
Эрхэм уншигч танд "Хөх судар" бүлгэмийн
Олон тэнгэрүүд цуглаж, Бурханы цоо шинэ бүтээлийг шинжин ярилцаж гарав. Чөтгөрүүд бас тэрүүхэнд овоорон бужигналдах аж. Бурхан өөрөө заларсангүй нь бусад тэнгэрүүд өөрийн дураар бүтээлийг нь сонжиг хэмээснийх болой. Гагцхүү асууж ухсан алив тодорхойгүйд хариулт өгүүлэхээр шавиа илгээжээ.
Асур тэнгэр анхлан ам нээхдээ “Бурхан өөрийнхөө эс бүхнээр бүтээсэн гэх атал энэ мөн ч хэврэг эд ээ” гэж голонгуй дуугарав.
Үүнд Бурханы шавь “Үхэвч эргэж дахин төрөх хувилгаан чанартай юм л даа” гэж бахдан хариуллаа. Гэтэл Хурмаст тэнгэр нүргэлэн асуух нь,
-Энэ тэгээд мөнх бус юм бол мөн ч мунхаг байж таарна. Хэдийхэн гэгээрч, хэдийхэн боловсорч амжих вэ гэж бас л чамлав.
-Амжиж хураасан эрдэм бүхнийхээ үнэ цэнд баясан талархаг гэж тийн бүтээв гэж Бурханы шавь тайлбарлалаа. Бүтээлийг түрүүнээс хойш сүрхий шинжиж тойрсон Яшил цагаан тэнгэр асууруун,
-Үүнд аливааг багтаах сав хомс юм. Орчлон ертөнцийн сав шим, сайхан муухай, гэрэл сүүдэр, хар цагааныг чухам хаанаа багтаана даа гэж гайхшран санаа алдав. Бурханы шавь бас л “Сэтгэл гэж сав бий. Тэр сэтгэл гэгч саванд нь орчлон ертөнц сав шимтэйгээ хамт, сайхан муухай хоёр атаа, авшигтайгаа хамт, гэрэл сүүдэр хоёр гэм сүсэгтэйгээ хамт, хар цагаан хоёр буян хилэнцтэйгээ хамт цөм багтсан буй” гэж тайлж хэллээ.
Одоо Цэгээн Цэвдэг тэнгэрийн асуух ээлж болсон тул тэр босч асууруун,
-Бурхан өөрөө бүгдийг харах мэлмийтэй байтлаа энэ хүмүн гэгч амьтанд хол, ойрыг л халиах хоёр нүд заяасан нь ямар учир вэ. Ийм нүдээр орчлонгийн нууц, элдэв далдыг харж чадна гэж үү хэмээв. Энэ удаа Бурханы шавь асуултад хариулахгүй хэсэг түдэн удав. Үүнд тэнгэрүүд гэдийн сууж, сая нэг эз дийлэв гэсэн янзтай ихэмсэглэх аястай. Үүнд Бурханы шавь инээмсэглэн “Энэ хүмүнд болбоос их олон нүд буй. Тэднээс та бүхэн хоёрыг нь л харж чадаж байна. Яагаад та бүхэн бусад нүдийг олж харахгүй байна вэ” гэж харин ч тэнгэрүүдийг эргээд тохуурхах маягтай хэлэв ээ. Тэнгэрүүд суудал дээрээ хавчилзаж, ичсэндээ цагаан нь улаарч, улаан нь улам улаа бутарч суув. Ингээд тэд Бурханы нуусан бүх нүдийг олж илрүүлэхээр өнөө бүтээлийг дахин нарийн шинжиж эхэллээ. Хичээнгүйлэн хайсны эцэст бүгд л нэг нэг нууцийг нээн илрүүлж, түүндээ өөр өөрсдийн таних тэмдгийг үлдээцгээв. Асур бурхан билгийн нүдийг нээж, магнайг нь зүлгэж өгөв. Хурмаст тэнгэр сэтгэхүйн чинадыг уудалж, тэргүүнд нь сансрын эргүүлэг урласан бол Яшил цагаан тэнгэр сэрэл мэдрэмж, Цэгээн цэвдэг тэнгэр зөн совин тэргүүтнийг нээж олов гэнэ. Энэ мэтээр бүх тэнгэрүүд бүтээлийн бүх нүх сүв, нууцсыг тэмтэрч гүйцээлээ. Ингээд бүхнийг илрүүлж барав гэцгээгээд тэнгэрүүд таран одлоо. Энэ хооронд тэнгэрүүдийн нээсэн бүх нүд хийгээд нууцсыг чөтгөрүүд ч бас цээжилж авцгаав. Түүнээс хойш чөтгөрүүд тэдгээр нүдийг хаах, таглах мэтээр хорлох нь нэн тодорхой билээ.
Эцэст нь Бурхан хүрч ирж, бүтээлээ амилуулаад хэлэв гэнэ. “Би чамд ертөнцийн бүх зүйлийг харж, мэдрэх, ойлгох, таних олон нүд өгөв. Нэгээс бусдыг тэнгэрүүд нээж олсон тул тэдгээрийг одоо тэд мэдэж шийдэх болов. Харин олоогүй үлдсэн ганц нь азын нүд болой. Түүнийг тэнгэр, чөтгөрийн аль нь ч мэдэхгүй, гагц би л мэдэж шийдэх боллоо. Азын нүдийг би алганы чинь хонхорт нуусан юм шүү. Чи сая гараа атгаж зогссон тул тэд олсонгүй билээ” гээд “Бусдад алгаа битгий дэлгэж үзүүлж байгаарай” гэж захижээ.
"Алганы хонхор" өгүүллэг | ||
Үзсэн: 772 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.