
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2020.04.28) хуралдаан 10 цаг 26 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, найман асуудал хэлэлцэж шийдвэрлэв. Байнгын хорооны хуралдаанаар эхлээд УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын 14 гишүүний өргөн мэдүүлсэн Монгол УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд-ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан танилцуулсан юм.
Байнгын хорооны тогтоолоор хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэгтэй ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангаар ахлуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Б.Жавхлан, Д.Тогтохсүрэн, Н.Энхболд, Д.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулжээ. Ажлын хэсэг хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад зарчмын зөрүүтэй 14, найруулгын чанартай гурван багц санал гаргасан байна.
Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Л.Болд нар асуулт асууж тодруулсны дараа ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж шийдвэрлэв. Тухайлбал, төслийн 4 дүгээр зүйлд “Хувь хүн, хуулийн этгээд нь УИХ-ын нэр, үйл ажиллагаатай шууд холбогдож ойлгогдох оноосон нэр ашиглахыг хориглоно” гэсэн агуулгатай 4.6 дахь хэсгийг нэмэх, төслийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсгийн “Зөвлөлөөс баталсан чуулганы хуралдааны тов, хэлэлцэх асуудлын чиглэл” гэснийг “Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцсэн чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов” гэж өөрчлөхөөр тогтов.
Мөн төслийн 23 дугаар зүйлийн 23.3.3 дахь заалтын “Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны” гэснийг “Хүн ам зүй, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийн” гэж, мөн зүйлийн 23.3.4 дэх заалтын “Өргөдлийн” гэснийг “Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын” гэж тус тус өөрчлөх, энэ үндсэн дээр холбогдох Байнгын хороодын эрхлэх асуудлын хүрээг өөрчлөн томьёолохыг дэмжив.
Түүнчлэн төслийн 23 дугаар зүйлд “иргэд, байгууллагаас Улсын Их Хурал, түүний Байнгын, дэд, түр хороо, тэдгээрийн удирдлага, гишүүнд ирүүлсэн өргөдлийг судалж, шийдвэрлэх, шаардлагатай бол хууль тогтоомжийг боловсронгуй болгох санал боловсруулах” гэсэн агуулгатай 23.2.15 дахь заалт, “өргөдөл гаргагч, холбогдох албан тушаалтан, мэргэжилтнээс тайлбар авах” гэсэн агуулгатай 23.2.16 дахь заалтыг тус тус нэмэхээр боллоо. Мөн төслийн 44 дүгээр зүйлд “Парламентат ёсны талаарх иргэдийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, сургалт, сурталчилгаа зохион байгуулах” гэсэн агуулгатай 4464.19 дэх заалтыг нэмэхээр тогтов.
Байнгын хорооны хуралдаанаар Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн анхны хэлэлцүүлгийг явуулав. УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын нэр бүхий гишүүд санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийг Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар танилцуулга хийлээ. Мөн эдгээр хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Жавхлан танилцуулсан юм.
Ажлын хэсгийн танилцуулга, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Занданшатар, Н.Амарзаяа нар асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлэв. Ингээд ажлын хэсгээс хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн баригдсан хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын саналуудаар санал хураалт явуулж шийдвэрлэв. Тухайлахад, төслийн 5 дугаар зүйлд “Энэ хуульд заасан зарчимд нийцүүлэн Улсын Их Хурлаас баталсан хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг нь тогтвортой хэрэгжих бөгөөд улс төрийн сонгуулийн үр дүнд шинээр бүрэлдсэн Улсын Их Хурал, Засгийн газар тухайн баримт бичгийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх үүрэгтэй” гэсан агуулга бүхий 5.5 дахь заалт, төслийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “улс төрийн намууд” гэж тус тус нэмэхээр тогтов.
Мөн төслийн 9 дүгээр зүйлд “Макро эдийн засгийн бодлого болон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудлыг салбар хооронд шууд удирдан зохион байгуулах бөгөөд улсын төсвийн төсөл Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд нийцэж байгаа эсэх асуудлаар Засгийн газрын хуралдаанд саналаа илэрхийлэх” гэсэн агуулгатай 9.4.4 дэх заалтыг, мөн зүйлд “Улсын Их Хурал Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Хөгжлийн зорилтот хөтөлбөр, Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэн батлах үед улс төрийн намууд төсөлд холбогдох саналаа төслийн анхны хэлэлцүүлэг эхлэхээс өмнө Улсын Их Хуралд албан бичгээр хүргүүлнэ” гэсэн агуулгатай 9.13 дахь хэсгийг нэмэхийг дэмжлээ.
Түүнчлэн ажлын хэсгээс бэлтгэсэн найруулгын саналууд, Эдийн засгийн байнгын хорооноос дэмжсэн болон дэмжээгүй саналын томьёоллууд, уг хуулийн төсөлтэй хамт өргөн баригдсан Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар гаргасан саналуудаар санал хураалт явуулж шийдвэрлэлээ.
Хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг дэмжив | ||
Үзсэн: 600 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.