Шууд Chart

Төмөр замын тээврийг хуулийн шинэчилсэн найруулгаар зохицуулна

2020-12-11 19:03:58

УИХ-ын 2020 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.12.11) нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцуулсан юм.

Одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа Төмөр замын тээврийн тухай хууль 2007 онд 8 бүлэг, 34 зүйлтэйгээр батлагдсан бөгөөд өнгөрсөн хугацаанд уг хуульд гурван удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Улмаар Хууль тогтоомжийн тухай, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай, Зөрчлийн тухай, Захиргааны ерөнхий хууль тус тус шинэчлэн батлагдсантай холбогдуулан төмөр замын тээврийн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагын зэрэгцээ төмөр замын тээврийн салбарт хуулийн зохицуулалт шаардсан, тулгамдаж буй олон асуудал үүсчээ. Тухайлбал, төмөр замын суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүнийг шинэчлэн сайжруулах, тээврийн сүлжээг өргөжүүлэх, үйлдвэрлэл, судалгаа, шинжилгээ болон олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг тогтмол хангах, тээвэрлэлтийн үйл ажиллагаа, үйлчилгээний чанар, хүртээмжийн зохицуулалтыг сайжруулах, төмөр замын тээврийн үйлчилгээнд оролцогч өмчийн олон хэлбэрийн хуулийн этгээдийн зах зээлийн өрсөлдөөний тэгш байдлыг хангах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бататгах, бизнесийн эрх зүйн орчинг бүрдүүлэх зайлшгүй  шаардлага тулгараад байгаа учраас хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.

Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 11 бүлэг, 72 зүйлтэй бөгөөд ОХУ, БНХАУ, Латви, Молдав, Беларус, Эстон, БНСУ зэрэг 10 гаруй орны төмөр замын тээврийн хуулийг судалж, боловсруулсан. Хуулийн гол зорилт нь төмөр замын тээврийн дэд бүтцийг шинээр барих, сайжруулах, дэд бүтэц болон хөдлөх бүрэлдэхүүнийг өмчлөх, эзэмших, ашиглах, зорчигч, ачаа тээвэрлэх, тээврийн аюулгүй байдлыг хангах, ажилтны нийгмийн баталгааг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад чиглэгдэж байгааг хууль санаачлагч илтгэлдээ дурдав.

Хуулийн төсөлд төмөр замын тээврийн сүлжээ, төмөр замын дэд бүтцийн бүтээн байгуулалт, зураг төсөл, дэд бүтэц, зурвас газар болон хөдлөх бүрэлдэхүүнийг өмчлөх, эзэмших, ашиглах; төмөр замаар хийх зорчигч, тээш, ачаан тээш, ачаа болон тусгай тээвэрлэлт; төмөр замын тээвэр дэх тохирлын үнэлгээ; төмөр замын  өртөө, зорчигч үйлчилгээний цогцолбор, ачаа ачих, буулгах зам, талбай, салбар зам ашиглалт, төмөр замын дэд бүтцийг хаах, нээх, төмөр замын дэд бүтцийн бүрдлийг үйлдвэрлэх, угсрах, засварлах, дэд бүтцийг авто замын байгууламжтай уялдуулах; галт тэрэгний хөдөлгөөний удирдлага, зохицуулалт болон төмөр замын тээврийн аюулгүй байдал; төмөр замын тээврийн байгууллага, ажилтны талаарх зохицуулалт (төмөр замын тээврийн тариф, даатгал, ажилтны хөдөлмөрийн харилцаа, нийгмийн баталгаа, хөдөлмөрийн сахилга) зэрэг эрх зүйн зохицуулалтыг нарийвчлан зохицуулахаар тусгаад байгааг салбарын сайд онцлов.

Хууль батлагдсанаар төмөр замын дэд бүтэц, хөдлөх бүрэлдэхүүний өмчлөл, эзэмшил, ашиглалт болон тэдгээрийн үйлдвэрлэл, угсралт, ашиглалт боловсронгуй болж, инновацийг нэвтрүүлснээр салбарын бүтээн байгуулалттай холбоотой үйл ажиллагаа шинэ шатанд хүрэх эрх зүйн орчин бүрдэнэ. Төмөр замын дэд бүтэц, хөдлөх бүрэлдэхүүний ажил, үйлчилгээ, зорчигч болон ачаа тээвэрлэлтийн эрх зүйн тогтолцоог хуульчилснаар төмөр замын тээврийн аюулгүй байдал, төр, иргэн, хуулийн этгээдийн хариуцлага дээшилж, олон улс, бүс нутаг, гадаад орны дэвшилтэт технологи эзэмших, хөрөнгө оруулалт татах боломж, нөхцөл сайжирна.

Түүнчлэн ачаа болон зорчигч тээвэрлэлттэй холбоотой зарим суурь харилцаа хуулийн хүрээнд илүү тодорхой, нийтэд ойлгомжтой байдпаар зохицуулагдаж, тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогчдын эрх, үүрэг, хариуцлага сайжирч, тэдний тэгш оролцоог хангаж, хөдлөх бүрэлдэхүүний ашиглалт, хөрөнгө оруулалт, тээврийн үр ашгийг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. Улмаар төмөр замын байгууллага тээврийн бодит өртөгт үндэслэсэн, ашгийн зохих түвшинг хангасан үнэ тарифын уян хатан бодлого хэрэгжүүлж, нийгмийн хариуцлага, ил тод байдал, тээврийн тогтвортой байдлыг хангах, өрсөлдөөнийг дэмжих, нийтэд хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл бүрдэхээс гадна ажилтны ажил, амралтын дэглэм, хөдөлмөрийн сахилга, дэг журам, сургалт, нийгмийн баталгааны эрх зүйн орчин сайжирна гэж төсөл санаачлагч үзэж байгаа аж.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Туваан, Ё.Баатарбилэг, Г.Мөнхцэцэг, Б.Энх-Амгалан, С.Амарсайхан, Ж.Бат-Эрдэнэ, Б.Баттөмөр, Б.Пүрэвдорж, Л.Энх-Амгалан нар салбарын сайд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан хариулт авсан юм. Мөн хуулийн төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Б.Пүрэвдорж, Л.Энх-Амгалан, Х.Булгантуяа нар үг хэлж байр сууриа илэрхийлэв. Асуулт асууж үг хэлсэн гишүүд энэ хууль нь зөвхөн төмөр замын процессын чанартай биш төмөр замд хөгжил авчирах, өрсөлдөөн бий болгох, “Улаанбаатар” төмөр замыг зах зээлийн жамаар, компанийн зарчмаар ажиллуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх, улс орны хөгжилд төмөр замын тээвэр гол үүрэг гүйцэтгэхэд чиглэх шаардлагатайг онцолж байв. Уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг ирэх долоо хоногт шийдвэрлэх юм.


Төмөр замын тээврийг хуулийн шинэчилсэн найруулгаар зохицуулна  
Үзсэн: 959 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй