
УИХ-ын 2020 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.12.11) нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулсан юм.
Монгол Улсын хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэлийг 1998, 2001, 2005, 2009, 2017 онуудад Улсын Их Хурлаас баталж байсан бөгөөд Хууль тогтоомжийн тухай хуулийн 7.1-д "Засгийн газар тухайн бүрэн эрхийнхээ хугацаанд санаачлах хууль тогтоомжийн талаар урьдчилан төлөвлөж, Хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэл /цаашид “Үндсэн чиглэл” гэх/-д тусгана” гэж, мөн зүйлийн 7.2-т “Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага холбогдох байгууллагын саналыг авч, нэгтгэн судалсны үндсэн дээр Үндсэн чиглэлийн төслийг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт нийцүүлэн боловсруулна” гэж заасны дагуу “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулжээ.
Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэл”-ийн төсөлд Засгийн газрын гишүүд, түүнчлэн Улсын дээд шүүх, Улсын прокурорын ерөнхий газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Хүний эрхийн Үндэсний комисс, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хуульчдын холбоо, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим зэрэг байгууллагын саналыг авч нэгтгэжээ.
Улсын Их Хурал 5 удаа хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэл баталж хэрэгжүүлсэн. Тухайлбал, Монгол Улсын хууль тогтоомжийг 2000 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд нийт 118 хууль боловсруулж батлахаар зааснаас 62 нь; 2004 он хүртэлх Үндсэн чиглэлд 138 хууль зааснаас 96 нь; 2008 он хүртэлх Үндсэн чиглэлд 125 хууль зааснаас 96 нь; 2012 он хүртэлх Үндсэн чиглэлд 174 хууль зааснаас 93 нь батлагдсан бол 2020 он хүртэлх Үндсэн чиглэлд 201 хууль тусгагдсанаас 96 нь батлагджээ.
Харин “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-ийн төсөлд нийт 149 хуулийн төсөл, УИХ-ын 12 тогтоолын төсөл тусгагдсан. Үндсэн чиглэлийн төсөлд тусгагдсан 149 хуулийн төслөөс 2020 онд 34, 2021 онд 82, 2022 онд 21, 2023 онд 12, УИХ-ын 12 тогтоолын төслөөс 2020 онд 3, 2021 онд 3, 2022 онд 4, 2023 онд 2 тогтоолын төслийг боловсруулж өргөн мэдүүлэхээр заасан. Үндсэн чиглэлийн төсөлд тусгагдсан 149 хуулийн төслийн 54 нь шинэчилсэн найруулга, 43 нь анхдагч хуулийн төсөл, 42 нь хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, 10 нь олон улсын гэрээ соёрхон батлах тухай хуулийн төсөл байгааг хууль санаачлагч илтгэлдээ дурдав.
Мөн Хууль зүйн байнгын хороо уг тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг энэ сарын 08-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг танилцуулав. Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ё.Баатарбилэг, Ц.Даваасүрэн, Ж.Сүхбаатар, С.Ганбаатар, Г.Мөнхцэцэг, Б.Баттөмөр, Х.Баделхан, С.Амарсайхан, Ж.Бат-Эрдэнэ, Л.Энх-Амгалан нар Хууль зүй, дотоод хэргийн сайд, Байнгын хорооны дарга болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан хариулт авсан. Тогтоолын төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, С.Амарсайхан, Ц.Даваасүрэн, Ж.Сүхбаатар, Б.Пүрэвдорж, С.Бямбацогт, Ж.Ганбаатар нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн бөгөөд нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 71.4 хувь нь “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ.
Хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэлийн төслийг дэмжив | ||
Үзсэн: 845 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.