Шууд Chart

Б.Батзориг: Он гарсаар хүүхдүүд гэртээ галын аюулд өртсөн харамсалтай тохиолдол ес бүртгэгдсэн

2020-12-18 10:49:40

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батзоригтой цаг үеийн асуудлуудаар ярилцлаа.

-Хүүхдийн эсрэг гэмт хэргийн нөхцөл байдал нийслэлийн хэмжээнд ямар байгаа вэ?

-Нийслэл хотод энэ оны эхний 11 сарын байдлаар хүүхэд үйлдсэн гэмт хэрэг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 24,7 хувиар, хүүхэд гэмт хэрэгт өртөж хохирсон үзүүлэлт 30,7 хувиар буурсан. Ингэхдээ хүүхэд ихэвчлэн хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг болон хулгайн гэмт хэрэгт холбогдож, хохирсон байгаа нь анхаарал татаж байна. Түүнчлэн золгүй байдлаар ахуйн хүрээнд бэртэж гэмтэх, улмаар амь нас, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол гарсан. Энэ жилийн хувьд “Ковид-19”-өөс шалтгаалж хүүхдүүд гэр бүлийн орчинд дийлэнх цаг хугацааг өнгөрүүлж байгаа. Иймд эцэг, эх, асран хамгаалагч нарын үүрэг хариуцлага нэгдүгээрт гэдгийг хэлмээр байна.

-Бага насны хүүхдүүд орон гэртээ галд өртөж нас барсан хэрэг саяхан бүртгэгдсэн. Энэ хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Баянзүрх дүүргийн 28 дугаар хороонд айлын гэр шатаж байна гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад энэ сарын 16-ны өдөр бүртгэгдсэн. Энэ осолд бага насны хоёр хүүхэд өртсөн тохиолдлыг шалгаж байгаа тул хуульд зааснаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. “Бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гэртээ битгий цоожилж үлдээгээч” гэж олон ч удаа холбогдох байгууллага, алба хаагчдаас иргэдэд сэрэмжлүүлэг өгч байгаа. Хаана анхаарал болгоомжгүй хайнга байдал байна, тэнд эрсдэл үүсч байна шүү дээ. Он гарсаар хүүхдүүд орон гэртээ гал түймрийн аюулд өртсөн харамсалтай тохиолдол ес бүртгэгдлээ. Цаашид ч эрсдэл гарахыг үгүйсгэхгүй. Иймд хүүхдэдээ галын болон бусад аюул ослоос мултрах боломж, аюулгүйн зааварчилгааг өгөх хэрэгтэй байна.

Үүнээс гадна өвчнийг нь бага дээр нь үзүүлж, эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг хугацаанд нь авч эмчилгээ бүрэн хийлгэхгүй тоомжиргүй явсаар хүүхдийн өвчин нь хүндэрч амь нас хохирох, нярай хүүхдээ хэвтээ байдлаар хөхүүлэхдээ ээж нь унтаж хөхөөрөө дарж амьсгалыг нь боогдуулах гэх мэт золгүй тохиолдол гарч байгаад анхаарч, яавал хүүхэд аюулгүй, осолгүй байх вэ тал дээр эцэг, эхчүүд бодмоор, анхаармаар зүйлүүд байна.

-Иргэд олон нийтэд, ялангуяа эцэг, эхчүүдэд юуг онцлон анхааруулах вэ?

-. Цагдаагийн байгууллагаас “Сэргийлэгч хүү, охин”-ы дүрээр хүүхдийн аюулгүй байдлын 70 төрлийн зөвлөмж бэлтгэн олон нийтийн цахим сүлжээнд байршуулсан байгаа. Мөн хүүхдүүдийн ихээхэн сонирхон үздэг “Dream” тэргүүтэй  телевизээр тогтмол хугацаанд цацаж байна. Үүнийг хүүхдүүддээ үзүүлээрэй гэж хүсмээр байна. Түүнчлэн хүйтний улиралд орон гэртээ халаагуур /тень/ залгах тохиолдолд хүүхдүүддээ цахилгааны залгуур, утас зэргээр тоглож болохгүй, нойтон гараар хүрч болохгүйг, чүдэнз галаар тоглохгүй байхыг сайн ойлгуулах хэрэгтэй. Бага насны хүүхдийн дэргэд чүдэнз, асаагуур, янз бүрийн цэвэрлэгээний бодис, эм тариа, иртэй үзүүртэй зүйл байлгахгүй байх, халуун тогооноос хол байлгах, хүүхэд унахаас сэргийлж цонхондоо хаалт хамгаалалт хийх, хамгийн чухал нь хүүхдийг харгалзах хүнгүй гаднаас нь цоожилж үлдээхгүй байх гэх мэт олон санамж өгмөөр байна.

Таны гэрт байгаа цахилгаан хэрэгсэл хэр чанартай вэ, утас нь халж, шалбарсан, халалт үүсч хайлж байна уу, масс үүсч байгаа эсэхийг тогтмол шалгаж байх, олон зүйл зэрэг залгахгүй байх, утаа мэдрэгч дохиоллыг стандартын дагуу ажиллуулаагүйгээс угаарын хийнд хордох аюултай. Мөн монгол гэрийн янданд галд тэсвэртэй материалаар хамгаалалт хийж, яндангийн цонолт халалтаас сэргийлэх, үнс нурмаа ил задгай асгахгүй, заавал төмөр сав поошигт хийх, гэртээ галд шатамхай бензин, бусад тослох материал хадгалахгүй байх хэрэгтэй. Үүнээс гадна он солигдох мөч ойртож байгаатай холбоотойгоор бенгалын галаар тоглох, шинэ жилийн гацуур модоо цахилгаан гэрлээр чимэглэх зэрэг нь эрсдэл үүсгэнэ. Үүнд байнгын сонор сэрэмжтэй хандаж байх хэрэгтэй гэдгийг хэлмээр байна.

Түүнчлэн хүүхдийн цахим орчны хэрэглээг эцэг, эхчүүд хянаж байх шаардлагатай. Таны хүүхэд хэтэрхий олон цагаар цахим ертөнц ашиглаж байна уу, хэнтэй чатлаад байна, ангийнхаа чат группд бусад хүүхдийг доромжилж цахим гадуурхалд өртүүлж байгаа юм биш биз. Эсвэл таны хүүхэд үе тэнгийнхнийхээ гадуурхалд өртөөд сэтгэл санааны хувьд гунигтай, айдастай, уйтгар гунигт автан амьдрах сонирхолгүй болоод байгаа юм биш биз гэдгийг анхаарч өсвөр насны хүүхдээ ажиглах, зарим үед гар утсыг нь үзэж шалгах, ярилцаж санал бодлыг нь сонсох зэргээр хүүхэдтэйгээ харилцах зөвлөмжийг хэрэгжүүлээрэй.



Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Б.Батзориг: Он гарсаар хүүхдүүд гэртээ галын аюулд өртсөн харамсалтай тохиолдол ес бүртгэгдсэн  
Үзсэн: 3592 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй