Шууд Chart

ХЗБХ: Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

2020-04-21 13:22:47

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2020.04.21) хуралдаанаар Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Л.Мөнхбаатар танилцуулсан юм. Ажлын хэсэг төслүүдийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг болон хуулийн нэр томьёоны найруулгын саналыг төсөлд тусган жигдэлж, нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналуудыг төслүүдэд нэмж тусган төслийн эцсийн хувилбарыг бэлтгэжээ.

Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т заасны дагуу нэгдсэн хуралдааны эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад төслийн зарим зүйл, заалт хоорондоо, эсхүл мөрдөж байгаа хууль тогтоомжтой зөрчилдсөн нөхцөл байдал тогтоогдсон тул Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д “Төслийн анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй санал нь бусад хуулийн заалттай зөрчилдвөл Байнгын хороо эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хамтад нь хэлэлцүүлж болно” гэж заасны дагуу холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулсан байна.

Тодруулбал, Хүн ам, орон сууцны улсын тооллогын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Барилгын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Олон нийтийн радио, телевизийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нотариатын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хууль хоорондын зөрчлийг арилгах зорилгоор боловсруулжээ.

Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд төслийн 10 дугаар зүйл буюу Үндэсний архивын сан хөмрөгийн бүрэлдэхүүнтэй холбоотой зохицуулалтын талаар байр сууриа илэрхийлж, тодруулга хийв. Парламентад суудалтай улс төрийн намуудын баримтуудыг архивлах, 1990 оноос өмнөх Монгол Ардын Хувьсгалт Намын талаарх архивын баримтуудтай холбоотой санал гаргав. Ажлын хэсгээс эдгээр саналтай холбоотой тодруулга тайлбарыг өгсөн юм. УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд архивын баримтууд нь эрх зүйн үр дагавартай байдаг учраас архивын байгууллагын орон нутаг дахь салбаруудын үйл ажиллагаанд төвөөс нь анхаарал хандуулах, тэдгээрийн баримт бүрдүүлэлт, хадгалалт, хамгаалалтыг стандартад нийцүүлэх шаардлагатай гэдэг санал хэлэв. Ингээд ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томъёолол нэг бүрээр санал хураалт явуулан шийдвэрлээд, энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2, 23.5-д тус тус заасныг үндэслэн хууль хоорондын зөрчлийг арилгахаар боловсруулсан хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Төслүүдийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар энэ үеэр төслүүдийг анхны хэлэлцүүлгээр батлуулах горимын санал гаргав. Горимын саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул энэ талаар санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв.

Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгээр хуралдаан үргэлжилж, төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн О.Батнасан танилцууллаа. Ажлын хэсэг төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т заасан нөхцөл тогтоогдсон тул мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д заасны дагуу холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулжээ. Ажлын хэсгийн танилцуулга, төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асууж, тодруулга хийх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэлээ.


ХЗБХ: Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ  
Үзсэн: 1472 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй