Шууд Chart

Б.Алтантулга: Улсын хэмжээнд 172 мянган эх “Цалинтай ээж” хөтөлбөрт хамрагдаж байна

2020-09-09 15:57:46

-Улсын хэмжээнд “Цалинтай ээж” хөтөлбөрт хэчнээн хүн хамрагдаж байгаа вэ?

-Улсын их хурал 2017 онд Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийг баталсан. Энэ хууль 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Энэ хүрээнд “Цалинтай ээж” хөтөлбөр буюу 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч буй эхэд, 0-18 хүртэлх насны гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт болон ихэр хүүхдийн, жирэмсэн эхийн тэтгэмж гэсэн үндсэн дөрвөн төрлийн тэтгэмж олгож байна. Олон улсын байгууллагуудын хийсэн судалгаагаар хүүхдийг эхийн хэвлийд бүрэлдэн тогтсон эхний мянга хоногт шаардлагатай шим тэжээлээр хангавал биеийн болоод оюуны хөгжилд маш эерэг нөлөөтэй гэдэг нь батлагдсан. Ялангуяа хүүхдийг төрсний дараа эхийн сүүгээр хооллох нь нэн чухал гэдэг зөвлөмжийг ч олон улсын байгууллагууд улс орнуудад хүргүүлдэг. Мөн төрийн болон хувийн хэвшлийн цэцэрлэгийн 0-2 хүртэлх насны хүүхдийг асрах анги манай улсад хангалттай тоогоор байдаггүй зэрэг асуудлыг харгалзан үзээд улсаас дээрх тэтгэмжүүдийг олгодог.

Өнөөдрийн байдлаар “Цалинтай ээж” хөтөлбөрт 172 мянган эх хамрагдаж байгаа. Энэ онд “Цалинтай ээж” хөтөлбөрт зориулан 110.6 тэрбум төгрөг улсын төсөвт суулгасан. Малчин, оюутан гээд бүх л ээж 36 сар буюу гурав нас хүртэл нь хүүхдээ харж байгаа тохиолдолд сар бүр 50 мянган төгрөг авдаг. Ганцхан тохиолдолд буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлд зааснаар эх хүүхэд асрах чөлөө аваад хүүхдээ гурван нас хүрэхээс нь өмнө ажилдаа орсон тохиолдолд “Цалинтай ээж”-ийн тэтгэмжийг зогсооно. Мөн ажлаасаа хүүхэд асрах чөлөө авсан гурав хүртэлх насны хүүхдээ харж буй ээжүүдийн нийгмийн даатгалын шимтгэлийг улсаас төлж байгаа. Үүнээс гадна Нийгмийн даатгалын тухай хуульд зааснаар эхчүүдийн хүүхэд гаргасан тоогоор ажилласан жилийг нь 1.5 жилээр нэмж тооцож байгаа. Түүнчлэн гурав хүртэлх насны хүүхдээ харж буй ээжүүдийн ажил олгогчийн төлдөг нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх хуулийн зохицуулалт энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн.

-Ихэр хүүхдийн тэтгэмжтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Ихэр(хоёр) хүүхэд тус бүрт нэг удаа нэг сая төгрөгийн тэтгэмж олгодог. Эцэг, эхчүүд энэ тэтгэмжийг авах хүсэлтээ хүүхдүүдээ дөрвөн нас хүрэхээс нь өмнө гаргах ёстой. Харин гурав болон түүнээс дээш ихэр хүүхэдтэй бол хүүхэд тус бүрт нэг удаа гурван сая төгрөгийн тэтгэмж олгодог. Улсын хэмжээнд жил бүр мянга гаруй ээж ихэр хүүхдийн тэтгэмж авдаг.

Харин 0-18 хүртэлх насны гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмжид жилд 6700 хүн хамрагддаг бөгөөд улирал тутам хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 420 мянган төгрөгийн тэтгэмж олгодог. Өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмжид хамрагдаж буй хүмүүсийн 400 орчим нь өрх толгойлсон эцэг байдаг.

Мөн нэг мэдээлэл хүргэхэд жирэмсэн эхийн тэтгэмжийг жирэмсний таван сартайгаас төрөх хүртэлх хугацаанд олгодог. Өөрөөр хэлбэл, сар бүр 40 мянган төгрөгийн тэтгэмжийг таван сарын хугацаатай олгоно. Тухайн ээж амаржсаныхаа дараа үргэлжлүүлэн “Цалинтай ээж”-ийн тэтгэмжид хамрагдана. Түүнчлэн “Цалинтай ээж”-ийн тэтгэмжид хамрагдаж байсан ээж жирэмсэн болох тохиолдол бий. Энэ тохиолдолд жирэмсэн эхийн тэтгэмжийг давхар олгохоор хуулиар зохицуулсан.

-Иргэд нийгмийн халамжийн үйлчилгээг цахимаар авдаг болсон. Энэ хүрээнд дээрх тэтгэмжид хамрагдах хүсэлтээ хэрхэн цахимаар хүргүүлэх вэ?

-Шинээр байгуулагдсан Засгийн газраас баримталж буй бодлого, төрийн үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэлгүй байлгах зорилтын хүрээнд нийгмийн халамжийн үйлчилгээг цахимжуулж байгаа. Энэ хүрээнд “Цалинтай ээж”, жирэмсэн эхийн, 0-18 хүртэлх насны гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн, ихэр хүүхдийн тэтгэмж, Алдарт эхийн одонгийн болон “Насны хишиг”-ийн мөнгө авах хүсэлтээ www.ehalamj.mn сайтаар буюу цахимаар ирүүлэх боломжтой. Мөн гар утасны “ebarimt” аппликэйшнийг ашиглан хүсэлт гаргаж, өөрийн дансаа холбож болно. Мөн интернэт ашиглах, цахим үйлчилгээ авах боломжгүй иргэд өөрийн сум, хорооныхоо халамжийн мэргэжилтэнд хандан хүсэлтээ цахимаар ирүүлэх боломжтой болсон.



Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Б.Алтантулга: Улсын хэмжээнд 172 мянган эх “Цалинтай ээж” хөтөлбөрт хамрагдаж байна  
Үзсэн: 3293 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй