
Цус сэлбэлт, судлалын үндэсний төв өөрийн байрандаа донор иргэдээс сайн дурын үндсэн дээр цус авахаас гадна цусны донорын эгнээг өргөжүүлэх зорилгоор төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжид явуулын баг ажиллуулж цус цуглуулдаг.
Дээрх явуулын баг өнөөдөр Монголын үндэсний олон нийтийн радио, телевизэд ажиллаж, уран бүтээлч, сэтгүүлч болон ажилтнууд цусаа хандивлалаа.
Сонирхуулахад,
.Г.Цэндбаяр: Өнгөрсөн жил цусаа хандивласан донорын тоо буурсан
Цус сэлбэлт, судлалын үндэсний төвийн Донор зохион байгуулалтын тасгийн технологич эмч Г.Цэндбаяраас цөөн асуултад хариулт авлаа.
-Танай явуулын баг өнгөрсөн жил МҮОНРТ-д хэдэн удаа ажилласан бэ?
-Өнгөрсөн жил ЦССҮТ-ийн явуулын баг МҮОНРТ-д хоёр удаа ирж ажилласан. Хэвлэл мэдээллийн салбарынхан, байгууллагууд дундаас хамгийн ууган нь болох МҮОНРТ манай явуулын багийг маш уриалгахан хүлээж авдаг. Мөн цус цуглуулах ажлыг маш сайн дэмжиж, олон арван уран бүтээлч, сэтгүүлч, ажилтан алба хаагчид цусаа хандивладаг. Ирэх бүрт тогтмол 50-70 хүн цусаа хандивладаг. Энэ дунд 2-3 хүндэт донор, мөн 10-20 удаа цусаа хандивласан идэвхтэй донор олон арав бий.
-“КОВИД-19” цар тахлын нөхцөл байдлаас үүдэн хатуу хөл хорио тогтоосонтой холбоотой ЦССҮТ-ийн цусны нөөц болон цусаа хандивлаж буй донорын тоо буурсан уу?
- Өнгөрсөн жил 2019 онтой харьцуулахад “КОВИД-19” цар тахлын нөхцөл байдал болоод Улсын онцгой комиссоос хөл хорио тогтоосонтой холбоотой ЦССҮТ-д цусаа хандивласан донорын тоо буурсан. “КОВИД-19” вирусээс шалтгаалан хоёр удаа хатуу хөл хорио тогтоосон. Тухайн хугацаанд цусаа хандивласан донор иргэдийн тоо тодорхой хэмжээнд буурсан ч хатуу хөл хорионы үед иргэд осол аваарт өртөх, бэртэж гэмтэх нь мөн бага байлаа. Тиймээс ЦССҮТ-ийн цусны нөөц хэвийн хэмжээнд байсан. Үүнийг дагаад эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ, мэс заслын тоо багассантай холбоотой цусны нөөцөө хэвийн хэмжээнд бүрдүүлж чадсан. Эмнэлгүүдийг шаардлагатай үед нь цусны нөөцөөр хангаж ажиллалаа.
-Он гарснаас хойш Цус сэлбэлт, судлалын үндэсний төв донор иргэдээс сайн дурын үндсэн дээр цус авах үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулж ажиллаж байгаа вэ?
-ЦССҮТ Сүхбаатар, Баянзүрх цус цуглуулах төв дээрээ донор иргэдээс цус цуглуулахаас гадна явуулын баг хамт олноороо цусаа өгөх хүсэлт ирүүлсэн аж ахуй нэгж, байгууллага руу очиж PCR шинжилгээ хийсний ард халдвар хамгааллын дэглэмийг бүрэн баримтлан цус цуглуулж байгаа.
Үүнээс гадна “КОВИД-19” цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан холбогдох байгууллагуудаас иргэдийг нэн шаардлагатай бус тохиолдолд эмнэлгээр явахгүй байхыг анхааруулсан. Гэхдээ донорууд болон иргэд цар тахлын энэ нөхцөл байдалд ч гэсэн Сүхбаатар, Баянзүрх цус цуглуулах төвд очиж, цусаа бэлэглэж, гурван хүний амь аврах боломжтой. Учир нь эмнэлэг, эрүүл мэндийн бусад байгууллагад өвдсөн хүмүүс биеэ эмчлүүлэх гэж ханддаг. Харин ЦССҮТ-д биеийн эрүүл мэнд нь сайн байгаа, дархлаа сайтай хүмүүс бусдад амьдрал бэлэглэхээр үйлчлүүлдэг.
Түүнчлэн манай цус цуглуулах төвүүд “КОВИД-19” вирусийн эсрэг халдвар хамгааллын дэглэмээ бүрэн сахиж ажиллаж байгаа.
МҮОНРТ-ийн уран бүтээлчид, ажилтнууд цусаа хандивлалаа | ||
Үзсэн: 3630 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.