Шууд Chart

“Барселона”, “Ювентүс”-ийн тоглолтын тактикт хийсэн дүн шинжилгээ

2020-12-10 09:13:48

“Аваргуудын лиг”-ийн “G” хэсгийн сүүлчийн буюу зургадугаар тойргийн тоглолт урьд шөнө болж, Италийн “Ювентүс” Испанийн “Барселона”-г “Кам Ноу” цэнгэлдэх хүрээлэнд нь 3:0-ээр хожсоноор нэгдүгээр байраар шалгарлаа. Криштиану Роналду 13, 52 дахь минутад торгуулийн цохилтоос, Уэстон Маккенни 20 дахь минутад ухаалаг довтолгооны эцэст гоол хийсэн энэхүү тоглолтын тактикт хийсэн дүн шинжилгээг хүргэж байна.

“Барса”-гийн хамгаалалт хэзээ сайжрах вэ?

Герман шүүгч Тобиас Штилер алдаа гэж хэлэхээргүй зүйлд торгуулийн цохилт зааснаар эхний гоол орлоо. Гэхдээ “Барса”-гийн хамгаалалт тоглолтын турш урьдын адил шүүрэн шанага мэт байсан нь үнэн. Энэ тухай олон зүйл ярьж болох ч 20 дахь минутад орсон хоёр дахь гоолыг задлаад бичвэл их зүйл ойлгогдох болов уу. “Ювентүс”-ийн Алекс Сандро бөмбөгийг хажуугаас шидэж оруулснаар энэхүү довтолгоо эхлэв. Орчин үеийн хөлбөмбөгт хажуугаас шидсэн бөмбөгийг нягт хамгаалаад булааж авах нь түгээмэл болсон. Өөрөөр хэлбэл энэ тохиолдолд бөмбөгийг довтолж буй багт хадгалахаас илүүтэй хамгаалж буй багт булаах магадлал өндөр. Гэвч “Юве” энэхүү бөмбөгийг алдсангүй. Рамси, Мората нар нэг нэг хүрэлтээр дамжуулаад шахалтаас гараад ирсний гол буруутан нь Пьянич, Дест нар байлаа. Тэд хамгаалах ёстой хүнтэйгээ яс үзсэнгүй, хамгаалсан дүр үзүүлээд өнгөрүүлсэн юм. Тус довтолгоо үргэлжилж, америк залуу Маккенни торгуулийн талбайн гадна бөмбөг авахад түүнийг хамгаалах хагас хамгаалагч байсангүй. Энд байх ёстой хүмүүсийн зарим нь залхуураад хойш татаагүй бол нөгөө хэсэг нь бөмбөгийг тоглолтод оруулсан жигүүрт ажилгүй явж байлаа. Арга буюу төвийн хамгаалагч Ленгле урагш ухасхийж, саатуулав. Гэсэн ч Маккенни бөмбөгөө баруун тийш Куадрадод шилжүүлээд торгуулийн талбай дахь хоосон зай руу гүйж эргүүлж дамжуулсан бөмбөгийг агаарт гайхалтай гуядаж цохиод гоол хийлээ. “Барса”-гийн торгуулийн талбайд яагаад том орон зай үүссэнийг тайлбарлая. Эсрэг багийн тоглогч баруун жигүүрээс торгуулийн талбайд бөмбөгтэй нэвтэрсэн тул “Барса”-гийн хамгаалагчид багаараа зүүн тийш шилжсэн нь зөв. Гэхдээ дундаа том орон зай гаргалгүй жигд шахах байсан юм. Ленгле нэгэнт байраа орхисон тул төвийн нөгөө хамгаалагч Араухо түүний үлдээсэн орон зайг нөхсөн ч баруун жигүүрийн хамгаалагч арыг нь хамгаалсангүй. Өөрөөр хэлбэл Араухог дагаж хамт шилжих учиртай Дест нөхөх ёстой зайгаа нөхсөнгүй. Тэр аюул багатай байрлалд байсан Моратаг харгалзаж үлдээд шилжээгүй. Уг нь чөлөөтэй том орон зайг хаалганы өмнө бус торгуулийн талбайн зах хэсэгт үлдээсэн бол аюул багатай байх байлаа. Энд бас Роналдугийн зүтгэлийг дурдах хэрэгтэй. Тэр торгуулийн талбай руу бөмбөггүй гүйж, “Барса”-гийн төвийн хоёр хамгаалагчийг өөртөө татсанаар өрсөлдөгчийн хамгаалалтыг эрс сийрэг болгосон юм.

“Ювентүс” хэрхэн хамгаалсан бэ?

“Хөгшин хатагтай” нарын хамгаалалт их зэвүүн. Тэдний хамгаалалт Роналду, Мората гэсэн хоёр довтлогчоос нь эхэлдэг. Хамгаалалтын энэхүү шатыг нь давах гэж “Барса” хэрэндээ зүдэрлээ. Ядаж байхад 4-2-3-1 хувилбараар тоглоход олон гурвалжин үүсэхгүй тул довтолгоо нь эхэлж өгөхгүй байв. Миний хөлбөмбөг үзсэн 20 жилийн хугацаанд “Барса” 4-3-3 хувилбараас салаагүй. Энгийнээр тайлбарлахад тэдний төвийн гурван хагас хамгаалагч хойноос бөмбөг авч, довтолгоогоо эхлүүлдэг байв. Харин шинэ дасгалжуулагч Роналд Куманы дуртай 4-2-3-1 хувилбарт тийм боломж хомс. Хаалгачаас бөмбөг авах ёстой Пьянич, Де Йонгийг Роналду, Мората нэг нэгээрээ хаачихав. Өөрөөр хэлбэл аргагүй нэг хагас хамгаалагч дутаад байлаа.

“Барса” довтолгоогоо эхлүүлж чадсан тохиолдолд “Юве” хойш хурдан буцаж байв. Зочин багийн довтлох үедээ 3-5-2 байсан хувилбар хамгаалахад 4-4-2 болж өөрчлөгдөв. Роналду, Мората хоёр заримдаа хойш удаан татах ч арын хэд үнэнхүү найдвартай тул асуудал үүсэх нь бага. Алекс Сандро гурван хамгаалагчтайгаа, Куадрадо гурван хагас хамгаалагчтайгаа нийлээд 4-4 болчихно. Андреа Пирло энэ багийн дасгалжуулагч болсноор 5-3 байрлалаар хамгаалдаг байсныг 4-4 болгож өөрчилсөн нь энэ. Ихэнх тохиолдолд Роналду хүртэл хойш буцах нь хамгаалалтын жинхэнэ итали арга барил гэлтэй. Тэрбээр нэгдүгээр үед Мессиг хамгаалж байгаад хөлийг нь өшиглөж, хоёрдугаар үед өөрийн торгуулийн талбайдаа мөнхийн өрсөлдөгчийнхөө бөмбөгийг булаасан билээ.

Италийн аваргуудын нягт хамгаалалт Мессид торгуулийн талбайдаа нэвтрэх боломж бараг олгосонгүй. Тиймээс “Барса”-гийн ахлагч алсын цохилтоор олон удаа азаа үзлээ. Түүний цохилтыг 41, 43 дахь минутад хамгаалагчид, 22, 36, 45+1, 47, 65, 78, 90 минутад хаалгач Буффон хаав. Харин 85 дахь минутад хаалгаа оносонгүй.

“Ювентүс”-ийн хамгаалагчид маш чадварлагаар нягт орон зай үүсгэхийн сацуу нэг хүн шиг хөдөлж, урагш мундаг шахаж байв. Дээрх бүх цохилтыг Буффон нэгийн хүрэлтээр барьж чадаагүй ч хамгаалалтын мундаг зохион байгуулалт нь “Барса”-гийн тоглогчид нэмж цохих боломж олгоогүй. Хамгаалагчдыг нь дагаж ухрахгүй бол отон тоглолтод орох тул ихэнх тохиолдолд хаалганаас холдохоос өөр арга үгүй. Харин хамгаалагчдыг дагаж ухраагүй үйлдэл бүртээ отон тоглолтод орж байв. Хамгийн тод ганц жишээ дурдъя. Тоглолтын 72 дахь минутад Гризманныг бөмбөг авах мөчид Де Лигт хөл рүү нь өшиглөж унагав. Шүүгч торгуулийн цохилт заасан ч захын шүүгч хэдийнэ туг өргөсөн байлаа.

Пьянич “Барса”-д тэнцэх тоглогч биш

Би Ривалдог дэлхийн шилдэг хөлбөмбөгч болсон 1999 оноос хойш “Барселона”-г дэмжихдээ нэг ч тоглогчид муу санаж, яваасай хэмээн бодож байсангүй. Харин урьд шөнө Миралем Пьяничийн тоглолтод үнэхээр урам хугарав. Яагаад гэвэл тэр “Барса”-д тэнцэх тоглогч биш. Үүнийг баримттай өгүүлье.

Пьянич тоглолтын эхний минутад бөмбөгийг баруун жигүүрээс төв, эсвэл зүүн жигүүр рүү шилжүүлж болох байсан ч тэгсэнгүй. Харин ч олон хүн бужигнасан баруун жигүүртээ тоглосоор байгаад алдав.

Гурав дахь минутад түлхүүр дамжуулалт өгөх гээд бөмбөгөө алдсаныг байж болох зүйл гэж бодъё.

Дөрөв дэх минутад Дестийн хажуугаас шидсэн бөмбөгт олон хүрснийхээ улмаас алдав. Хажуугаас шидсэн бөмбөгийг нэгийн хүрэлтээр л залгуулахгүй бол амархан алдахыг мэдмээрсэн.

Найм дахь минутад дээгүүр ирсэн бөмбөгийг урагш биш хойшоо мөргөв. Энэхүү бөмбөгт эсрэг багийн Маккенни урьтан хүрч, улмаар Роналдуд суулгасан дамжуулалт өгснөөр эсрэг баг хаалга оносон анхны цохилтоо хийв.

Мөн л найм дахь минутад тер Штегений дээгүүр дамжуулсан бөмбөгт хоёр хүрсэн ч өөрийн болгож чадаагүйн улмаас Артур, Алекс Сандро хоёрт алдав. Бөмбөгт олон хүрч, уддаг тоглогч “Барса”-д яавч нийцэхгүй.

20 дахь минутад “Ювентүс” хоёр дахь гоолоо хийхэд түүнийг хамгаалах үүргээ гүйцэтгээгүйг дээр дурдсан.

37 дахь минутад Де Йонгт энгийн дамжуулалт өгч чадсангүй. Өөрийн тоглогч, айлын тоглогч хоёрын яг голд өгсөн дамжуулалтыг Куадрадо, Мората нар булаан авч, сөрөг довтолгоо эхлүүлэв.

42 дахь минутад мөн л Де Йонг, Куадрадо хоёрын голд өгсөн бөмбөг золтой л айлынх болчихсонгүй.

57 дахь минутад эсрэг багийн хоёр довтлогчийн дунд бөмбөг хүлээж авсан ч сурсан зангаараа удаж байгаад Моратад алдав. Шүүгч алдаа хэмээн үзээгүй бол тун аюултай довтолгоо өрнөх байв.

59 дахь минутад Умтити бөмбөгөө түүнд дамжуулах гэж 10 гаруй секунд хүлээсэн ч Пьянич эсрэг багийн довтлогчийн араас хөдөлсөнгүй. Айлын өөр тоглогч шахахаар ирсэн тул Умтити арга буюу бөмбөгөө хаалгачдаа дамжуулсныхаа дараа тэсэлгүй хэдэн үг хэллээ. Сул гарч бөмбөг авах үүргээ гүйцэтгээгүйгээ гэнэт ухаарсан Пьянич гарын хөдөлгөөнөөрөө уучлалт гуйж харагдав.

63 дахь минутад хоёр тоглогчийн дундуур зүтгэснээр бөмбөгөө арай л алдчихсангүй. Гэвч үргэлжлүүлээд эсрэг багийн хоёр тоглогчийн дунд байсан Фирпод тэнэг дамжуулалт өгсөн тул “Юве”-гийн ээлжит нэгэн сөрөг довтолгоо явлаа.

70 дахь минутад дамжуулалтаа өөрийн багийн Пучт биш эсрэг багийн Куадрадод өгчихөв. Пуч тэмцэж, өрсөлдөгчийн хөлд сууж байж бөмбөгийг багтаа арай гэж авч үлдэв.

78 дахь минутад Месси чөлөөт цохилт гүйцэтгэсэн ч Буффонд бөмбөгийг ядах юмгүй барьж авч, шууд сөрөг довтолгоо эхлүүлэв. Эсрэг багийн бөмбөгтэй тоглогч Бентанкурыг зогсоох боломж Пьяничт бүрэн дүүрэн байсан ч зориггүй, сэтгэлгүй байсан тул чадсангүй. Фирпо арга буюу Бентанкурын хөлийг өшиглөж довтолгоог зогсоосныхоо төлөө шар хуудас авав.

86 дахь минутад Умтитигийн дамжуулалтыг Пьянич эсрэг багийн хоёр тоглогчид нэгийн хүрэлтээр бэлэглэв. Учир нь тэр бөмбөг авахаасаа өмнө талбай харж чадаагүй байв.

Босни херцеговина хагас хамгаалагч тоглолтын үе бүрт боломжийн байрлалаас цохьсон ч бөмбөг аль ч тохиолдолд нь хаалга оноогүй билээ. Пьяничийн муу тоглолтод итгэхгүй байвал тоглолтоо ухрааж, миний бичсэн минутад бүрийг анзаараарай (06:00-06:59 хүртэлх хугацааг долоо дахь, 70:00-70:59 хүртэлх хугацааг 71 дэх минут гэж ойлгоорой).

Харин түүнтэй солигдож “Ювентүс”-т очсон Артур Мело ихэнх тохиолдолд ухаалаг шийдвэр гаргаж байлаа. Жишээлбэл 25 дахь минутын сүүлчийн секунд үргэлжилж байхад хажуугаас шидсэн бөмбөгийг гурван тоглогчийн дундаас нэгийн хүрэлтээр хойш татаж, довтолгооныг шинээр эхлүүлсэн нь одоо ч нүдэнд харагдах шиг.

“Ювентүс”-ын довтолгоо ч илүү байв

Хоёр дахь гоолыг хийсэн Уэстон Маккеннигийн тоглолтыг анх удаа үзлээ, үнэхээр таалагдлаа. Гоё гоол хийсэн болоод ч тэгсэн юм биш. Гоол хийхээсээ өмнө гаргасан хэд хэдэн ухаантай үйлдэл нь нүдэнд шууд тусав. Баг нь аль нэг жигүүрээр довтлоход америк залуу маш хурдан Роналду, Морататай нэгдэж, төвийн гурав дахь довтлогчийн үүрэг гүйцэтгэдэг юм билээ. Бас бөмбөггүй гүйлт нь их гоё. “Барса”-гийн хаалгач өрсөлдөгчийнхөө хоёр довтлогчоос гарах гэж мунгинасныг дээр дурдсан. Энэ үед Пьянич хоёр довтлогчийн голын сул орон зай руу буцахад Маккенни түүнийг дарамтлахаар дагаж байв.

“Ювентүс” зөвхөн хамгаалалт гэлтгүй олон талаар өндөр зохион байгуулалттай байсныг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. “Барса”-г хамгаалалтын шугамд шилжихэд хоёр жигүүр болох Алекс Сандро, Куадрадо тэлж ороод таван довтлогчтой болж байлаа. Довтолсныхоо дараа хамгаалалт руугаа маш хурдан буцдаг нь тэдний хамгийн том давуу тал.

Пирлогийн багийн 74 дэх минутад булангийн цохилтоос хийсэн хувилбар зохион байгуулалтаар илүү байсны нэг нотолгоо. Куадрадог цохилт гүйцэтгэхийн өмнө Рабио зориуд гүйж, хойноосоо Пуйч, Пьяничийг дагуулав. “Барса”-гийнхны анхаарал сарних мөчид Куадрадо дамжуулалтаа гүйцэтгэж, бөмбөг Алекс Сандрогийн толгойгоор дамжаад хаалганы өмнө ирсэн ч Роналду, Бонуччи отон тоглолтод орсон тул гоолыг тооцоогүй.

Гризманн юу хийсэн бэ?

Месси ихэнх довтолгоог өөрөө гүйцэтгэсэн тул Гризманнд эхний үед ердөө хоёрхон удаа бөмбөг очлоо. Тэр 23 дахь минутад бөмбөгт анх удаа хүрч, үүнээс яг 20 минутын дараа зүүн жигүүрээр нэвтэрсэн Альбагийн дамжуулалтыг Мессид үлдээсэн ч багийн ахлагчийн цохилт хамгаалагчдыг даваагүй.

Яг үнэндээ франц довтлогч энэ үдэш хамгаалсаар байгаад хамаг хүчээ барав. “Барса” Испанийн ихэнх багийн адилаар 4-4-2 хувилбараар хамгаалах үед Месси, Гризманн хоёр довтлогч болж байв. Харамсалтай нь Месси хамгаалах ажилд урьдын адил идэвхи зүтгэл гаргаагүй. Өөрөөр хэлбэл баг довтлох үед Мессигээс урд тоглодог Гризманн хамгаалах үед түүнээс ард тоглож, ачааны хүндийг үүрч байлаа.

Үеийн дундуур Брэтуэйт орж ирж, үзүүрийн довтлогчийн үүрэг хүлээсэн тул бүр хойшлох хэрэг гарав. Та тоглолтыг ухрааж үзвэл 55 дахь минутад Гризманн өөрийн торгуулийн талбай руугаа буцаж, Моратагийн баруун жигүүрээс өгсөн тун аюултай довтолгоог зайлуулахыг харж болно. Яг энэ үед Месси Брэтуэйтээс ч урд зогсч байв.

Үндсэндээ энэ тоглолтод Месси Гризманнд гурван удаа л дамжуулах шиг болсон. Эхнийх нь 42 дахь минутад тохиож, Гризманн торгуулийн цохилт авчирсан ч отон тоглолтод орсон байв. Удаах нь 58 дахь минутад болж, Месси чөлөөт цохилт гүйцэтгэхийн өмнө нүдээрээ дохиж, хувилбараа сануулахад Гризманны хамгаалагчдаас нааш сугарч гарч ирж мөргөөд хөндлөвч онов. Бүүр сүүлд нэг удаа дамжуулсан санагдаж байна.

Хамгаалалтын нэргүй ажилд хамаг хүчээ зориулж ихэд цуцсан Гризманн 68, 88 дахь минутад цохьсон ч бөмбөг хаалга оносонгүй. Сул орон зай хайж, хоёрдугаар үед ихэвчлэн баруун жигүүрт гарсан түүнийг Рики Пуч л хааяа бөмбөгөөр хангаж байлаа.

“Барса”-гийн хамгаалагчдын тухай хэдэн үг

Жерар Пике, Сержи Роберто бэртэлтэй үед Клемен Ленгле хамгаалалтын гол хүн болсон. Харамсалтай нь тэр 49 дэх минутад торгуулийн талбайд гарч хүрч, шүүгч бичлэг үзсэний эцэст торгуулийн цохилт заалаа. Ленглед бөмбөг газар ойгоод ирэх хүртэл гараа татах хугацаа байсан ч самбаачлаагүй нь дасгалжуулагчийн уурыг хүргэж, сэлгээнд суулгахад хүргэв.

Умтити талбайд гарсан ч байдал дээрдсэнгүй. Тоглолтын ямар ч практикгүй тэрбээр 74 дэх минутад бөмбөгөө хянаж чадаагүйн улмаас торгуулийн талбайд байсан өрсөлдөгч Куадрадод бэлэглэв. Умтитиг бөмбөгөө хянах нь байтугай тэнцвэрээ арайхийн олж гүйж байсныг удаашруулсан бичлэгээс харж болно. Түүний Куадрадод бэлэглэсэн бөмбөг булангийн цохилт болж, “Ювентүс” эндээс хувилбар хийсэн нь гоол болсон ч отон тоглолт байсныг дээр дурдсан.

Харин Роналд Араухо их сайн хамгаалагч байна билээ. Тэр Роналдуг ямар ч алдаа гаргалгүй маш сайн хамгаалсан ч шүүгч торгуулийн цохилт заасан нь харамсалтай.

Дест хурдтай ч түүхий байна. “SPS” телевиз “Ла лиг” шууд дамжуулж үзүүлэх болсноор би “Барса”-гийн сүүлийн үеийн бүх тоглолтыг үзсэн. Тухай бүрт Дестийн тухай бодож байлаа. Тэр хурд, хүчээрээ эсрэг багийн торгуулийн талбайд олон удаа нэвтэрдэг ч гаргаж буй шийдвэрүүд нь үнэхээр тааруу. Энэ удаад ч тийм байлаа. Яг үнэндээ юу хийхээ сайн мэдэхгүй байна. “Барса” хоёр дахь гоолоо алдсаныхаа дараа эрчтэй тоглож, санаачлагыг авсан ч баруун жигүүрээр өрнөсөн ихэнх довтолгоог Дест олигтой юм болгож чадаагүй. Мань хүн довтолж буй баг талбай дүүргэх үндсэн зарчмыг биелүүлээгүй тул өрсөлдөгчийнхөө нягт хамгаалалтыг өмнө хүчин мөхөстөв.

Хэдэн жилийн өмнө Даниэль Алвес яваад л “Барса”-гийн баруун жигүүр эзэнгүй болчихсон. Сержи Роберто, Нельсон Семедугийн хэн нь ч энэ үүргийг санаад хүртэл гүйцэтгэж чадаагүй. Гэхдээ Дестийг нас залуу, цус шингэн байгаа болохоор сайжирна гэж найдъя.

Пуч бол хайр юм

Би Роналд Куманы арга барилыг ойлгохгүй байна. Түүний тоглолт бүрт гарааны бүрэлдэхүүнд гаргаж буй 18 настай хагас хамгаалагч Педри өөрийнхөөрөө чөлөөтэй тоглож чаддаггүй. Яг үнэндээ тэр Мессигээс маш их хараат. Тэр зөвхөн Мессид таалагдах гэж тоглодог. Түүнчлэн Педри бараг эсрэг багийн тоглогчтой хийсэн тулаан бүртээ ялагдаж байхад олон минут тоглуулсаар байх юм.

Харин Куманы улирлын өмнө зээлээр явуулах гэж байсан 21 настай Рики Пуч бол их өөр тоглогч. Хүмүүс сошиалд “Тэр бол хайр юм” гэж бичдэгийн учрыг би сайн ойлгодоггүй байлаа. Харин “Ювентүс”-ийн эсрэг тоглохыг нь хараад “Пуч бол хайр юм” гэж бичмээр санагдав. 66 дахь минутад талбайд гарсан ч түүний ихэнх үйлдэл зөв байлаа. Дөнгөж тоглолтод ороод Мессигийн гурван тоглогчийн дундуур зүтгэх гээд алдсан бөмбөгийг Артур руу дайрч, маш их хичээл зүтгэлээр олж ирэв. Дасгалжуулагчид өөрийгөө харуулах боломжийг алдахыг хүсээгүй Пуч бөмбөг бүрийн араас гүйж, довтолгоо бүрээ үр ашигтай болгохыг хичээж байв. Хамгийн гол нь тэр Мессигээс хараат бус байснаараа өөрийгөө харуулж, “Барса”-д хамгийн их дутагдаж байсан түлхүүр дамжуулалтыг хэд хэдэн өөр тоглогчид өгсөн юм.

Д.Нанжид

 

 




















“Барселона”, “Ювентүс”-ийн тоглолтын тактикт хийсэн дүн шинжилгээ  
Үзсэн: 2359 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй