Шууд Chart

Цэцийн 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэв

2020-04-28 17:57:41

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2020.04.28) хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцсэн юм. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаар Монгол УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт уг хуулийн 28 дугаар зүйлийн 28.3.1 дэх заалтад зааснаас өөр хугацаа тогтоосон нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9, 10 дахь заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцжээ. Уг хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан цэцийн дүгнэлтийн талаар гишүүдэд товч мэдээлэл өгөв.

Цэцийн дунд суудлын хуралдаанаар уг маргааныг хянан хэлэлцээд Улсын Их Хурлаас 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр баталсан Монгол УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Энэ хуульд заасны дагуу сонгууль товлон зарлахаас өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам сонгуульд оролцож, энэ хуульд заасан шаардлага хангасан Монгол Улсын иргэнийг УИХ-ын гишүүнд нэр дэвшүүлэх эрхтэй.” гэж заасны “Энэ хуульд заасны дагуу сонгууль товлон зарлахаас өмнө ...”, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.3.1 дэх заалтад “Энэ хуульд заасны дагуу нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэх хугацаанаас өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн;” гэж заасны “Энэ хуульд заасны дагуу нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэх хугацаанаас өмнө …” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад “... сонгогдох эрхтэй. ...”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэж заасныг тус тус зөрчсөн байна гэж дүгнэжээ.

Харин Монгол УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Энэ хуульд заасны дагуу сонгууль товлон зарлахаас өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам сонгуульд оролцож, энэ хуульд заасан шаардлага хангасан Монгол Улсын иргэнийг УИХ-ын гишүүнд нэр дэвшүүлэх эрхтэй.” гэж заасны “Энэ хуульд заасны дагуу сонгууль товлон зарлахаас өмнө ...”, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.3.1 дэх заалтад “Энэ хуульд заасны дагуу нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэх хугацаанаас өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн;” гэж заасны “Энэ хуульд заасны дагуу нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэх хугацаанаас өмнө …” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 10 дахь заалтад “нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам ... байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй. ...” гэж заасныг зөрчөөгүй байна гэж үзжээ. 

Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэв.


Цэцийн 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэв  
Үзсэн: 671 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй