
УИХ-ын 2020 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.04.24) нэгдсэн хуралдаанаар олон улсын олон талт болон хоёр талт хэд хэдэн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж, хуулийн төслүүдийг соёрхон батлав.
Эхлээд Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл-ийг соёрхон батлах тухай асуудлыг хэлэлцэж батлав. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг танилцуулав.
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Прага хотноо “Нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурж энэхүү хэлэлцээрийг албан ёсоор баталгаажуулжээ.
Хилийн чанад дахь монгол иргэдийн судалгаагаар 2019 оны эцсийн байдлаар Бүгд Найрамдах Чех Улсад 8813 монгол иргэн амьдарч ажиллаж, суралцдаг бөгөөд тэдний 65 орчим хувь нь 5-25 жил амьдарч, оршин суух эрхээ авчээ.
Монгол Улсын иргэн тус улсад оршин суух хугацаандаа богино хугацааны нийгмийн даатгалд хамрагдаж, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой тэтгэмж, эрүүл мэндийн эмчилгээ, үйлчилгээг авах эрхтэй байдаг. Харин урт хугацааны даатгал буюу тэтгэврийн даатгалд хамрагдаж, нутаг буцах үедээ төлсөн шимтгэлээ буцаан авах, эсхүл тэтгэврийн насанд хүрсэн үедээ төлсөн шимтгэлдээ ногдох тэтгэвэр тогтоолгох, Бүгд Найрамдах Чех Улсад ажилласан хугацаагаа даатгуулсан хугацаанд тооцуулах зэрэг эрх зүйн зохицуулалт байдаггүй аж. Иймд уг хэлэлцээрийг соёрхон баталснаар иргэдийн нийгмийн баталгаа сайжирч, тус улсад ажилласан хугацааг нэгтгэн тооцож, Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улсаас өндөр насны тэтгэврийг тогтоолгон авах боломж бүрдэх юм байна.
Хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг төслийг хэлэлцсэн талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн А.Ундраа “Их засаг” танхимаас танилцуулсан юм.
Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн М.Оюунчимэг салбарын сайдаас асуулт асууж хариулт авлаа. Монгол Улсын Засгийн газраас гадаадад оршин сууж байгаа иргэдийнхээ нийгмийн баталгааг хангах зорилгоор Монгол Улсын иргэд олноор оршин сууж, ажил хөдөлмөр эрхэлдэг улсуудтай нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах гэрээ, хэлэлцээр байгуулан ажиллаж байгаа. Одоогоор БНСУ, Польш, Турк улстай нийгмийн хамгааллын хэлэлцээ байгуулсан бол удахгүй ОХУ, Казакстан улстай хамтран ажиллах хэлэлцээр байгуулахаар ажиллаж байгааг салбарын сайд хэллээ.
Ингээд хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг батлах санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 75.9 хувь нь дэмжив.
Дараа нь “Хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Уур амьсгалын ногоон сан хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийн соёрхон батлах хуулийн төслийг хэлэлцэж, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатын танилцуулга болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсов.
Монгол Улсын Засгийн газар Парисын хэлэлцээрт оруулах үндэсний хувь нэмрийн зорилтыг 2019 онд шинэчилж, нийт хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувь бууруулахаар тодорхойлсон. Уур амьсгалын ногоон сан нь жил бүр 100 тэрбум ам. долларыг уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох арга хэмжээнд зарцуулахаар төлөвлөснөөс нийт 10.3 тэрбум ам.долларын санхүүжилтийг бүрдүүлсэн байна. Монгол Улсын хувьд 2020 оны эхний улирлын байдлаар тус сангаар нийт 7 хөрөнгө оруулалтын төсөл батлуулсны дотор ногоон зээлийн сан байгуулах төсөл зэрэг багтсан төдийгүй түүнчлэн бэлэн байдлын хөтөлбөрийн хүрээнд 6 төсөл хэрэгжиж, 2 төслийн санал батлуулахаар хүргүүлээд байгааг салбарын сайд танилцуулгадаа онцлов.
“Хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Уур амьсгалын ногоон сан хоорондын хэлэлцээр"-ийг батлах тухай асуудлыг Засгийн газрын 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хурлаар тус тус хэлэлцэн дэмжиж, Ерөнхий сайдын 2019 оны 135 дугаар захирамжаар олгогдсон эрхийн дагуу Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гарын үсэг зуран баталгаажуулжээ.
Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс асуулт гараагүй бөгөөд нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь нь дэмжсэнээр хуулийн төслийг соёрхон баталлаа.
Үргэлжлүүлэн “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл-ийг хэлэлцэж, энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг сонсов. Уг хэлэлцээрийг байгуулах ажил 2016 оноос эхэлсэн бөгөөд 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр үзэглэсэн “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээр”-т 2019 оны 06 дугаар сарын 26-нд Улаанбаатар хотноо гарын үсэг зуржээ.
“Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээр" нь 21 зүйлтэй юм. Өнгөрсөн оны сүүлчийн байдлаар Макаод манай улсын 12 иргэн ял эдэлж байгаа бол Монгол Улсад ял эдэлж буй Макаогийн иргэн байхгүй аж. Энэхүү хэлэлцээрийг соёрхон баталснаар хоёр улсын хууль сахиулах байгууллагууд эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаанд шуурхай хамтран ажиллах эрх зүйн орчин бүрдэнэ гэж Засгийн газар үзэж байгаа юм байна.
Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцсэн талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа “Их засаг” танхимаас танилцуулав. Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү ажлын хэсгээс асуулт асууж тодруулсан бөгөөд нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хуулийн төслийг соёрхон баталлаа.
Үргэлжлүүлэн “Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын гэрээ”-г соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж дэмжлээ. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Оюундарь танилцуулав.
“Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын гэрээ”-г байгуулахаар 2017 оноос ажиллаж, дотоодын холбогдох байгууллагуудаас санал авч нэгтгэн улмаар Вьетнамын талтай дипломат шугамаар удаа дараа санал солилцжээ. Үүний дүнд талууд гэрээний төслийг 2018 оны 10 дугаар сарын 15-нд үзэглэж, 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад Вьетнам Улсын 1 иргэн ял эдэлж байгаа бол Вьетнам Улсад ял эдэлж буй Монгол Улсын иргэн байхгүй, мөн Вьетнам Улсад Монгол Улсын 71 иргэн оршин сууж, 40 орчим иргэн суралцдаг аж.
Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс асуулт гараагүй бөгөөд нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 77.9 хувийн саналаар гэрээг Засгийн газрын дэмжсэнээр соёрхон батлав.
Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж дэмжив | ||
Үзсэн: 1228 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.