
УИХ-ын 2020 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.04.30) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн анхны хэлэлцүүлгийг явуулав. УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын нэр бүхий гишүүд санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийг Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төрийн байгуулалтын санал, дүгнэлтийг танилцуулав.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Оюундарь асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсний дараа ажлын хэсгээс хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн баригдсан хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын саналуудаар санал хураалт явуулж шийдвэрлэв.
Байнгын хороо төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад зарчмын зөрүүтэй 16 санал гаргасныг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив. Тухайлахад, төслийн 5 дугаар зүйлд “Энэ хуульд заасан зарчимд нийцүүлэн Улсын Их Хурлаас баталсан хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг нь тогтвортой хэрэгжих бөгөөд улс төрийн сонгуулийн үр дүнд шинээр бүрэлдсэн Улсын Их Хурал, Засгийн газар тухайн баримт бичгийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх үүрэгтэй” гэсан агуулга бүхий 5.5 дахь заалт, төслийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “улс төрийн намууд” гэж тус тус нэмэхийг дэмжив.
Төслийн 9 дүгээр зүйлд “Макро эдийн засгийн бодлого болон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудлыг салбар хооронд шууд удирдан зохион байгуулах бөгөөд улсын төсвийн төсөл Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд нийцэж байгаа эсэх асуудлаар зөвшөөрөл өгөх” гэсэн агуулгатай 9.4.4 дэх заалт нэмэх, мөн зүйлд “Улсын Их Хурал Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Хөгжлийн зорилтот хөтөлбөр, Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэн батлах үед улс төрийн намууд төсөлд холбогдох саналаа төслийн анхны хэлэлцүүлэг эхлэхээс өмнө Улсын Их Хуралд албан бичгээр хүргүүлнэ” гэсэн агуулгатай 9.13 дахь хэсэг нэмэх санал дэмжигдэв.
Түүнчлэн Байнгын хорооносс дэмжээгүй саналууд болон ажлын хэсгээс бэлтгэсэн найруулгын саналууд, мөн уг хуулийн төсөлтэй хамт өргөн баригдсан Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар гаргасан саналуудаар санал хураалт явуулж шийдвэрлэв. Тухайлбал, Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн “Үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн яам” гэснийг “Эдийн засгийн бодлого, төлөвлөлтийн яам” гэж өөрчлөхөөр тогтов. Ингээд хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв. Үүгээр чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.
Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дэмжлээ | ||
Үзсэн: 740 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.