Шууд Chart

Эр эм хоёрын хооронд илжиг бүү хэл төр жороолох хэрэгтэй байна

2014-04-08 10:37:47

Монголын үндэсний олон нийтийн цахим хуудас MNB.mn, Олуулаа клуб, Иргэний нийгэм, Хүний хөгжлийн хорооноос санаачлан, Монгол Улсын Жендэрийн Үндэсний хороо, Хүний Эрхийн Үндэсний комисс, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл нарын байгууллагууд хамтран зарласан “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нэгдэцгээе” сэдэвт асуудал дэвшүүлсэн нийтлэлийн уралдаанд бүтээлээ ирүүлсэн сэтгүүлчдийн нийтлэлийг хүргэж байна.
-*-
Эр эм хоёрын хооронд илжиг бүү хэл төр жороолох хэрэгтэй байна
 
Гэр бүлийн хүчирхийлэл гэсэн үг манайханд нилээд  хол хөндий сонсогддог. Ихэнх нь энэ хүчирхийлэл ямар замаар хаана явагдаад байгааг төдийлөн сайн мэддэггүй. Мэдсэн ч мэдээгүй юм шиг л өнгөрдөг. Харамсалтай нь өнөөдөр гэр бүлийн хүчирхийлэл хаа сайгүй өрнөж, энд дан ганц эмэгтэйчүүд биш бас эрчүүд ч өртөж, эрх ашиг нь хөндөгдсөөр байгаа гэдгийг сануулах нь илүүц биз. Уг нь Монгол улс 2004 онд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг батласан орон. Гэвч хуулийг хэрэгжүүлэх нь бүү хэл ийм хууль байдгийг ч иргэд мэддэггүй. Хажуу хашаанд нь хүүхэд уйлж, эхнэр нөхрүүд зодолдож байсан ч тоодоггүй. “Эр эмийн хооронд илжиг бүү жороол” гэсэн сайхан үгээр халхавч хийдэг. Үнэндээ тэр хананы цаана хэний эрх ашиг хөндөгдөж, хэн хохирч байгаа нь хэнд ч хамаагүй орхигдсоор байна. Энэ нийтлэлийг бичихийн тулд бид хэд хэдэн бүсгүйчүүдтэй уулзаж ярилцсан юм. Бие махбодийн хүчирхийлэлд өртөж, эцэст нь гэмт хэрэгтэн болсон Насаа бүсгүй, гэр бүлийн  эдийн засгийн дарамт, шахалтнаас болж шаналж суугаа Цэнгэлмаа,  сэтгэл санааны хүчирхийлэлд өртөж, өөртөө итгэх итгэлээ алдсан Амаржаргал, хүүхдээ байнгын  хүчирхийлэл, дарамтанд байгааг харсаар байж яаж ч чадахгүй суугаа Энхмаа... Энэ дөрвөн бүсгүйн нэрийг бид мэдээж нууцалсан. Гэхдээ өөр хувь тавилантай ч тэд гэр бүлийн хүчирхийлэл гэсэн  цаанаа л нэг хүйтэн хөндий сонсогдох энэ гэмт хэргийн хохирогч нар.
 
Хүчирхийлэл хүчирхийллийг л төрүүлдэг

Би түүнтэй манайхны “Эмэгтэйчүүдийн хорих” гэж нэрлэдэг ШШГЕГ-ын харьяа 407 дугаар хорих ангид уулзсан юм. Хоолойгоо чичрүүлэн ярих энэ бүсгүйг Насаа гэдэг. Наснаасаа илүүтэй зовлон үзсэн байхдаа хэмээн өөрийн эрхгүй түүнтэй уулзахдаа бодож билээ. Өдгөө дөнгөж гучин насын босго шүргэж яваа залуухан бүсгүй хоёр хүүхэдтэй. Одоогоос арав гаруй жилийн өмнө Насаа аравдугаар ангиа төгссөнийхөө дараахан Батболд гэгч залуутай гэр бүл болсон гэнэ. Мэдээж анхны хайр, анхны амьдрал бүх юм гэрэл гэгээтэй, залуу хосууд тун ч аз жаргалтай байсан гэнэ. Гэвч энэ аз жаргал удаан үргэлжилсэнгүй. Батболд гэрлэлтээ батлуулсныхаа дараахан архи ууж, үл ялих шалтгаанаар байнга хардаж, сүүлдээ цохиод авдаг болж. Насаа эхний үед “Огцом ууртай юм. Надад хайртай учраас харамлаж, хардаж байна. Аяндаа гайгүй болох байлгүй” гэж боддог байсан гэнэ. Гэвч Батболдын ааш авир засарсангүй. Хоёр хүүхэдтэй болсон ч нөхрийнх нь араншин хэрээс хэтэрч, байнга зодоон нүдээн уйлаан, хэрүүл тасрахаа байжээ. Сална гэхээр салдаггүй, сайхан амьдарья гэхээр чаддаггүй нөхрийнхөө архидалт, уур уцаар, зодож жанчихыг  12 жил тэвчсэн  бүсгүй нэг л өдөр тэмцсэн гэнэ. Гэвч нөхөр нь нас барж, өөрөө хоригдох ял сонсчээ. Аминаасаа илүү хайртай хоёр хүүхэд нь өдгөө улсын асрамжинд байгаа гэнэ. Гэхдээ аавдаа зодуулж, ээж нь цус, нулимстайгаа хутгалдахыг нүдээрээ харж сууснаас арай л дээр байгаа байх гэж бодож сэтгэлээ хуурдаг гэж ярихдаа бүсгүй нулимсаа барьж тэвчихгүй байсан. Тухайн үед Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 407 дугаар ангид 300 гаруй эмэгтэйчүүд хоригдож байсан. Хамгийн аймшигтай нь Насаа бүсгүй шиг золгүй байдлаасаа болж гэмт хэрэгт холбогдсон хүмүүс хэтэрхий олон байдаг аж. Тус хорих ангийн ажилтнаас “Хорих ял эдэлж байгаа болон эдэлж байсан эмэгтэйчүүдийн 90 гаруй хувь нь гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, нөхөр болон хамтран амьдрагчийнхаа, эсвэл ах дүүсийнхээ амь насыг хөнөөснөөс болж ял эдэлж байгаа гэсэн судалгааны дүн бий” гэсэн үгийг сонсоод өөрийн эрхгүй сэтгэл шимширч байж билээ. Хүчирхийллээс хүчирхийлэл төрдөг гэсэн үг бий. Гэхдээ хүчирхийллийг давж гарахаар тэмцэж эцэст нь гэмт хэрэгтнүүд болон хувирч байгаа нь дэндүү харамсалтай.
 
Эдийн засгийн хүчирхийллийн хохирогч
 
Цэнгэлмаа хэн ч харсан атаархмаар сайхан бүсгүй. Тэрээр 1990 оны сүүлээр “Оюутан мисс” тэмцээнд оролцож, чамгүй амжилт гаргаж явсан бүсгүй. Цэнгэлмаа  оюутан байхдаа л нөхөртэйгээ танилцаж, хамтарч компани байгуулан, чамгүй ашигтай ажиллаж эхэлжээ. Гэвч хоёр дахь хүүхдээ гаргаснаас хойш компанийнхаа ажилд оролцож чадсангүй. Гэртээ хүүхдүүдээ харж суух болсон байна. Гурван хүүхэд нь бүгд л өндөр төлбөртэй сургууль, цэцэрлэгт сурдаг. Гэхдээ түүний хувийн амьдрал гаднах шигээ гял цал биш гэдгийг тэр нуусангүй. Нөхөр нь зургаан жилийн өмнөөс эхлэн өөр бүсгүйтэй болж, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал аль хэдийнээ үгүй болжээ. Нөхөр нь хартай, байнга хэл амаар доромжилдог гэнэ. Нөхрийнхөө байнга дорд үзсэн байдал, хэрүүл тэмцлээс залахсан бүсгүй  салах өргөдөл гаргахаар өмгөөлөгч хөлсөлж үзсэн ч хуулиар түүнд амьдарч байгаа байр, бас гурван хүүхдийнх нь тэтгэмж л олдоно гэдгийг сонсжээ. Харин түүнийг өмгөөлөгч авсан гэдгийг мэдсэн нөхөр нь галзууртлаа уурлаж, гурван хүүхдээ ч түүнд өгөхгүй өмссөн хувцастай чинь гудамжинд гаргана гэж заналхийлэх болсон байна. Цэнгэлмаа ажилгүй. Тиймээс хүүхдүүдээ ч алдаж магадгүй гэдгээс айж нөхрийнхөө хэл амаар доромжлохыг тэсэж тэвчиж суухаас өөр аргагүй байдалд орсон гэдгээ ярьсан юм. Монгол улс гэр бүлийн тухай хуультай. Гэвч гэр бүлийн гишүүн, ялангуяа хүүхдэд оногдох өв хөрөнгөний тухай асуудал энэ хуулиар зохицуулагддаггүй гэдгийг ч тэр ярьж байсан.
 
Сэтгэлийн дарамт
 
Амаржаргал бүсгүй бас л гэр бүлийн хүчирхийлэл дор амьдарч байгаа нэгэн. Нөхөр нь хэтэрхий хартай. Ажил төрөл хийлгэдэггүй. Нэг газарт ажилд оровч эрүүл согтуу ирж, хэл амаар доромжилдог аж. Тиймээс сүүлдээ ажилд орохоос ч халшрах болжээ. Түүний хувьд хамт олонтой болох, ажил хийх, өөрийн гэсэн орлого олох нь  мөрөөдөл төдий л зүйл болон хувирчээ. Уг нь тэр МУИС-ийн эдийн засгийн ангийг төгссөн, давхар англи хэлний орчуулагч мэрэгжилтэй. Гэвч  “Чи юу ч чадахгүй. Чи юу ч мэдэхгүй” гэж бүсгүйг нөхөр нь байнга мохоосоор...Сүүлдээ ч “Би юу ч чадахгүй, юу ч мэдэхгүй юм чинь гэж” бодож, энэ бодолдоо хэзээнээс итгэдэг болсноо ч мэдэхгүй байгаа гэж ярьж байсан юм. Тэрээр нөхрөөсөө салах гэж оролдсон ч “Гэр бүлээр чинь хүйс тэмтрээд  хаячихна шүү”, “Эцэг эх, ах дүү нартайгаа  хамт шатсан хүүхнийг санаж байгаа биз дээ” хэмээн дарамт үзүүлэх болжээ.
 
Дагавар хүүхдийн дагуул тавилан

Энхмаа дөрвөн хүүхэдтэй. Тэрээр одоогоос арван хоёр  жилийн өмнө Энхбат гэгч залуутай танилцаж, гэр бүл болжээ. Энхбаттай суухаасаа өмнө Энхмаа нэг хүүтэй байсан гэнэ. Энхбат том охиноо төрсний  дараагаас эхлэн хүүг нь ад үзэж, байнга л том дуугарч, боломж гарвал цохиод авдаг болж. Согтуу хөлчүү ирж, хүүг нь ухаан алдаж унатал цохиж, нүддэг байсан гэнэ. Энэ байдал даамжирсаар... Том хүү нь сургуульдаа явахаа байж, бүтэх бүтэхгүй хүмүүстэй нийлэн орон гэрээсээ дайжжээ. Үхтэл үр харам гэдэг. Энхмаа том хүүгээ бодоод нөхрөөсөө салахыг олон удаа бодож үзсэн аж. Гэвч гурван хүүхдээ дахиад л өнчрүүлэхээс айж байгаагаа ярьж байлаа. Байнгын дарамт шахалт зодуур дунд байдаг хүүгийн зан ааш хувирч, нэг л хөндий хоосон цэвдэг болж байгааг анзаарсан цагаасаа хойш Энхмаа улам их шаналдаг болжээ. Хайр хайрыг дагуулдаг, харин үзэн ядалт өш хонзонг авчирдаг юм байна гэсэн түүний үг сэтгэл рүү шивж байх шиг санадаж байсан.

Эр эм хоёрын хооронд илжиг бүү хэл төр жороолох цаг болжээ

Дээрхи гурван бүсгүйтэй уулзаж ярилцаж байхад  гэр бүлийн хүчирхийллийн хохирогч бүсгүйчүүд  хэн нь ч хууль цагдаагийнханд хандаж байгаагүй гэдгээ хэлж байсан юм. Насаа бүсгүйг хүүхдүүдийнхээ эцгийг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж, гэмт хэрэгтний ширээнд суусан тэр үед л нөхрийнхөө дарамт шахалтанд байсныг эцэг ах ах дүүс нь мэдэж, охиныхоо биен дээрх   хөх эрээн сорвийг харж байж л итгэсэн гэж тэр ярьж байсан. Харин Цэнгэлмаа эдийн засгийн хүчирхийлэлд өртөөд байгаагаа хэнд ч итгэж ярьж байгаагүй гэнэ.

Сэтгэл санааны дарамтанд орсон Амаржаргал бүсгүй ч мөн л хуулийнханд хандсангүй. “Нөхөртэйгээ хэрэлдээд эв зүйгээ олж чаддаггүй хүн л гэх байлгүй дээ. Ах дүү хамаатан садангууд маань ч нөхрийн аав ээж ч намайг ойлгохгүй. Ааштай адайр зантайгаар л дуудуулаад дуусна” гэж ярихдаа тэр уйлж байсан юм. Харин дагавар хүүгээ ухаан алдаж унатлаа зодуулсны дараа Энхмаа цагдаа дуудаж байжээ. Гэвч маргааш нь өөрийн биеэр очиж, “Гомдолгүй” гэсэн өргөдөл өгөөд нөхрөө гаргаж авсан гэнэ. “Нөхөр нь шоронд орчихвол дөрвөн хүүхдээ тэр ганцаараа тэжээж дийлэхгүй. Тэгээд ч хэзээ нэг цагт нөхөр нь шоронгоос гарч ирээд хүүг нь бүү хэл өөрийг нь алж мэднэ” гэж тэр айдгаа ний нуугүй ярьж байлаа. Монгол улс одоо л хохирогчийг хамгаалах хуультай болох гэж байгаа. Гэхдээ энэ хууль гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдийг хамгаалж чадна гэдэгт ч тэр эргэлзэж байгаагаа нуусангүй.  Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч бүсгүйчүүд бүгд л айдас дарамттай. Гэр бүлийнхээ дотоод асуудлыг ил ярьсандаа айж, бас санаа нь зовж байгаа нь илт байсан.

Манай Монголчууд хэзээнээсээ нэрлэх үү ард түмэн. “Гэрийн хэрүүлийг хээрийн хүнд бүү ярь”, “Эр эм хоёрын хооронд илжиг бүү жороол” гэж сургасаар ирсэн. Гэхдээ гэрийн доторх хэрүүлийг өнөөдөр хээрийн хүнд бүү хэл төрийн чихэнд дуулгаж, эр, эм хоёрын хооронд илжиг бүү хэл төр жороолохоос өөр аргагүй байдал хүрээд байна. Энэ үг эхнэр  нөхөр хоёрын хоорондох хэрүүлийг төр засгийн өндөр албан тушаалтнууд очиж  намжаагаад өг гэсэн үг биш. Харин гэр бүл гэдэг ариун нандин харилцааг илүү хариуцлагатай болгохын тулд Монголын төр гэр бүлийн тухай хуулийн заалтуудаа тодорхой болгож, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийнхаа хэрэгжилтийг  чангатгах шаардлагатай болоод байна.

Сүүлийн гурван жилд хүчирхийллийн улмаас хохирсон эмэгтэйчүүдийн тоо улам бүр нэмэгдэж байна. Одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2010 онд 284, 2011 онд 420, 2012 онд 534 эмэгтэй гэр бүлийн хүчирхийлэлд өртөж амь нас, бие махбодоороо хохирон цагдаагийн байгууллагад хандсан гэсэн албан ёсны судлагаа байна. Тэгвэл цагдаагийн байгууллагад хандаж чадахгүй мянга, мянган хүн хохирсоор байгаа гэдгийг дуулгах нь илүүц бизээ.
 
Б.Цоожчулуунцэцэг
shudarga.mn

Эр эм хоёрын хооронд илжиг бүү хэл төр жороолох хэрэгтэй байна   
Үзсэн: 5483 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.131.235.xxx [202.131.235.xxx] 2014-04-09 12:40
huuliig changatgah heregtei manai mongoliin zaiuuchuud bvdvvleg nvvdelchin amidral ulamjlalt heb maygaasaa salah durgvi so hvmvvs shv de. mongol hvvhnvvdiin erh dendvv ih zurchigddug ted dandaa nuuj bdag amidralaasaa nuhruusuu salhaasaa aidag uurtuu itgelgvi bdag shv de. tegeed erchvvdee dabraasan bdag odoo uurchlugduj temtseh heregtei shv hvvhnvvdee
203.169.55.xxx [203.169.55.xxx] 2014-04-08 20:02
Эр эмийн хооронд илжиг бүү жороол гэдгийг энэ сэтгүүлч их буруу ойлгож байна. Авгай нөхрийн хооронд хов бүү зөө гэсэн утга болохоос хүчирхийлэл гарсан үед бүү оролц гэсэн үг биш шүү. Монгол хэлээ ойлгохгүй сэтгүүлч байснаас ажилгүй гэлдэрч явсан нь дээр
202.179.20.xxx [202.179.20.xxx] 2014-04-08 18:49
tur ger bvliin hyylindaa uurchlult hj hyylin changatgah heregtei arail bnaa bi ch bas hvvhedtei gants bie emegtei bna hvntei syyhaasaa vnendee emeedeg hvvg mani daramtlaad bwal yah bileedee emegtei hvn hvvhed 2iin erh ashgiig amid ervvl yawah erhiigni batalgajylah heregtei
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-04-08 18:24
гэр бүлийн энэ хүчирхийлэгч гэгч газар авчээ дээ.миний охин ийм байдлаар олон жил амьдарсан цагдаа болон хуувийн байгууллагад хандаад ч нэмэргүй юм б илээ.цагдаагийн байгууллага ард иргэдээ хамгаалахасасс илүү хүчирхийлэгчийг хамгаалдаг гаадгийг бид бүгд таван жил хуулийн бйгууллагараар явж мапэрсэн.одоо энэ байдал газар авч байгааг шудраа гэж өөрийгөө рекладдаг ерөнхийлэгч болон тэмүүжининар даруй хууль гаргаж төр засаг хууль гэж байдаг бол эмэгтэйүүдээ хамгаалах цаг болсон
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2014-04-08 18:09
Жендер гэдэг гадаад үг тогтоосон хүүхнүүд бүгдийг өөрийгөө зөвтгөх гэж жүжиг тоглодог болсныг бас анхаарахгүй бол гэр бүл монголд байхгүй болно. Сургуульд сурсан хүүхнүүд улс орноо гэхээсээ цэнгэл хөөдөг болсон. Бар, цэнгээнд охид л байх боллооо. Ийм охидыг нөхөр нь шийтгэхгүй бол гэр бүл байх боломжгүй. Эсвэл хужаа нартай охидыг суулгаж солонгос, хужаагаас жендер гэдэггүй охидыг монголд авчирч амьдруулья.
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-04-08 13:52
СХД Ар Гүнтэд төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ, хүлэмж, газар тариалан, төрөл бүрийн аж ахуйн фермер эрхэлэх боломжтой, эрүүл тэгшхэн, цахилгаан ойрхон, эрүүл агаартай, хотоос 25-30км зайд байрлалтай эрүүл тэгшхэн 5га газар яаралтай хямд зарлаа.Утас 99084179
202.21.100.xxx [202.21.100.xxx] 2014-04-08 13:30
Гэр бүлийн хууль хэрэгтэй байна
182.160.44.xxx [182.160.44.xxx] 2014-04-08 13:14
Төр хамгийн сайн охоочин. Худал гэвэл Эбэгээс асуу
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2014-04-08 12:36
Tur ene asuudal deer anhaaral tavih tsag bolson bna Huuhed emegteichuudee hamgaalaya
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-04-08 12:21
ТӨР ХАМГИЙН МУУ МЕНЕЖЕР ГЭЭ БИЗ ДЭЭ.

Бидэнтэй нэгдээрэй