Шууд Chart

Түүхэн шийдвэр

2020-11-23 10:09:53

1960 оны арваннэгдүгээр сарын 21-нд МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөний 603 дугаар тогтоолоор БНМАУ-ын хөлбөмбөгийн шигшээ багийг арванхоёрдугаар сард Хойд Вьетнамын Ханой хотод болох Азийн социалист дөрвөн улсын тэмцээнд оролцохоор 30 хоногийн хугацаанд явуулахыг Монголын биеийн тамир, спортын эвлэлийн Төв зөвлөлд зөвшөөрсөн нь түүхэн шийдвэр байлаа.

Тухайн үеийн нөхцөл байдлыг илүү тодруулахын тулд 2019 онд МХБХ-ны 60 жилийн түүхт ойд зориулж зохиосон “Монголын хөлбөмбөгийн түүх” номынхоо тэргүүн дэвтрээс харсан зарим баримт дээр тулгуурлан багахан түүх өгүүлье.

БНМАУ-ын СнЗ-ийн 1956 оны долдугаар сарын 30-ны 365 дугаар тогтоолоор Цэргийн ба нийгмийг аюулаас хамгаалах хэргийг эрхлэх яамны Цэргийн хэрэг эрхэлсэн орлогч сайд бөгөөд Ардын цэргийн командлагч Ж.Лхагвасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Улсын биеийн тамир, спортын хэргийг эрхлэх хорооны даргаар томилов. Энэхүү Ж.Лхагвасүрэн монголчуудын “Залуу жанжин” хэмээн хүндэлдэг, БНМАУ-ын ардмын армийн хурандаа генерал, улсын баатар хүн мөн бөгөөд Улсын биеийн тамир, спортын хэргийг эрхлэх хороо нь одоогийн Биеийн тамир, спортын улсын хороо юм. Ж.Лхагвасүрэнгийн 1956 оны арваннэгдүгээр сарын 17-ны 103 тоот тушаалаар БНМАУ-ын хөлбөмбөгийн анхны шигшээ багийг 15 тамирчны бүрэлдэхүүнтэйгээр байгуулснаар албан бус байсан зүйл албажсан түүхтэй.

“Албан бус” хэмээсний учир гэвэл Улсын биеийн тамир, спортын хэргийг эрхлэх хорооноос урьсан ЗХУ-ын Спортын гавьяат мастер, хөлбөмбөгийн шүүгч, дасгалжуулагч Павел Александрович Севастьянов 1956 оны улсын баяр наадмын дараа Улаанбаатарт ирж, ажлаа эхлүүлсэн байлаа. Орос багш Монголд ирээд хамгийн түрүүнд хүүхдийн хөлбөмбөг рүү хандсан юм. Өөрийн туслах бөгөөд орчуулагч Н.Лувсандоржийн хамт 1956 оны наймдугаар сард Голын цэнгэлдэх хүрээлэнд хөлбөмбөг тоглох сонирхолтой хүүхдүүдийг ур чадвараар нь сонгон шалгаруулж дугуйлан байгуулав. Тэр жилийнхээ есдүгээр сард Улаанбаатар хотын сургуулиудын аварга шалгаруулах анхдугаар тэмцээнийг 13-14, 15-16, 17-18 насны ангилалд зохион байгуулж, хэдэн тоглогч нэмж авсан нь анхны шигшээ багийн эхлэл байлаа. П.А.Севастьянов багш ирснээр монголчууд шинжлэх ухааны үндэстэй бэлтгэл сургуулилт хийж, хөлбөмбөгийн жинхэнэ утга учрыг ойлгож эхэлсэн бөгөөд энэ тухай дэлгэрэнгүй бичихэд цаг, цаас дэндүү хайран тул товчлоё.

1950-иад оны дундаас Хойд Солонгос, Хятад, Хойд Вьетнам, Монгол гэсэн Азийн социалист дөрвөн улс спортын хэд хэдэн төрөлд нөхөрсөг тэмцээн зохион байгуулах боллоо. Хөлбөмбөгийн анхны тэмцээн 1956 оны аравдугаар сарын 4-10-нд Бээжинд болж, гурван баг өрсөлдөхөд Хойд Солонгос, Хятад, Хойд Вьетнам гэсэн дарааллаар байр эзлэв. Шинээр байгуулагдсан Монголын шигшээ баг Хойд Вьетнамын Ханойд 1957 оны аравдугаар сард болох хоёр дахь тэмцээнд бэлтгэж байлаа. Харамсалтай нь Вьетнамын дайнаас болж тэмцээн болсонгүй.

Гэхдээ Монголын шигшээ багийнхан зүгээр суусангүй. МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөний 1958 оны гуравдугаар сарын 27-ны 173 дугаар тогтоолоор Унгар, Хойд Солонгосын багтай хийх тоглолтод бэлтгэх зорилгоор шигшээ багаа БНХАУ-д 45 хоногийн хугацаанд явуулахыг зөвшөөрөв. Шигшээ баг дөрөвдүгээр сарын 2-нд өмнөд хилийн дээс алхаж, Тяньжин, Шанхай, Бээжин хотод эрчимтэй бэлтгэл хийж, тухайн хотын шигшээ багуудтай нийт долоо тоглохдоо хоёр хожиж, нэг тэнцэж, дөрөв хожигдсон нь чамлах амжилт биш байсан тодорхой.

МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөний 1958 оны зургадугаар сарын 7-ны 449 дүгээр тогтоолоор ЗХУ-ын Буриад Монгол Улсын БТСХ-ны урилгаар 17 хүний бүрэлдэхүүнтэй багийг зургадугаар сарын 9-19-нд бэлтгэл сургуулилт, нөхөрсөг тоглолт хийхээр явуулахыг Улсын биеийн тамир, спортын хэргийг эрхлэх хороонд зөвшөөрөв. Манайхан Улаан-Үд, Городок (Одоогийн Закаменск), Эрхүү хотод дөрвөн тоглолт хийж, хоёр тэнцэж, хоёр хожигдохдоо ихийг сурсан биз ээ.

Социалист улсуудтай биеийн тамир, спортын талаар харилцах төлөвлөгөөний дагуу улсын баяр наадмын үеэр Унгарын багтай тоглосны дараа П.А.Севастьянов багшийн томилолтын хугацаа дуусч, өвчтэй эхнэр рүүгээ яаран нутаг буцав. Улсын биеийн тамир, спортын хэргийг эрхлэх хорооны даргын 1958 оны долдугаар сарын 15-ны 91 дүгээр тушаалаар орос дасгалжуулагчид БНМАУ-ын спортын гавьяат багш (Одоогийн гавьяат дасгалжуулагч) цол олгосныг бид сайн мэдэлгүй олон оныг үдсэн байна. Тухайн үед биеийн тамир спортын төв байгууллагаас спортын гавьяат мастер, спортын гавьяат багш цол олгодог байв.

Есдүгээр сарын сүүлээр Хойд Солонгосын багийг хүлээн авч 0:1-ээр хожигдсоноор гадаад арга хэмжээ ихтэй 1958 он шувтрав.

Харамсалтай хүн олон, зардал ихтэй, сахилга бат султай, гадныхныг хождоггүй хөлбөмбөгийн шигшээ багийг удаан барьсангүй. Улсын биеийн тамир, спортын хэргийг эрхлэх хорооны даргын 1959 оны гуравдугаар сарын 27-ны 47 дугаар тушаалаар хөлбөмбөгийн шигшээ багийг орон тоогоор нь тухайн үеийн Цэрэг ба нийгмийг аюулаас хамгаалах яамны биеийн тамирын хороонд шилжүүлэв. Энэхүү Цэрэг ба нийгмийг аюулаас хамгаалах яамны биеийн тамирын хороо буюу олон нийтэд “Цэргийн хороо” нэрээрээ танигдсан байгууллагыг үндсэндээ бол “Алдар” нийгэмлэг. БНМАУ-ын СнЗ-ийн 1958 оны хоёрдугаар сарын 28-ны 40 дүгээр тогтоолоор “Алдар” нийгэмлэгийг татан буулгаж, оронд нь Цэрэг ба нийгмийг аюулаас хамгаалах яаманд биеийн тамир, спортын байгуулсан байлаа.

Шигшээ багийг бүрэлдэхүүнээр нь нэгтгэсэн энэхүү баг 1959 оны зургадугаар сарын 27-ноос долдугаар сарын 6-нд болсон Монголын залуучууд, оюутны анхдугаар их наадмын хөлбөмбөгийн тэмцээнд долоо тоглохдоо бүх өрсөлдөгчөө буулган авч түрүүлсэн нь Монголд таван жил босоо байх ялгуусан амжилтынх нь эхлэл байлаа.

МАХН-ын Улс төрийн товчоо зөвшөөрснөөр БНМАУ-ын ардын армийн хөлбөмбөгийн багийн ЗХУ-ын Байгалийн чанад дахь цэргийн тойргийн багтай хийх уулзалт тоглолт 1959 оноос Улсын биеийн тамир, спортын хэргийг эрхлэх хорооны шугамаар социалист орнуудтай биеийн тамир, спортын талаар явуулах арга хэмжээний хөтөлбөрт оров. Энэхүү уулзалтын салхийг хагалж, Байгалийн чанад дахь цэргийн тойргийн Н.Н.Понков ахлагчтай хөлбөмбөгийн баг 1959 оны зун Улаанбаатарт ирж, долдугаар сарын 25-нд “Барилгачин” нийгэмлэгийг 13:1, 26-нд Цэргийн хорооны багийг 2:0-ээр хожив.

Азийн социалист улсуудын аварга шалгаруулах хоёр дахь тэмцээн 1959 оны аравдугаар сард Пеньянд болсон ч МАХН-ын Төв хорооноос “Бэлтгэл хангагдаагүй” гэх шалтгаанаар багаа явуулсангүй. Тухайн үеийн хөлбөмбөгчдийн энэхүү шийдвэрт ихэд гомдсон сэтгэгдэл архивын баримтад үлдсэн нь бий.

Анхны шигшээ багийн дасгалжуулагч Н.Лувсандорж хэсэг нөхдийн хамт 1959 оны аравдугаар сарын 30-нд БНМАУ-ын хөлбөмбөгийн холбоог байгуулав. Удалгүй БНМАУ-ын СнЗ, МАХН-ын Төв хорооны 1960 оны нэгдүгээр сарын 23-ны 25/19 тогтоолоор Монголын биеийн тамир, спортын эвлэл байгуулах түүхэн шийдвэр гаргасны сацуу Ардын цэргийн хэрэг эрхлэх яаманд “Алдар” нийгэмлэгийг ч сэргээн байгуулав.

“Агтны хариу жилдээ” гэгчээр 1959 онд манай ирж тоглосон Байгалийн чанад дахь цэргийн тойргийн баг дараа жил нь Чита хотод “Алдар”-ыг урьсан бөгөөд Монголын босоо аваргууд долдугаар сарын 10-нд цэргийн тойргийн нэгдүгээр шигшээ багтай, 12-нд “Локомотив”-той, 14-нд цэргийн тойргийн хоёрдугаар шигшээ багтай хөл зөрүүлэв.

Санаандгүй байтал сайхан мэдээ дуулдлаа. Азийн социалист улсуудын аварга шалгаруулах гурав дахь тэмцээнийг 1960 оны арванхоёрдугаар сард Ханой хотод зохион байгуулах Хойд Вьетнамын тал Монголын шигшээ багийг оролцуулахыг хичээж, олон удаа хүсэлт тавьсан байна. Хойд Вьетнамын биеийн тамир, спортын хороо 1960 оны хоёрдугаар сард урилга илгээж, түүнээс хойш таван удаа албан бичиг явуулсан бөгөөд 1960 оны долдугаар сард Азийн социалист дөрвөн улсын волейболын тэмцээнд оролцохоор Улаанбаатарт ирсэн төлөөлөгч Вуонгоор дамжуулж, хөлбөмбөгийн тэмцээнд оролцох албан ёсны амлалтаа аравдугаар сард ирүүлэхийг хүсэв. Энэ бүхний эцэст анх дурдсанчлан МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөний 603 дугаар тогтоол гарсан юм. Тухайн үед вьетнам нөхөд манай нам, засгийн удирдлагыг тэгж шахаагүй бол Монголын шигшээ баг анхныхаа тэмцээнд оролцох цагийг 33 жил хүлээх байлаа.

Д.Нанжид


Түүхэн шийдвэр  
Үзсэн: 1308 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй