Шууд Chart

Нэгэн өгүүллэгийн тухай

2020-11-03 11:57:40

-Уншигчийн сэтгэгдэл- 

Зарим хүмүүс өнөөгийн бичлэгт шилдэг өгүүллэг ховордсон мэтээр ярьж бичдэгтэй уншигч би санаа нийлдэггүй. Харин ч зарим талаар өгүүллэгийн бичлэгт шинэлэг уур амьсгал гарч байгаа юм биш үү. Өнөөгийн өгүүллэгүүдэд хот суурин орчмын ахуй амьдрал, байгальтай холбоотой үйл явдал элбэг байгаа ч Монгол орноо дэлхий ертөнцөд таниулж байгаа малчдынхаа тухай, Дэлхийд гайхагдсан нүүдлийн сонгомол мал аж ахуйтай холбоотой зохиол бүтээл ховордсон юм уу молхи уншигч би олж уншиж чадахгүй байгаа ч юм бил үү гэж мунхаглан сууна.

Жирийн уншигчийн бодож байгаагаар хэн хүний сэтгэлд шингэсэн гайхамшигт өгүүллэгүүд цөөнгүй бий. Тухайлбал Д.Нацагдоржийн "Ламбугайн нулимс", "Цагаан сар ба хар нулимс", Ц.Дамдинсүрэнгийн "Солийг сольсон нь", Ч. Лодойдамбын "Малгайтай чоно", С.Эрдэнийн "Хулан бид хоёр", "Нарангарав",  Б.Догмидын "Хүний хань", Ц.Түмэнбаярын "Уралийн тэс мод", С.Пүрэвийн "Уул, өвгөн хоёр", До.Цэнджавын "Хоёрын даваа", "Морь", С.Дашдооровын "Үрт амьтан" зэрэг шилдэг өгүүллэгүүд, Л.Түдэв,  Ж.Лхагваа, Д.Батбаяр, П.Батхуяг, Ц.Доржготов, Д.Намсрай, Д.Норов ... зэрэг зохиолчдын шилдэг өгүүллэг, эсээнүүд гээд над мэтийн мөхөс уншигч тоочиж баршгүй.

Яруу найраг, үргэлжилсэн үгийн зохиол, сэтгүүл зүйн бичлэгээрээ нэрд гарч яваа авьяас билэгт бүсгүй Балсангийн Лхагвасүрэнгийн “Яргуй үдлэх цагаар” хэмээх өгүүллэгийг уншаад ийм богино бичлэгт бүхэл бүтэн нийгэм, хамт олны төлөөллийн эдүгээгийн хөдөөгийн амьдрал, ардын уламжлалт зан заншил, Монгол өтгөсийн уламжлалаа дээдэлсэн хүн чанарын гайхамшиг, эрдэнэт мал сүрэг, түүний бэлчээр бүхий Монгол нутгийн хөдөөгийн сайхан, өнөөгийн хөдөөгийн залуу малчин, дарганцрын ажил үйлс, ахмад үеийнхний гэр бүлийн бүлээн дулаан уур амьсгал... гээд олон үйл явдлыг энгийн үгээр нүдэнд харагдаж, сэтгэлд шингэтэл дүрсэлсэн нь уншсан бүрийн сэтгэлд шингэсэн нь гарцаагүй. Уг зохиолыг уншаад богино өгүүллэгт туульсын томоохон бүтээл роман, туужиийнх шиг олон үйл явдлыг багтаан бичиж болдог юм байна гэж бодогдлоо.

  • Энэ бүтээлд өнөөгийнхөө нутгийн малчны амьдралыг өвөрмөц аргаар дүрсэлсэн нь нэн сонин санагдлаа. Дөрвөн цагийн эргэлтэд нүүж амьдардаг Монголчуудын нүүдлийн амьдрал үнэхээрийн гайхамшигтай. Өнтэй өвөлжөөд хаврын улирал эхэлж, цас ханзран алаг тарлан болж урин бүлээн салхи сэвэлзээд эхлэхэд урт хөлийн мал тэмээ, адуу хаваржаа руугаа үе үе гүйж төвөг учруулж эхэлнэ. Хот айлын хонины доохон талд шөнөжин налайгаад хэвж хэвтдэг амгалангийн амгалан болсон үхэр сүрэг хүртэл оройд ирэхээ больж мөн л хаваржаа, зуслангийхаа зүг руу тэмүүлж эхэлнэ. Өдөр бүр хотолдог хонь, ямаа цөм хаваржаа, зуслангийн зүг руу харж паагсан шар бууцнаасаа залхсан янзтай хотоо захалж хэвтээд эхэлнэ. Ингээд малчин хүн таван эрдэнэ болсон мал сүргийнхээ аяыг дагаж нүүхээс өөр аргагүй болдог. Хаваржаанд тун удахгүй агь нүдэлж, хөр цасыг яран яргуй гарч, түүний цэцэг тэнгэрийн өнгөөр цэнхэртэж, голын хөндийн бургас гөлөглөж, үртэй болгон соёолж, үндэстэй бүхэн ургаж төлжинө. Хаа сайгүй гичгэнийн шар цэцэг байгалиа чимэглэж эхэлнэ. Яргуй хөөсөн ямаад өнгө зүс орж, сүү сааль нь нэмэгдэнэ. Намрын намарт холыг зорьсон усны айлчин шувууд төрж өссөн нутгаа санахын дээдээр саналаа гэх шиг ганганан дуулалдсаар ирнэ. Хаварт дэлгэрэх цэцгийн ертөнцийг хүлээж ядсан ажилсаг хөөрхөн алиахан зөгий дүнгэнэн нисч балаа цуглуулж эхэлнэ. Хаваржаандаа хүрч арай ядан малаа төллүүлж дуусаад байтал төдөлгүй нөгөө хэдэн мал зуслангийнхаа зүг тэмүүлээд эзнээ нэг хором ч амраахгүй. Ингэхээр малынхаа буян, ашиг шимээр амьдардаг малчин малынхаа аяыг дагахаас аргагүй. Хөдөөгийн энэ амьдралыг Б.Лхагвасүрэн яг зурсан зураг харуулжээ. Энд л мянга мянган жилийн туршлагатай малчдын ажилч хичээнгүй, нүүдлийн олон зан заншил ундарч эхэлнэ. Ухаант өтгөс дээдэс дөрвөн улиралдаа тохирсон нүүдлийн мал аж ахуйн сонгомол аж ахуй, амьдралын өвөрмөц хэвшлийг бий болгосныг уг бүтээлд тод дүрсэлснээрээ өвөрмөц болсон санагдана. Монголчуудын олон зууны туршид амьдралын гол үүсгэвэр болсон байгалийн нөхцөлдөө зохицсон нүүдлийн  мал аж ахуйг суурин болгоно гээд байгаа зарим хүмүүсийн санаа тийм ч зөв биш болов уу даа.
  • Монгол өтгөс дээдсийн зан заншил, малч ухаан, малчин гэр бүлийн хосууд бие биеэ гүн хүндэтгэдэг сайхан зан чанарыг Мөр өвгөн, түүний хань хоёрын бодлоор гаргасан нь нэн сонин. Өгүүллэгт бичсэнээр униарт хөх талаараа, хөх ямаадаа туугаад, хөх тэнгэрийнхээ дор хөдөөгийн хөх өвгөн Мөр гуай зусландаа яараад хэдэн мал нь ч яараад нүүж явна. Хэдэн мянганы тэртээгээс эх нутагтаа нутагшсан мал нь зусландаа тэмүүлээд хүнээр туулгах биш хүнээ дагуулж яваа нь малчин, мал хоёрын холбоо, байгалийн амьд амьтдын шүтэлцээг харуулснаараа амьдралд тун ойр болжээ. Малчин ахуйд зусландаа нүүж очих шиг жаргал мал, малчин хоёрт байдаггүй билээ. Мөр гуай баяртай нь аргагүй хэдэн сөрөвгөр сахлаа хөдөлгөн сэтгэл хангалуун малаа тууж явахад хэдэн хөх ямаа нь нүүдэл хөсгөө дагах биш дагуулж явна. Малаа тууж ачаагаа хөтлөөд явж байхдаа хоёр хөгшин хотод сурдаг хайртай хоёр охиноо  санагалзан яваа нь эх, эцгийн сайхан сэтгэлийг илтгэж насан туршдаа ханилсан хоёр биеэ хүндэтгэн хайрсаж бодож байгаа нь гэр бүлийн эв найрсаг, сайхан чанарыг илтгэж байна. Мөр гуайн хань: хоёр охиноо өхөөрдөн бодож, “Зусландаа бууна гэдэг охид минь ирлээ л гэсэн үг дээ. ...Мөдхөн охидоо сургууль номоо дүүргэхээр нь хот орно гээд иш мухаргүй зүтгэх вий дээ. Санаагаар болдог бол нутаг орондоо ирвэл аштай юу даа гэж бодоод бид хоёр энэ хэдэн малынхаа аяыг л дагаж амьдрах болж дээ бодож гэж явахад Мөр хөгшнөө ажиглангуй... Зайлуул хоёр охиноо л бодож яваадаа. Зусландаа гараад хэд хоног явуулна байгаа. Ээж нь очвол гэр орон нь нүүгээд очсоноос ялгаа юун билээ. Би ч яахав хэдэн хөх золигийг байхад хамаг ажил ундраад байх нь тэр... гэж бодож явна. Энэ нь малчин хүний уужуу тавиу ухаан, амьдралынхаа ханийг хүндэтгэж байгаа гүн итгэлийг харуулна. Үнэхээрийн Монгол хүний эх нутгаа, эрдэнэт малаа гэсэн сэтгэл, хөдөлмөр хоёр л зэлүүд хөдөөд амьдрал цалгиулж байдаг шүү дээ. Эх нутагтаа, малдаа хайртай хоёр хөгшин нутгаа хаяж чадахгүйг уг өгүүллэгээс тодорхой мэдэж болохоор байна.  
  • Өгүүллэгт өнөөгийн хөдөөгийн Мөр өвгөний дараагийн үе болох Дамба даргын гэр бүлийн амьдралыг бичжээ. Олон хүний шүүмжлэн ярьдаг “Цалинтай малчин” нэртэй багийн дарга Дамбыг Мөр өвгөн: ...дарга ховордсон цагийн дарга даа зайлуул. Багийн дарга гээд айл хэсэж аяга тагш юм эргүүлэхээс өөр ямар ажил энэ хүнд байна аа. Өөрийнхсөн бол нэг сайн ороолгоод авах юмсан. Дарга нэр зүүгээд салбаганаж явахын оронд хэдэн хүүхэд, орон гэр, эхнэр хүүхдээ өөд нь татдаг болоосой гэж халаглан хайрлаж бодох нь ч бий гэж бичжээ. Мөр өвгөн: Дамба даргынхыг зуслан руугаа нүүхгүй болохоор олон хоног хүлээгээд, өөрөө очиж нүүлгээд тэсвэр алдаж, Дамба даргыг ... Үг дуу ч үгүй чөдрөөр ар нуруун дундуур нь гөвшиж өгөөд түүчээ тэрэгний хайнагны чөрхийг өөдөөс шидлээ гэж бичсэн нь бий. Энэ нь жинхэнэ Монгол хөх өвгөдийн зан араншинг харуулна. Зохиогчийн бичсэнээр Дамба дарга ч хэр чадлаараа ажиллахыг боддог ч аяга тагш юм эргүүлэх нь хэтэрсэн нэгэн бололтой. Бас болоогүй ээ хүний амьдрал л юм болохоор тарган шар авгай нь бас нэг муу хардмар завдаж байгаагаас үзэхэд яг ч зүгээр нэг айлд хоноод байдаггүй бололтой юм. Дамба даргын тарган шар эхнэр ёстой л баг идээндээ баригдаад хэдэн бор хүүхдээ асрах, мал идээгээ янзлах гээд түмэн завгүйгээс бүсээ ч бүслэхгүй нөмгөн явж байдаг хувийн арчаа муутай нэгэн. Дамба дарга болохоор даргаараа түрүү бариад гэрийн ажилдаа оролцдоггүй, ханиа халамжлахыг мэддэггүй нэгэн. Үүнийг товчхон үгээр урнаар зурахдаа өнөөгийн залуу малчдын ихэнх нь иймэрхүү залхуу байгааг “чимхээд” авчээ.

Дурдсан бүтээлийг дахин дахин уншаад байхад өнөөгийн хөдөөгийн амьдралыг ингэж яруу тод харуулсан зохиол ховордсон нөхцөлд түүний орон зайг нөхсөн сайхан өгүүллэг болжээ гэхэд хэн ч гайхахгүй байх. Харин энэ өгүүллэгээр кино хийвэл өнөөгийн цэнгээн, зоогийн газарт архидсан, хөөцөлдөж зодолдсон, бие биеэ алж дээрэмдсэн, хуурч мэхэлсэн үйл явдлыг голлосон киноноос огт өөр хөдөөгийн амьдралыг харуулсан гайхамшигт үзвэр болмоор санагдана.

 

Х.Отгонбилэг

Нийтэлсэн: П.Алтанцэцэг

Нэгэн өгүүллэгийн тухай   
Үзсэн: 1496 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй