
Монголын үндэсний олон нийтийн цахим хуудас MNB.mn, Олуулаа клуб, Иргэний нийгэм, Хүний хөгжлийн хорооноос санаачлан, Монгол Улсын Жендэрийн Үндэсний хороо, Хүний Эрхийн Үндэсний комисс, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл нарын байгууллагууд хамтран зарласан “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нэгдэцгээе” сэдэвт асуудал дэвшүүлсэн нийтлэлийн уралдаанд бүтээлээ ирүүлсэн сэтгүүлчдийн нийтлэлийг хүргэж байна.
-*-
Хүчирхийллийн хуульд нөхөөс хэрэггүй
Найз охиноо 48 цагийн турш зодож, аминд нь хүрлээ, гэр бүлээ цуцлуулах өргөдөл өгсөн эхнэрээ гэгээн цагаан өдөр гудамжинд хутгалж хөнөөлөө, гэр бүл цуцлах шүүхийн шийдвэр биелүүлэхээр очсон төрийн албан хаагчийг буудлаа, эхнэрээ хоосон хардаж, хазаар ногт, жирмээр зодон амь насанд нь хүрлээ гэх сэтгэл сэрдхийлгэм мэдээллүүд сонин хэвлэлийн хуудсыг хангалттай “чимлээ”. Хэвлэл мэдээллийнхэн өөр өөрийн өнцгөөс энэ талаарх мэдээллийг хүргэдэг ч нийгмийг туйлшруулж, хүний эрхийг зөрчиж байна гэх шүүмжлэлд өртөж эхлэв. Хүний санаанд оромгүй аймшигт хэргүүдийн цувааг таслан зогсоохыг төрийн тэргүүн, иргэний нийгмийн байгууллагууд уриалж, гэр бүлийн хүчирхийлэлтэй тууштай тэмцэхийг цаг үе шаардаж байна. Энэ тэмцэлд шийдвэр гаргагчид, иргэний нийгмийн байгууллагууд, сэтгүүлчид, иргэд хэрхэн бодит хувь нэмэр оруулах вэ. Одоогоос найман жилийн өмнө батлагдсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг шинэчлэн найруулж, УИХ-ын хаврын чуулганд өргөн барихаар зэхэж байна. Гагцхүү хөрсөн дээрээ бууж, бодит амьдралын шаардлагыг хангасан, гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох чадавхитай хууль батлахыг олон нийт хүлээж буй.
“Доголон” хуулиар домнодог цаг өнгөрчээ
Монголчууд “эр эмийн хооронд илжиг бүү жороол” гэж ярьдаг. Тэгвэл нийгмийн сэтгэл зүй өөрчлөгдөж аймшигт хэргүүд гарах болсноор “эр эмийн хооронд илжиг хүртэл жороолох шаардлагатай” боллоо. Монгол Улс 2004 онд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай бие даасан хуультай болсон ч хуулийн хамгаалалтыг энгийн иргэн авах нь байтугай хууль хяналтын байгууллагын албан хаагчид ч төдийлөн хэрэглэхгүй, мэдэхгүй явсаар найман жил өнгөрчээ. Энэ хугацаанд харин ч эсрэгээрээ гэр бүлийн хүрээнд аймшигтай хэргүүд үйлдэгдэж, энэ хэргийн хохирогчийн цар хүрээ эмэгтэйчүүдээр хязгаарлагдахгүй, хүүхэд, ахмад настныг хамарч, “доголон” хуулиар домнож байсны горыг амсч байна. “Доголон” гэж хэлэх болсон нь учиртай. Хуулийг санаачлагч иргэний нийгмийнхний санаачилсан хуулийн төслийг шийдвэр гаргагчид танигдахын аргагүй болгож өөрчилж баталсан тухай ч ярьдаг. Эрүүгийн хуульд гэр бүлийн хүчирхийллийн эсрэг буюу зодох, тарчлаах, гэмтэл учруулах тухай заалт бий. Гэтэл бодит амьдрал дээр 24 цагийн турш айдас, дарамтанд байгаа хүн хуулийн хамгаалалт авч чаддаггүй. Цагдаагийн байгууллагад хандсан ч гэр бүлийн дотоод асуудал гээд хайхрахгүй орхидог. Өөрөөр хэлбэл гэр бүлийн хүчирхийллийг хуулиндаа гэмт хэрэгт тооцохоор заагаагүй нөхцөлд хохирогч хэзээ ч хамгаалагдахгүй гэдэг нь ойрын үед гарсан хэдхэн хэргийн жишээнээс харагдлаа. Цагдаагийн байгууллагын тоон мэдээгээр өнгөрсөн 2013 онд зургаан хүн гэр бүлийн хүчирхийллээс амиа алдсан гэжээ. Харин өдөр тутам гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүмүүстэй ойр ажилладаг Хүчирхийллийн эсрэг үндэсний төв энэ тоог бодитой гэж үзэхгүй байна. Тус байгууллага алаг үрээ өлгийдөөд аравхан хонож байхдаа харгис нөхрийнхөө гарт амиа алдсан алдсан хэргийн араас хэдэн жилийн турш ажиллаж байж шийдүүлсэн бол жил гаруйн өмнө эхэлсэн давж заалдах эрхгүйгээр нэг талыг барьсан шүүхийн шийдвэр гаргаснаас амиа алдсан 22 настай эмэгтэйн хэрэг өнөөдрийг хүртэл эцэслэн шийдэгдээгүй л явна. Энэ бүхэн хаа хаанаа учир дутагдалтай, уялдаа холбоогүй, хууль мөрдөгдөж байсныг харуулна.
Хуулиа шинэчлэх бодит шаардлага
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг шинэчлэн боловсруулж, УИХ-ын хаврын чуулганд өргөн барихаар ажиллаж байгаа. Хуулийг цогцоор нь шинэчлэн найруулах хэд хэдэн зайлшгүй шаардлага тулгарсныг Хууль зүйн яам тодорхойлжээ. Зөвхөн сүүлийн гурван жил найман сарын хугацаанд гэр бүлийн хүрээнд 1505 хэрэг бүртгэгдэж, 49 хүн амиа алдаж, 1180 хүн гэмтсэн тоо бий. Харин хууль хэрэгжиж эхэлснээс хойшхи найман жилд хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах ердөө 41 шийдвэр шүүхээс гаргасан ч огт хэрэгжээгүй гэхээр ямархуу хууль үйлчилж байгаа нь тодорхой. Хуулийн зохицуулалт оновчтой бус, байгууллагуудын эрх, оролцоог хэт ерөнхий, салангид тусгаж, хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах процедурыг орхигдуулсан гэж мэргэжлийн хүмүүс дүгнэсэн байна. Мөн хуулийг батлахдаа дагалдах хуулиудад шаардлагатай нэмэлт өөрчлөлт оруулаагүйгээс хууль хоорондын хийдэл, зөрчилдөөн үүсч, хохирогчийн аюулгүй байдал хутганы ирэн дээр үлджээ. Өөрөөр хэлбэл хууль хүчгүй, тунхаглалын шинжтэй, хохирогч дахин хохирох, хүчирхийлэгч удаа дараа хариуцлагаас мултрах боломж олгож байж. Одоо хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах, хүчирхийлэл давтагдахаас сэргийлэх, бусад хуультай уялдах зэрэгт анхааран хуулиа шинэчлэн боловсруулах зайлшгүй шаардлага тулгараад байна. Түүнчлэн бие даасан гэх тодотголтой энэ хууль хэрэгжиж эхлээд хагас жил өнгөрсний дараа иргэний нийгмийн байгууллагуудын хийсэн судалгааны дүнгээс өөр олон гажуудлыг олж харж болно. /Гэр бvлийн хvчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилт, хохирогчийн аюулгvй байдлын хамгаалалт болон шүүхийн өнөөгийн практикт vнэлгээ хийх, цаашид авах арга хэмжээг тодорхойлох судалгаа. 2005 оны 6 сараас 2007 оны 6 сар/ Судалгаанд хамрагдсан хохирогчдын 83 хувь нь өөрийн болон гэр бүлийн бусад гишүүдийнхээ аюулгүй байдал, хүүхдийн хүмүүжил, дахин хүчирхийлэлд өртөхвий гэдэгт хамгийн их санаа зовж байна гэжээ. Мөн шүүхээс авсан арга хэмжээ хангалтгүй гэж 50 хувь нь, уулзахаар оролдохыг хориглох хамгаалалтыг хүссэн ч өөр арга хэмжээ авсан гэж 34 хувь нь үзсэн байна.
Хамгийн ноцтой нь гэр бүлийн хүчирхийллийн асуудлаар шүүхэд хандаж, ямар нэг шийдвэр гаргуулсны дараа хүчирхийлэл үйлдэгчийн зан төлөв эерэгээр өөрчлөгдөх бус 51 хувь нь өмнөхөөсөө огт дээрдээгүй, өширхсөн байдал нь улам гаарсан, 34 хувь нь уучлал гуйсан ч сэтгэл санаа зовсон хэвээр байсан гэжээ. Үүний шалтгааныг хүчирхийлэгчийн зан үйлийг өөрчлөх сургалтанд хамруулах боломж бүрдээгүй, шүүхийн шийдвэрийн биелэлтэд хэн хяналт тавих нь тодорхойгүй байгаатай холбоотой гэж хохирогчид үзсэн байна. Хохирогчдын 89 хувь нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуультай болсныг сайшаасан ч хууль амьдралд хэрэгжихэд санаа зовж буйгаа илэрхийлснээс харвал 2004 онд баталсан хууль дэндүү өрөөсгөл байсныг батална.
Шинээр батлагдах хуулиас бид юу хүлээж байна вэ?
Хүлээлт 1: Гэр бүлийн хүрээн дэх хүчирхийлэл, дарамтыг гэмт хэрэгт тооцох
-Хүчирхийллийг өнөөдрийг хүртэл гэр бүлийн дотоод асуудал, ахуйн маргаан гэж орхигдуулж ирсэн нь бидний мэдэх олон эмгэнэлт явдалд хүргэж байна. Тиймээс хуульд хүчирхийллийг гэмт хэрэгт тооцох заалт оруулах, хүчирхийлэгчдэд хүлээлгэх хариуцлагыг чангатгах нь нэн тэргүүнд засах гажуудал юм. Шинэчлэн боловсруулж буй хуулийн төсөлд хүчирхийлэл үйлдсэн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тусгаснаас гадна хүүхдийн эсрэг хүчирхийлэл гэсэн бүлэг нэмжээ. Энэ бүлэгт гэр бүлийн хүрээнд хүүхдээ зодож тарчлаавал эрүүгийн хариуцлагад татах, хүүхдийг эцэг эхээс нь шууд тусгаалах, албадан сургалтанд хамруулах, эцэг эх байх эрхийг нь хасаг хүртэл нарийн зохицуулалт орсон байна.
Хүлээлт 2: Бусад холбогдох хуультай уялдах
-Хэрэв гэр бүлийн хүчирхийллийг хуулиндаа гэмт хэрэг гээд тодорхойлчихвол саяхна батлагдсан Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд орсон гэмт хэрэг гарахаас өмнө урьдчилан сэргийлэх, эрүүгийн хэрэг үүсгэн хамгаалалтдаа авах боломжтой. Ингэснээр хүчирхийлэл үйлдэгчийг давхар хамгаална, гэмт хэргийг таслан зогсооно. Өөрөөр хэлбэл нэг нь шоронд, нөгөө нь шороонд булагдахаас хамгаалсан заалт.
Хүлээлт 3: Хамрах хүрээ өргөн байх
-Хөрш айлд нь харгислал үйлдэгдэж байхад нүдэн балай чихэн дүлий байж болохгүй. Өөрөөр хэлбэл хуульд гэр бүлийн хүчирхийллийн талаар мэдээлэл өгөх үүргийг тусгах, мэдсээр атлаа мэдээлэл өгөөгүй бол хариуцлага тооцох, мэдээлэл өгсөн хүнийг урамшуулах заалт оруулах нь үр дүнгээ өгнө. Өргөн утгаар нь авч үзвэл хуулийн үйлчлэх хүрээг өргөтгөж эхнэр нөхөр байсан, дундаасаа хүүхэдтэй хүмүүс, асран хамгаалагч, хамгаалуулагч, харгалзан дэмжигч, тодорхой нөхцөл шалтгааны улмаас тухайн гэр бүлд амьдарч байгаа хүн энэ хуулийн зохицуулалтад хамаарагдахаар тусгах зорилт бий.
Хүлээлт 4: Хохирогч дахин хохирохгүй байх
-Хүчирхийлэлд өртсөн хүн гомдол гаргахад шүүхэд тэмдэгтийн хураамжийн мөнгө төлнө, агсам тавьсан нөхрөө эрүүлжүүлсэн эхнэр эрүүлжүүлэхийн мөнгө, захиргааны арга хэмжээ авсан торгуулийг төлдөг жишиг хаа сайгүй бий. Цаашлаад нөхөртөө зодуулсан эмэгтэй шүүх эмнэлгийн дүгнэлт гаргуулахын тулд өөрөөсөө дахиад л зардал гаргана. Энэ бүхэн хохирогч дахин дахин хохирдгийн тод жишээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүчирхийлэл, дарамт үйлдсэнээс гарсан бүх төлбөрийг хүчирхийлэгч төлдөг байх, албадан хөдөлмөрийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэх, гэр бүл нийгэмдээ ямар гай тарьсныг ойлгуулах сургалттай байх, энэ үйлдлээ давтвал хариуцлага чангарахыг ойлгуулах зэрэг иж бүрэн зохицуулалт хийх санаачлага гаргасныг хуульд тусгах хэрэгтэй.
Хүлээлт 5: Шүүхийн шийдвэрт хяналт тавих
-Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуульд байгаа “Эрх хязгаарлах” тухай заалтыг хохирогч байтугай хууль хяналтынхан өөрсдөө ч сайн ойлгодоггүй гэхэд хилсдэхгүй. “Эрх хязгаарлах” хариуцлага ногдуулсан ч хэрхэн хэрэгжүүлэх, хэн хяналт тавих, яаж сунгах, хэзээ зогсоох талаар хуульд нэг ч өгүүлбэр байхгүй. Харин ч эсрэгээрээ эрхээ хязгаарлуулсан хүн хохирогчийн дүрд тоглож, өс хонзон санадаг гажиг үзэгдэл бий болчихож. Тиймээс шүүхээс гаргасан эрх хязгаарлах шийдвэрийг хэн, яаж гүйцэтгэх, зөрчигдсөн тохиолдолд хэрхэх нь тодорхойгүй байгааг өөрчилж, Шүүхийн шийдвэр биелүүлэх газрын үүргийг тодорхойлно гэж хуулийн төсөл боловсруулагчид үзэж байгаа. Жишээ нь хүчирхийлэгчийг хохирогчид ойртуулахгүй байх төхөөрөмж бүхий бугуйвч зүүлгэдэг олон улсын туршлагыг нэвтрүүлэх, бага насны охид хүчирхийлсэн этгээдэд нэмэлт ял болгох замаар хорих ялаа эдэлсний дараа ч энэ хязгаарлалтыг хийдэг байх зэрэг бүтээлч санаачлага байж болно.
Эцэст нь өмнөх алдаагаа засч, цаг үеийнхээ бодит шаардлагад нийцсэн, хэрэгжүүлэх боломжтой хууль баталж чадвал гэр бүлийн хүрээнд гарах аймшигт хэргүүдийг таслан зогсооно. Гэмт хэрэг гарсны дараа хэвлэл мэдээллээр шуугиж, энэ нь хохирогчдод сөргөөр нөлөөлөх буруу хандлага арилна.
Найман жилийн өмнө “доголон” чигээр нь баталчихсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль энэ удаа хаврын чуулганаар үзэл баримтлал, мөн чанараа алдалгүй батлагдаасай. Үүнд шийдвэр гаргагчид нөлөө үзүүлж, зүтгэл гаргаасай. Хүчирхийллийн хуульд нөхөөс хэрэггүй...
С.Отгонсүрэн /News.mn/
Хүчирхийллийн хуульд нөхөөс хэрэггүй | ||
Үзсэн: 2772 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.