн болох, сүүгээр угжуулж өсөх хоёрын хооронд асар их ялгаа байдаг юм байна. Сүүлийн үед манай залуу эмэгтэйчүүд нялх хүүхдээ хөхөөрөө хооллохоо бараг больчихоод байгаа. Энэ нь нийгмийн амьдралтай бас холбоотой бөгөөд өнөөгийн Монголын айл гэрийн амьдралыг ихэвчлэн эмэгтэйчүүд л үүрч явна. Зарим эмэгтэй төрсөнийхөө дараа ганцхан сар болов уу, үгүй юу л хүүхдээ эмээ, өвөөд нь юмуу, хэн нэгэн асран хамгаалагчид “тушаагаад” ажилдаа орчихдог болж. Зарим нь хөх дэлэн унжиж гоо сайхан алдагдана гээд хүүхдээ шууд л угжинд оруулах жишээтэй.

Мөн анх удаа төрж буй бүсгүйчүүд хүүхдээ зөв хөхүүлж, зөв амлуулаагүйн харгайгаар хөхөө зангируулчихдаг, үүнээс болж хөх нь ширгэх тохиолдол нэлээд байдаг тухай нэгэн эмч ярьж байхыг сонслоо. Ингээд л баахан угжны хүүхдүүд өсч торних жишээтэй. Уг нь хөхөөрөө өссөн хүүхэд дархлаа сайтай болж хэр барагтай бол ханиад хүрдэггүй юмсанж. Учир нь эхийн сүү нь амин хүчил, эрдэс бодис, уураг тэжээлийн хувьд жинхэнэ “ориг” бүтээгдэхүүн байдаг бөгөөд энэ нь хүүхдийн ясны бэхжилт, биеийн хөгжилд хүртэл сайнаар нөлөөлдөг байна. Харин угжуулж өссөн хүүхдүүд цаанаа л нэг туниа муутай, гэдэс гүзээний өвчинд нэрвэгдэхдээ тун амархан байдгаас гадна хоол хүнсний хувьд эсэн бусын харшилтай болж, аливаа нэг халдварт өвчнийг биедээ татамтгай, энэ ч чанараараа хар багаасаа ямар нэгэн суурь өвчинтэй болох магадлал маш өндөр байдаг юмсанж. Хаанаас, ямар замаар дамжиж ирсэн нь мэдэгдэхгүй лаазалсан, нөөцөлсөн хиймэл сүүгээр угжуулж байгаа болохоор аргагүй шүү дээ. Эхийн сүүнээс гадна эхийн бүүвэйн дуу гэж нэг том асуудал байдгийг манайхан тэр бүр ухаарч ойлгохоо байсан байна. Орчлон ертөнцөд үг аялгуугаар илэрхийлэх эх үрийн харьцааны анхдагч нь “Бүүвэйн дуу” билээ.

Энхрий ялдам үг, жигд намуун аялгуу, аажим хөдөлгөөн эх хүний эелдэг наалинхай харьцаатай хослон хүүхдийг тайвшруулан тайтгаруулж унтуулдаг. Нялх хүүхэд хэдийгээр бүүвэйн дууны үгийг ойлгохгүй ч гэсэн нэгэн хэмнэлээр давтагдах айзам аялгуу мэдрэхүй, хүртэхүйд нь хуримтлагдсаар бусад дуу чимээнээс үг хэлийг ялгаж салгаж, аажмаар утга учрыг нь ойлгохын эхлэл болдог онцлогтой. Үүгээр ч үл барам хүүхдэд уян зөөлөн зан төрх суухад бүүвэйн дуу ихээхэн нөлөөлдөг гэдэг. Эх хүн хүүхдээ бүүвэйлж байна гэдэг хүүхдийн орчин тойронд амгалан тайван байгаагийн шинж юм. Хүүхдийг нялх байхад нь зөвхөн “Бүүвэй” гэж бүүвэйлдэг бол үг хэл ойлгодог болохын цагт шүлэглэн бүүвэйлдэг.

Тэр нь үг хэлэх чадварыг нь сайжруулдаг. Дээхэн үеийн ээжүүд туулайн бүжин, хэрэм, шувууны дэгдээхий, унага, хурга, тугал зэргийг дүрслэх буюу уг удмыг нь дуудаж бүүвэйлэх, улс орон, нутаг усаа магтан дуулж бүүвэйлдэг байлаа. Жишээ нь “Хурил дотроо хэрэмний зулзага унтлаа, бүүвэй, бүүвэй, бүүвэй” гэх мэт. Энэ бол ард түмний сурган хүмүүжүүлэх ухааны гайхамшгийн нэг бөгөөд шууд утгаараа өлгийтэй байхаас нь эх хэлнийхээ аялгуу, монгол дууныхаа яруу эгшиглэн, айзам хэмнэлийг тогтоолгож улмаар өхөөрдөм хөөрхөн ан амьтан, нутаг усны нэрийг цоллуулж хүмүүжүүлдэг байсан их ухаан, том соёл юм. Тийм ч учраас манай ард түмний дунд “Бүүвэйн дуу сонсч өссөн хүн уян зөөлөн сэтгэлтэй байдаг” гэх буюу “Бүүвэйн дуу сонсоогүй өссөн хүн хүйтэн сэтгэл, хар санаатай байдаг” гэсэн хэлц үг бий болсон билээ. Мөн олиггүй явдалтай хүнийг муучлан хэлэхдээ “Эх нь түүнд бүүвэйн дуу сонсгоогүй байх”, “Бүүвэйн дууны оронд хараал сонссон хүн” гэх жишээтэй. Аль ч талаас нь авч үзсэн бүүвэйн дуу зөвхөн унтуулахын тулд хэлдэг зүйл биш бөгөөд хүүхдийн сэтгэхүй болон сэтгэлийг зөөлрүүлж, ухааныг нь төлөвшүүлдэг нэгэн сайхан хэрэглүүр ажээ. Харин өнөө цагт бүүвэйн дуу аялж байгаа эх ховорхон үзэгдэх болжээ. Бүүвэйлсэн ч “бүүвэй, бүүвэй, бүүвэй” гэхээс цаашгүй. Энэ нь ирээдүйд их л хатуу сэтгэлтэй хүмүүсийг өсгөхийн эхлэл дохио болов уу? Тэгээд ч нялх үрээ угжаар хүн болгож байгаа эмэгтэйчүүд бүүвэйн дуу аялна гэж юу байхав даа.
“Бүүвэйн дуу сонсч өссөн болохоор сэтгэл минь уяхан байдаг
Бүлээн сүү залгилж өссөн болохоор нулимс минь ойрхон байдаг
Бүтэн хайранд өлгийдүүлж өссөн болохоор бодол минь гэгээн байдаг
Бүүвэйн залбирал ивээж байдаг болохоор заяа минь тэгшхэн байдаг” хэмээн манай нэгэн яруу найрагч шүлэглэжээ. Түүнчлэн яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн гуайн “Ижийтэйгээ байхад би баян байсан” хэмээх шүлэгт “Сүнс зайлам харанхуйн дунд би, сүү нөмөрч унтдаг байсан” гэх гоц мөр байдаг. Нүүдэлчин монголчуудын үр хүүхэд бусад орнуудын хүүхдүүдээс илүү эх хүний уян зөөлөн бүүвэйн дуу сонсч хэлд ордог байсан гэхэд хэтрүүлэг болохгүй. Учир нь суурин соёл иргэншилтэй улс орнуудад нялх хүүхдүүд ихэвчлэн хүүхэд асрагчийн гар дээр өсч торнидог.

Магадгүй хүүхдийнхээ дэргэд эсгий үнэг хайчилдаг улс орон манайхаас өөр байдаггүй байх. Эртнээс уламжилж ирсэн бүүвэйн дуу ямар их хүч чадалтай байсан тухай үлгэр домог, түүх сударт ч өгүүлсэн байдаг. Тухайлбал Монгол ардын үлгэр “Элдээ Дэлдээ хоёр” байна. Элдээ, Дэлдээ гэдэг ах дүү хоёр анчин Эрдэнэдондог гэдэг эмэгтэй дүүгээ ор сураггүй алдчихаад олон жил болдог. Тэгтэл нэг өдөр мань хоёр ан хийж яваад нэг айлд буутал гэрийн эзэгтэй нялх хүүхдээ бүүвэйлэн сууж байдаг. Тэр эмэгтэй “Элдээ, Дэлдээ хоёрын зээ нь билээ, Эрдэнэдондогийн хүү нь билээ” гэж хүүхдээ өхөөрдөн бүүвэйлдэг бөгөөд үүгээр хоёр ах нь дүүгээ таньдаг. Хэрвээ мань эмэгтэй тухайн үед хүүхдээ бүүвэйлээгүй бол хоёр ах нь түүнийг хэзээ ч олж чадахгүй байх байлаа. Бүүвэйн дуутай холбоотой өөр нэг явдлыг хүүрнэе.

Сэтгэцийн эмгэг наркологийн төвийн их эмч Д.Оюунсүрэн нэгэн сонирхолтой туршилт явуулсан байна. Тэгэхдээ тэр нэг өдөр хоёр шинэ нярайг сонгож авсан аж. Нэг нь боломжийн амьдралтай айлынх, нөгөөх нь орц хонгилоор амьдардаг айлын хүүхэд байж. Гэвч судалгааны явцад боломжийн амьдралтай айлын хүүхэд байнга өвчин ороогоод, харин орц хонгилд тааруухан амьдралд өсч буй хүүхэд цоо эрүүл бойжиж байгаа нь анзаарагджээ. Оюунсүрэн эмч энэ явдлыг сонирхоход орцонд амьдардаг ээж хүүхдээ хөхүүлэхдээ их өөдрөг сэтгэлтэйгээр байнга хайрлаж энхрийлсэн үг хэлдэг, мөн дандаа бүүвэйн дуу аялдаг байсан байна. Харин нөгөө хангалуун амьдралтай ээж нь хүүхдээ хэт бөөцийлдөг ч гэр бүлийн таарамжгүй уур амьсгалаас болоод хүүхэддээ бүүвэйн дуу аялах нь битгий хэл халуун дулаан үг  хэлдэггүй, хажуу ойрд нь байгаа хүнтэй байнга хэг ёгхийн харьцдаг байжээ.

Ер нь гэр бүл эвсэг халуун уур амьсгалтай байж эхийн сэтгэл зүйг тайван байлгахгүй бол хүүхдэд нь хүртэл ингэж нөлөөлдөг байна шүү. Үүнийг манай эмэгтэйчүүдээс гадна эрчүүд сайн ухаарах хэрэгтэй юм шиг ээ. Яруу найрагчийн дээр өгүүлснээр бүүвэйн дуу сонсч, бүтэн хайранд өлгийдүүлж өссөн хүүхэд ямар ч гэсэн өвчин зовлон ээрээд байдаггүй, ухаан бодол нь тэнүүн, цаашлаад зөв сэтгэлгээтэй хүн болж хүмүүждэг ажээ. Тэгээд ч хүүхдийг цэцэн мэргэн болгодог хромсом зөвхөн эмэгтэй хүнд байдаг гэж шинжлэх ухаан нотлосон байдаг. Энэхүү хүч нь үр хүүхэд болон хань нөхрөө ивээн тэтгэж, аливаа бэрхшээлийг даван туулахад нь туслаж гайхамшигт үйлийг бүтээлгэдэг байна.

Тайванийн нэгэн хятад эрдэмтэн “Чингис хааныг эх хүйстэн л хаан болгочихсон юм шүү дээ” гэж тун онож хэлсэн байдаг бөгөөд үнэндээ түүнийг ухаант мэргэн Өүлэн эх төрүүлж өсгөн ухаалаг мэргэн үгээрээ залж чиглүүлсэнээс гадна Бөртэ, Хулан, Есүй нарын ухаант хатад нь түүний оюун ухаан, хүч чадлыг цаг ямагт ундаалж байснаар Чингис хаан Евро-Азийг дамнасан асар том эзэнт гүрнийг байгуулсан билээ. Өнөө цагт нярай үрс эх хүний бүүвэйн дуунаас хол хөндий өсч торниход хүрч байгаа нь хүүхдийн эрхийг зөрчиж байгаа бас л нэг хэлбэр бөгөөд ялангуяа нүүдлийн соёл иргэншилтэй манай улсын хувьд бол бүүвэйн дуу сонсолгүйгээр хүн болно гэдэг нь ёс заншил, өв уламжлалдаа цөв суулгаж байгаа хэрэг. За яахав, ажил төрлийн зав зай, нийгмийн бухимдал энэ тэрээс болоод нялх хүүхдээ бүүвэйлж амждаггүй байж гэж бодъё.

Харин зав зайтай үедээ зөвхөн нялх хүүхэд гэлтгүй бага насны хүүхдээ заавал өхөөрдөн үнсч байх хэрэгтэй юм байна. Ялангуяа эрчүүд. Ер нь бага насны хүүхдүүд том хүнээр үнсүүлж өхөөрдүүлэх их дуртай байдаг. Гэвч манай дийлэнх эрчүүд ажил төрөл, амьдралын бухимдал, архидалт энэ тэрээс болоод бага насны хүүхдээ бараг үнсдэггүй гэж хэлж болно. Зарим эрчүүд хүүхдүүдээ өөрийнхөө амьдралд нэг л их гай болж байгаа мэтээр үзэж, тэдэнтэй хэг ёг хийсэн таагүй байдлаар харьцдаг. Иймэрхүү харьцаанаас болж нэг эцэг төрсөн хүүгийнхээ амийг бүрэлгэсэн удаатай. Мань эр нэг орой согтуу ирээд хүүхдүүддээ “Та нар миний амьдралд гай болж байна” гэж агсартал том хүү нь “Та биднийг тэжээж чадахгүй байсан юм бол яах гэж ийм олон хүүхэд цувуулсан юм бэ” гэж хэгжүүрхсэн байгаа юм.

Яах аргагүй үнэн үг хэлсэнд мань эрийн уур нь дүрэлзэж ширээн дээр байсан индүүгээр хүүгийнхээ толгой руу балбаж гарсан бөгөөд үүний улмаас хүү нь эмнэлэгт ухаангүй хүргэгдэж хоёр хоногийн дараа нас барсан байдаг. Тиймээс эцэг эхчүүд хэдий амьдралдаа гутарч, мөнгө төгрөггүйн зовлон эдлэж байсан ч хүүхдүүддээ уур уцаараа гаргаж хэрхэвч болохгүй мэт. Харин ч бүр тэднийгээ хааяа нэг үнсчихээд “За яахав, болох байлгүй дээ” гээд явж байвал хүүхдүүд нь учрыг ойлгоод эцэг, эхээ дэмжээд эхэлнэ. Ер нь эцэг, эхээрээ үнсүүлж өхөөрдүүлсэн халуун дулаан уур амьсгал дунд өсч торнисон хүүхдүүд том болоод эцэг, эхээ илүү ихээр хайрладаг билээ. Хүүхдийн эрх зөрчигдөж буй өөр нэг ноцтой асуудал гэвэл бяцхан хүүхдүүд төрсөн эцэг, эхээсээ хол хөндий, эмээ өвөө, ах дүү, хамаатан садныхаа гар дээр өсч торних явдал юм. Ийм хүүхэд Монголоор дүүрэн байгаа бөгөөд энэ нь гадаадад ажиллаж амьдарч байгаа олон мянган монгол иргэнтэй холбоотой.

Албаны том  хүмүүс “Өнөөдөр зөвхөн Өмнөд Солонгост гэхэд л 30 мянга гаруй монгол хүн ажиллаж амьдарч байна” гэж ирээд л ихэд бахархсан өнгө аястай яриад байдаг. Гэтэл энэхүү бахархлын цаана дор хаяад гучин мянган хүүхэд төрсөн эцэг эхээсээ хол хөндий өсч торниж байна. Энэ тухай хэн ч ярьдаггүй. Гадаадад байгаа эцэг, эхчүүд нь Монголд байгаа үр хүүхдэдээ мөнгө төгрөг, хувцас хунар явуулаад л “Манай хүүхэд элдэв зүйлээр дутагдаж гачигдалгүй сайн сайхан яваа” гээд сэтгэл нь ханачихдаг бололтой. Гэвч хүүхэд гэдэг амьтан зөвхөн идэж уух юм, хувцас хунар төдийхнөөр “болчихдог” юм биш. Тэдэнд хамгийн нэгдүгээрт эцэг, эхийн хайр үгүйлэгддэг бөгөөд төрсөн эцэг, эхээсээ хол хөндий өссөн хүүхэд цаанаа л нэг зожиг, уйтгартай, элдэв янзын асуудалд өртөмтгий байдаг тухай судлаачид тогтоосон байдаг. Английн криминологич Чарльз Горинг гэр бүлийн хүрээнд судалгаа хийгээд эцэг, эхдээ зодуулж өссөн буюу эцэг, эхээсээ хол хөндий өссөн хүүхэд оюун ухааны хувьд бусдаас сул дорой байхаас гадна хүнийг энэрч хайрлах нинжин сэтгэлээр дутмаг, гэмт хэрэгт өртөмтгий болохыг олж тогтоожээ.

1996 онд Швед рүү цагаачлалаар яваад одоо болтол нутагтаа ирэхгүй байгаа нэгэн эмэгтэйн 18 настай хүү манай сонины редакцид “Ээждээ хэлэх миний үг” гэсэн шүлэг илгээсэн байх бөгөөд тэрбээр:
“Алдрайхан үрээ хөсөрт хаясан ээж минь та сонсооч
Алганыхаа толинд сүүлчийн удаа хүүгээ нэг хараач
Аз жаргалд умбаж байлаа ч дууг минь сонсооч
Амьд орших орон зай хэр үлдсэнээ бодож нэг үзээч
Орилон чарлан үлдсэн миний дуу хоолой
Ойж цовхрон хоцорсон миний дүр зураг
Орхин одсон тэр нэгэн бүрхэг өдөр
Одоо ч таны сэтгэлд харагдахгүй байна гэж үү?
Таныг явсан тэр өдрөөс хойш
Тэнгэр газар нийлсэн мэт л зайгүй байсан
Таавар оньсого шиг өнгөрсөн бүхнийг би
Таах гэж хэрэндээ бодол болон гөлөрдөг байлаа
Эргээд хэзээ ирэх бол доо гэж
Элэг эмтрэн хүлээдэг байсан
Сайхан таньтайгаа зүүдэндээ үргэлж учраад
Санаа алдан сэрчихээд чимээгүйхэн мэгшдэг байсан” гэх мэтээр шүлэглэсэн байлаа. Өнөөдөр энэ хүү шиг төрсөн эцэг, эхээсээ хол хөндий бэтгэрч яваа хүүхэд Монголд маш олон байгаа. Эдгээр хүүхдүүд хэдийгээр идэж уух юм, хувцас хунараар дутагдаж гачигдаагүй ч гэлээ харь оронд ажиллаж амьдарч байгаа эцэг, эхээ санан бэтгэрч, сэтгэл зүрхэндээ чимээгүйхэн уйлж явна. Монголчууд бид хүүхдийн эрх хэрхэн зөрчигдөж байгааг траншейнд амьдарч байгаа болон хар зах дээр тэрэг түрж яваа хүүхдүүдээр төсөөлөөд бүр хэвшчихжээ. Ийм хүүхдүүд нэг үеэ бодвол харж хандах байгууллагатай, хамгаалж энхрийлэх төртэй болчихоод байгаа. Харин эхийнхээ бүлээн сүүг залгилж өсөх, бүүвэйн дууг сонсч өсөх, бүтэн хайранд өлгийдүүлж өсөх дархан эрхээ эдэлж чадахгүй байгаа үй олон манцуйтай жаалууд болон эцэг, эхийгээ гадаад руу “алдчихсан” бяцхан охид, хөвгүүдийн талаар одоо харин дуугарах цаг нэгэнт болжээ.

Б.Ойдов /NUTAG.MN/

 


Манцуйтай хүүхдийн эрх зөрчигдөнө гэж байх уу?  
Үзсэн: 5481 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.23.51.xxx [103.23.51.xxx] 2014-04-22 23:11
Бусдын тэр бүр хөндөж байгаагүй содон сэдвийг хөндөж бичсэн байна. Найруулга маш сайн. Нээрээ манцуйтай хүүхдийн эрх маш их зөрчигдөж байгаа шүү. Үүнийг залуу эхчүүд анхаарах ёстой.

Бидэнтэй нэгдээрэй