Шууд Chart

Бор-Өндөр сумын сурагч О.Наранзаяа орос хэлний олимпиадын түүхэнд хамгийн өндөр оноо авчээ

2020-11-09 15:21:06

Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын санаачилгаар Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын эвлэл, Монгол-Оросын найрамдлын нийгэмлэг хамтран Улсын бүсчилсэн орос хэлний олимпиадыг орон нутагт зохион байгуулдаг уламжлалтай. Тус олимпиадын Зүүн бүсийн орос хэлний улсын сонгон шалгаруулалт энэ сарын 7-нд Сайншандад болж, Дорнод, Дорноговь, Сүхбаатар, Хэнтий аймгаас ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн 25 сурагч оролцлоо. Уг сонгон шалгаруулалтад эхний байр эзэлсэн сурагчдыг ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр оросын тэргүүлэх их, дээд сургуульд тус бүр нь 60 орчим сая төгрөгтэй тэнцэх хэмжээний тэтгэлгээр хүссэн мэргэжлээрээ үнэ төлбөргүй суралцах эрхийн бичгээр шагнадаг.

Энэ жил уг эрхийг Хэнтий аймгийн Бор-Өндөр цогцолбор сургуулийн 12в сурагч О.Наранзаяа, Г.Ихзаяа, тус аймгийн Хан-Хэнтий цогцолбор сургуулийн 12в сурагч М.Ундрах-Эрдэнэ болон Б.Тэмүүлэн, Дорнод аймгийн “Flower” дунд сургуулийн 12а ангийн сурагч Б.Уянгаа, Дорноговь аймгийн Сайншанд хотын тэргүүний лаборатори дунд сургуулийн 12а ангийн сурагч Б.Номинзаяа, 12б ангийн сурагч Х.Хонгорзул, Нэгдүгээр дунд сургуулийн 12а ангийн сурагч Э.Анужин нар хүртсэн байна.  

Үүнээс гадна Орос хэлний улсын бүсчилсэн сонгон шалгаруулалтын үнэлгээний дээд жишиг 150 оноо байдаг. Тэгвэл сонгон шалгаруулалтын түүхэнд анх удаа Хэнтий аймгийн Бор-Өндөр цогцолбор сургуулийн 12в ангийн сурагч О.Наранзаяа үнэлгээний дээд жишгийг тогтоожээ. .



Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Бор-Өндөр сумын сурагч О.Наранзаяа орос хэлний олимпиадын түүхэнд хамгийн өндөр оноо авчээ  
Үзсэн: 3369 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй