
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2020.04.28) хуралдаанаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Н.Амарзаяа, Ё.Баатарбилэг, Ж.Батзандан, С.Бямбацогт, Д.Ганболд, Д.Лүндээжанцан, Ц.Мөнх-Оргил, Х.Нямбаатар нар санаачлан боловсруулж, энэ сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн юм.
Хуулийн төслийг Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт, нийгмийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн шинэчлэн боловсруулсан бөгөөд төсөл нь 6 бүлэг, 3 дэд бүлэг, 81 зүйлээс бүрдэж байгаа аж. УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн хууль санаачлагчддыг төлөөлж хийсэн танилцуулгадаа, иргэдэд хамгийн ойрын нэгж болох баг, хорооны эрх зүйн байдлыг тодорхой болгож, нутгийн өөрийн удирдлагын бусад хэлбэрийг хэрэгжүүлэх, Үндсэн хуульд заасан зарчмын хүрээнд өдөр тутмынхаа тулгамдсан асуудлыг өөрсдөө бие дааж шийдвэрлэх, шийдвэрийн үр нөлөө, хүчин чадлыг дээшлүүлэхийг гол зарчим болгосон. Ингэхдээ сум, дүүрэг нь орон нутгийн өөрийн удирдлагын бие даасан суурь нэгж байж, иргэдийн амьдралын тулгамдсан асуудлууд, нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн зорилтыг шийдвэрлэх чиг үүрэг, бүрэн эрхтэй байх, үүнтэй холбоотойгоор энэ хуулиар бий болох орон нутгийн чиг үүргийг голлон хэрэгжүүлэх нэгж байх зэргээр нутгийн өөрийн удирдлагыг иргэдэд илүү ойр нэгжид төвлөрүүлэхэд анхаарсан. Мөн аймаг нь сумдын нийтлэг эрх ашгийн төлөөлөл болохын зэрэгцээ төв засгийн газрын бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх, сум хоорондын асуудлыг зохицуулах, хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах, хяналт тавих чиглэл давамгайлсан чиг үүрэгтэй нэгж байхаар тодорхойлох зарчмыг тусгасныг дурдав.
Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх, шинээр байгуулах зарчим, журмыг төсөлд шинээр зохицуулжээ. Нэгжийг өөрчлөх асуудлыг голлон боловсруулж, зохион байгуулах байгууллага нь Засгийн газар байх, харин иргэдээс саналыг нь авах ажлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурал зохион байгуулах үүрэг хүлээх бөгөөд санал авах, үр дүнг тооцох журмыг Улсын Их Хурал тогтоох юм байна. Мөн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх хот, тосгоныг өөрийн удирдлагын хүрээнд эдийн засаг, нийгэм, аж ахуйн асуудлыг түлхүү шийдвэрлэх орон нутгийн корпораци захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, (аймаг, сум, баг, дүүрэг, хороо) түүний удирдлагын хэлбэрт шилжих эрх зүйн үндэс бий болгохтой холбогдуулан хот, тосгонд засаг “Засаг захиргааны шинжтэй" зарим чиг үүргийг хэрхэн шилжүүлэх, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага өөрийн нутаг дэвсгэр дэх хот, тосгоны өөрийн удирдлагатай харилцах суурь зарчмыг тогтоож өгчээ.
Түүнчлэн Үндсэн хуулийн үзэл санааны дагуу нутгийн удирдлагыг хөгжүүлэх, бэхжүүлэх асуудлын хүрээнд орон нутгийн чиг үүрэг, түүнчлэн төрөөс орон нутгийн удирдлагад шилжүүлж болох болон шилжүүлж үл болох чиг үүргийн жагсаалтыг тодорхойлжээ. Ингэхдээ чиг үүргийг аль болох иргэдэд ойр нэгжид хуваарилан, санхүүжилтийн асуудлыг хамтад нь шийдвэрлэх зарчмыг баримталсан байна. Энэ үндсэн дээр иргэдийн нийтийн Хурлын үйл ажиллагаа, зохион байгуулалтыг тусгайлан зохицуулахын зэрэгцээ бусад хэлбэр (иргэдийн санаачлах эрх, орон нутгийн санал асуулга зэрэг)-ийг хуульчилж, Иргэдийн Хурлын төлөөлөгчийн эрх зүйн байдлыг дэлгэрүүлэн, төлөөлөгч ба сонгогч иргэний хооронд “амьд харилцаа” байх нөхцөлийг бүрдүүлэх заалтуудыг оруулжээ. Нөгөө талаас үүргээ биелүүлэхгүй байгаа төлөөлөгчид хүлээлгэх хариуцлагыг шат дараатайгаар авахаар нарийвчлан зохицуулж өгчээ.
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг улс төрөөс ангид байлгах зорилгоор иргэдийн Төлөөлөгчдийн Хурал үйл ажиллагаагаа намын бүлгээр бус Байнгын болон Түр хороо, Ажлын хэсэг зэрэг өөрийн дотоод зохион байгуулалтын бүтэц, арга хэлбэрээр явуулах зохицуулалтыг оруулжээ. Сумын Хурлын сонгуульд улс төрийн нам нэр дэвшүүлэхгүй байх, мөн бусад Хурлын хувьд нэр дэвшүүлсэн нам нь төлөөлөгчөөр сонгогдсон гишүүндээ үүрэг хүлээлгэхгүй байхаар зохицуулж өгчээ. Түүнчлэн аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг тухайн орон нутагт байнга оршин суугаа сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж сонгох, харин нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас сонгож байгуулахаар тогтоосон байна.
Орон нутгийг бие даалгах, эдийн засаг, нийгмийн асуудлаа шийдвэрлэх эдийн засаг, нийгмийн цогцолбор болгох чиглэлээр засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тодорхой хувийг тухайн нэгжид хуулиар хуваарилах зарчмыг тусгаж, Татварын ерөнхий хуулийн 7.2.15-д заасан татварын орлогыг орон нутагт бүрэн үлдээхээр зохицуулжээ. Түүнчлэн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж орон нутгийн төсвийн төслийг боловсруулах, төсвөө бие даан батлах, төрөөс олгох татаас, тусгай зориулалтын шилжүүлгийг тухайн нэгж тус бүрд нэр заан батлах зарчмыг баталгаажуулж тусгасныг төсөл санаачлагч онцоллоо.
Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Ж.Батзандан, Л.Болд нар төсөл санаачлагч болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн асуултад төсөл санаачлагч гишүүн Д.Тогтохсүрэн, Ц.Мөнх-Оргил, ажлын хэсгийн гишүүн, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш Д.Ганзориг нар хариулт өгсөн юм. Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ.
Үргэлжлүүлэн Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ж.Батзандан, С.Бямбацогт, Х.Нямбаатар, Д.Оюунхорол, Б.Саранчимэг, Я.Санжмятав, Я.Содбаатар, Д.Тогтохсүрэн нар санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн юм. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан танилцуулав.
Улсын Их Хурал 2007 онд Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг батлан гаргаснаас хойш 26 удаагийн нэмэлт, өөрчлөлт оруулж, УИХ-ын хуралдааны үйл ажиллагаанд үүсэж байгаа тулгамдсан асуудлыг шуурхай зохицуулалт хийж, өөрчлөх, боловсронгуй болгох, олон улсын чиг хандлагыг тусгаж, парламентын төлөвшилт хөгжилтөд зохих үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Харин УИХ-ын 2020 оны 02 дугаар тогтоолын хавсралтаар “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх хуваар”-ийн дагуу Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 14 бүлэг, 126 зүйлтэйгээр боловсруулжээ.
Парламентат ёс хөгжсөн улс оронд парламентын анхдугаар хуралдаанаар парламентаа өөрөө зохион байгуулдаг нийтлэг зохицуулалттай байдаг. Иймээс хуулийн төслөөр УИХ-ын Анхдугаар чуулганыг зохион байгуулах, Ерөнхий сайдыг томилох, Засгийн газрын гишүүнийг томилох тухай Ерөнхий сайдын танилцуулгыг сонсох, Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөхтэй холбоотой харилцааг шинээр болон өөрчлөн найруулж тусгасан. Түүнчлэн Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдааны дэгийг шинэчлэн батлах, эсэх асуудлыг анхдугаар чуулганы хугацаанд хэлэлцэж, санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд оруулна. УИХ-ын гишүүдийн олонх хуралдааны дэгийг шинэчлэн тогтоох шаардлагагүй гэж үзсэн бол өмнөх УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд мөрдөж байсан хуралдааны дэгийг тухайн сонгуулиар байгуулагдсан УИХ-ын хуралдааны дэг гэж хүлээн зөвшөөрсөнд тооцохоор зохицуулсан гэдгийг төсөл санаачлагч илтгэлдээ дурдав.
Мөн хуулийн төслийг хэлэлцэх эсэх, анхны хэлэлцүүлэг, эцсийн хэлэлцүүлэг, хуулийн төслийг эцэслэн батлах гэсэн 4 үе шаттайгаар хэлэлцэн батлах; нэгдсэн хуралдаан тухайн төслийн талаар олон нийтээс санал авахаар шийдвэрлэсэн бол холбогдох Байнгын хороо уг ажлыг анхны хэлэлцүүлэг явуулахаас өмнө санал авах ажлыг зохион байгуулах; холбогдох Байнгын хороо хэлэлцүүлгийн явцад төслийн талаар Тамгын газраар эрх зүйн дүн шинжилгээ хийлгэн дүгнэлт гаргуулах; Байнгын хороо анхны хэлэлцүүлгийг төслийн зүйл бүрээр хэлэлцэхээр тусгасныг онцлов.
Харин Байнгын хороо төслийн эцсийн хэлэлцүүлгийн санал хураалтын дүнд үндэслэн эцэслэн батлуулах төслийн хувилбарыг бэлтгэж нэгдсэн хуралдаанд оруулна. Нэгдсэн хуралдаанд хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулах бөгөөд УИХ-ын нийт гишүүний олонх дэмжсэн бол хууль эцэслэн батлагдсанд тооцохоор зохицуулжээ. Түүнчлэн төсөлд хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг болон улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө зэрэг асуудлыг хэлэлцэх журмуудад зохих өөрчлөлтүүд оруулсан байна. Үүний зэрэгцээ албан тушаалтны бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх, томилох, чөлөөлөх, огцруулах, эгүүлэн татах асуудлыг хэлэлцэх, Ерөнхий сайдын мэдээлэл, гишүүний асуулга, асуултын хариуг сонсох, Засгийн газар, холбогдох байгууллагын тайлан, мэдээлэл, илтгэлийг сонсох, хэлэлцэх журмуудад зохих өөрчлөлтүүд оруулахаар төсөлд тусгажээ.
Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж тодруулан үг хэлж байр сууриа илэрхийлсэн бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 69.2 хувийн саналаар хуулийн шинэчилсэн найруулгын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.
Дараа нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд Л.Оюун-Эрдэнэ энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг танилцуулсан юм.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль, тогтоомжуудыг нийцүүлэх ажлын хүрээнд боловсруулсан уг хуулийн төсөл нь нийтдээ 38 зүйлтэй бөгөөд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй уялдуулан хуулийн 4 зүйл, хэсэг, заалтыг өөрчлөн найруулж, 2 хэсэг, 1 заалтыг шинээр нэмж, 5 зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулж, 4 хэсгийг хүчингүй болгохоор төсөлд тусгасныг хууль санаачлагч дурдав. Тухайлбал, сонгуулийн дүнгээр аль ч нам, эвсэл Улсын Их Хуралд олонхын суудал аваагүй тохиолдолд улс төрийн нам, эвсэл заавал олонхыг бүрдүүлж Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх, Ерөнхий сайд Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, зөвшилцөж чадаагүй тохиолдолд өөрөө өргөн мэдүүлэх, Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдийн дөрвөөс илүүгүй нь УИХ-ын гишүүн байж болох, Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөх бөгөөд тангараг өргөх журмыг Улсын Их Хурал тогтоох зэрэг зарчмын шинжтэй зохицуулалтыг тусгажээ.
Мөн Ерөнхий сайд Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулсны үндсэн дээр Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх, огцруулах зохицуулалт, түүнчлэн Ерөнхий сайдыг огцруулах, Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцрох талаарх зохицуулалтыг тусгаж өгчээ. Үүний зэрэгцээ Ерөнхий сайд улсын төсвийн болон бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр, Улсын Их Хурал тогтоолыг баталсан бол Ерөнхий сайдад итгэл үзүүлж, тухайн асуудлыг дэмжсэнд тооцохоор, тогтоолыг батлаагүй бол Ерөнхий сайдыг огцорсонд тооцох зохицуулалтыг хуульд нэмэхээр тусгасан. Мөн “Засгийн газар” гэсэн нэршил, Засгийн газрын бэлгэдлийг иргэн, хуулийн этгээд хэрэглэхийг хориглох заалтыг нэмсэн талаар төсөл санаачлагч дурдав.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Засгийн газрыг эмхлэн байгуулах журам, Ерөнхий сайдыг томилох, чөлөөлөх, огцруулах, Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх, огцруулах журам өөрчлөгдсөн тул хуулийн төсөлтэй холбогдуулан Монгол УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох тухай” УИХ-ын 2019 оны хоёрдугаар сарын 01-ний өдрийн 18 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хамтад нь боловсруулжээ.
Хуулийн төсөл батлагдсанаар төсөвт ямар нэг нэмэлт зардал шаардагдахгүй бөгөөд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт бодитоор хэрэгжиж, Засгийн газар тогтвортой ажиллах, гүйцэтгэх засаглалын эрх хэмжээ, үйл ажиллагааны чадавх дээшлэх ач холбогдолтой гэж үзэж буйгаа төсөл санаачлагч илэрхийлэв. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ.
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжуудыг нийцүүлнэ | ||
Үзсэн: 740 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.