
Ахлах дэслэгч Д.Болормаа
Буурал болсон ч саарал шинельтэй нөхрөө санаж явдаг тийм сайхан дайчин нөхөрлөл цэргийнхэнд байдаг. Хамт алба хааж байсан, бид хоёр нэг оных, бид хоёр нэг сургуулийнх, бид хоёр хамтдаа эрх орныхоо төлөө үүрэг биелүүлж явсан гэдэг энэ агуу нөхөрлөл бол насан туршийнх байдаг. Энэ нөхөрлөлөөр аливааг гэтлэн давж чаддаг, нэгнээ хурцлан ирлэдэг, урам өгдөг, дэмжин тэтгэдэг, түшин тулдаг гайхамшиг гэлтэй.
Цэргийн нөхөрлөлийн талаар Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн байлдагч Б.Баянжаргал, Д.Мөнхбат, Д.Цэрэнбат нарын сэтгэгдлийг хуваалцав. Байлдагч Д.Мөнхбат, Б.Баянжаргал нар Өмнөговь аймгийнх бол байлдагч Д.Цэрэнбат Өвөрхангай аймгийнх. Тэд өөр өөр орчин нөхцөлд төрж өссөн, эзэмшсэн мэргэжил, сонирхол нь ч харилцан адилгүй гэлээ тэднийг нэгэн зүйл нэгтгэж чадсан нь эх орноо гэсэн хүсэл тэмүүлэл ажээ. Магадгүй цэргийн нөхөрлөл өөрөө эх орон гэдэг хүсэл, зорилгод нэгтгэж өгдөг учраас тэр байх.
Нөхөрлөлийн тухай байлдагч Д.Мөнхбат “Нөхөрлөл бол хүүхэд байхаас эхэлнэ. Миний хувьд арван жилийн сургуулийнх, Манлай сумынх, ах дүүсийн үе тэнгийн хүүхдүүд гээд хүрээлэл цөөнгүй бий. Харин тэр дундаас нэгнээ гэсэн нинжин сэтгэл дээр тогтдог цэргийн нөхөрлөлийг дурдахгүй байхын аргагүй. Цэргийнхэн бол их онцлогтой хүмүүс юм шиг санагддаг. Хамт суралцана, хамт хөдөлмөрлөнө, хамтдаа бэлтгэл хийнэ гээд бүх зүйл дээр хамтдаа. Олон газраас, олон аавын хүү цуглаад хэсэг хугацааны дараа нэг хүн шиг цул болж, нэгнээ ойлгон дэмжиж, асуудлыг хамтдаа хийж шийдэхдээ гар нийлэмжтэй, дөхөмтэй болчихсон юм шиг ээ. Цэргийн алба нь өөрөө бат нөхөрлөлийг бий болгодгоороо онцлог. Манай ангийн бүх хугацаат цэргийн алба хаагчид хэнийг ч ялгалгүй харьцаж, нөхөрлөдөг. Энэ нөхөрлөлөөс амьдралынхаа найзуудыг олж авсандаа их баяртай байгаа” гэлээ.
Байлдагч Б.Баянжаргал “Энэ орчлонгийн хамгийн оройн дээд болсон тусгаар тогтнол байдаг учраас нөхөрлөл нь ч тэр хэмжээгээр бат бөх оршдог юм байна гэж хардаг. Байлдааны туг дор жигдрэн жагсаж яваагийн хувьд нөхөрлөл нь ч гэсэн гэгээн байдаг юм” хэмээн онцлоод цэргийн нөхөрлөл хэзээд бат бэх бөгөөд үнэнч байдаг байх аа гэв. Тэрээр бас Зэвсэгт хүчний 167 дугаар ангид 2019-2020 онд хугацаат цэргийн алба хааж байгаа бидний нөхөрлөл ямар ч цаг хугацаа өнгөрсөн үргэлж бат бэх хэвээрээ байна гэсэн юм.
Харин байлдагч Д.Цэрэнбат “Зөвхөн бие биеэ гэсэн бичигдээгүй хуульд захирагддаг, эрхэм нандин харилцаа нь цэргийн нөхөрлөл. Энэ нөхөрлөл нэгийнхээ амьдралынхаа хүнд хэцүү үе, баяр баясалыг хуваалцдаг болгож, эх орны тусгаар тогтнол хэмээх эрхэм зүйлд нэгдүүлж чаддагаараа бусдаас ялгаатай. Миний аав одоо ч гэсэн цэргийн алба хамт хаасан онжавуудтайгаа сайхан нөхөрлөж явдаг. Одоо би аавыгаа бүр их ойлгож байна. Цэргээс олж авсан нөхөрлөл гэдэг ямар аугаа гэдгийг нь” гэв. Цэргийн нөхөрлөлийг бахдан хуучилсан залуусын гэрэл зургийг авах болоход “Бид нэгнээ ялгаж гурвуулхнаа зургаа авахуулахгүй ээ” хэмээгээд яриаг нь анхааралтай чагнаж суусан бусад нөхдөө уриад инээмсэглэн зогслоо.
Эх сурвалж: Хуурай замын цэргийн командлал
Цэргийн нөхөрлөл гэдэг хамгийн үнэ цэнтэй | ||
Үзсэн: 1330 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.