Шууд Chart

ЗӨСҮТ-ийн явуулын хоёр авто лаборатори Сэлэнгэ, Дархан-Уул аймагт ажиллаж байна

2020-11-24 15:51:17

ОХУ-ын Засгийн газрын санхүүжилтээр “Хилийн бүсийн халдварын эрсдэлийг бууруулах хөтөлбөр”-ийг ЗӨСҮТ 2017 оноос эхлэн хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд ОХУ-ын буцалтгүй тусламжаар нийлүүлсэн чиргүүлтэй “Камаз” автомашинд иж бүрэн тоноглогдсон явуулын авто лаборатори нь 932 сая төгрөгийн үнэ бүхий 23 нэр төрлийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд нян судлал, ийлдэс судлал, молекул биологи, биологийн шинжилгээ оношилгоог хээрийн нөхцөлд хийх хүчин чадалтай аж.

Уг явуулын лаборатори нь одоогоор Сэлэнгэ аймгийн Мандал суманд ажиллаж байгаа бөгөөд төмөр зам дагуу гарч буй халдварын голомтод ажиллаж коронавируст халдвар илрүүлэх лабораторийн шинжилгээг газар дээр нь шуурхай зохион байгуулж байгаа юм.

Мөн авто лабораторийн нэгдүгээр баг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод ажиллаж, COVID-19 халдварын лабораторийн оношилгоог газар дээр нь гүйцэтгэж, шуурхай хариу арга хэмжээг цаг алдалгүй зохион байгуулахад чухал үүрэг гүйцэтгэж байна.

ОХУ 2018 онд 20 нэр төрлийн тоног төхөөрөмжөөр тоноглосон 670 сая 105 мянга 320 төгрөгийн үнэ бүхий лабораторийн автомашин, биоаюулгүйн кабинет, холигч, мананцар үүсгэн халдваргүйтгэх генератор, центрофуг, микроскоп зэрэг таван нэр төрлийн 15 тоног төхөөрөмж, нэг нэр төрлийн 25 баглаа хэрэгсэл бүхий 59 сая 150 мянга 520 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг ЭМЯ-нд хүлээлгэн өгч байсан билээ. Тус авто лаборатори энэ сарын 17-ноос эхлэн  Сэлэнгэ, Дархан-Уул аймагт PCR оношилгоо хийн ажиллаж байна. Ингэснээр сорьцыг Улаанбаатар хот руу тээвэрлэж хугацаа алдахгүйгээр лабораторийн шинжилгээ хийж, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах боломж бүрдэж байгаа аж.

Ташрамд дурдахад, Хойд хөрш тарваган тахал судлалын лаборатори бэлэглэснээр ЗӨСҮТ-ийн үүсэж байгуулагдсан түүх  эхэлжээ. Тэр үеэс Монгол, ОХУ зоонозын өвчинтэй тэмцэх, сэргийлэхээр хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд өдгөө хил орчмын бүс нутгийн хүн амын эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр нягт хамтран ажиллаж байна.



Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

ЗӨСҮТ-ийн явуулын хоёр авто лаборатори Сэлэнгэ, Дархан-Уул аймагт ажиллаж байна  
Үзсэн: 600 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй