Шууд Chart

“Цэргийн алба амьдралын сургууль, бие сэтгэлийг төлөвшүүлж, бие бялдрыг чийрэгжүүлдгийг өөрийн биеэр мэдэрч байна”

2021-03-04 11:02:31

Орчин цагийн Зэвсэгт хүчний түүхт 100 жилийн ойг тохиолдуулан Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл, Зэвсэгт хүчний 123, 256 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байгаа дайчдаа “Эх орны хүү” буландаа урьж ярилцлаа.

ҮЕ ҮЕИЙН ХУГАЦААТ ЦЭРГҮҮДДЭЭ БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ

Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн хугацаат цэргийн алба хаагч, байлдагч О.Батхүү: Малчны хотоос цэргийн хуаранд ирсэн хүний хувьд цэргийн алба гэдэг цоо шинэ орчин, цоо шинэ хамт олон юм. Нутгийн зон олныхоо малд нүдтэй хүүхэд, малчин залуу гэдэг тодорхойлолт дээр хугацаат албаны дайчин, цэргийн албаа хаасан эр хүн гэдэг үнэлгээг нэмж байгаа нь бахархалтай. Халагдаж очоод гэр бүл, нутгийн ахан дүүсийнхээ хүндэтгэн хүлээн авч буй нь нүдэнд харагдаад сайхан л байна. Төв аймгийн Баянцагаан сумынхан цэргийн алба хаасан залуусаа хүндэтгэлтэй нь аргагүй угтан авдаг сайхан жишигтэй ард түмэн.

Мэдээж манай онжавууд “Малчин байх, цэрэг байх ямар ялгаатай байна вэ” гэж асуудаг л даа. Би хариулдаг. “Ялгаатай. Цэрэг байна гэдэг эх орныхоо төлөөх үүргээ ухамсарласан эр хүнийг хэлнэ” гэж. Гэхдээ малчин байхаа би үгүйсгээгүй. Халагдаж очоод малаа маллаж, нутаг орондоо ажилсаг, хөдөлмөрчөөрөө үнэлэгдсэн мянгат малчин болно. Харин цэргийн алба надад эх орноо хайрлах тийм нэгэн сэтгэлийг бат суулгаж өгсөн нь үнэхээр бахархууштай. Мэдээж бусад байлдагчийн адилаар цэргийн алба амьдралын сургууль, бие сэтгэлийг төлөвшүүлж, бие бялдрыг чийрэгжүүлдгийг нь өөрийн биеэр мэдэрч байгаагаа хэлмээр байна. Байлдагч бүр л тэгж хэлдэг учраас санаа минь давхцах байх л даа. Цэрэгт ирэхээсээ өмнө малаа хариулаад давхиж явахдаа цэргийн албыг мэдлэг олгох орчин, нөхөрлөлийн талбар гэж төсөөлж байсан нь яг мөн байсан. Орчин цагийн Зэвсэгт хүчний түүхт 100 жилийн ойгоор эгнээнээсээ 10 баатар төрүүлсэн алдар түүхтэй Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлдээ алба хааж байгаадаа баяртай байгаа. Эх орныхоо өнцөг булан бүрт над шиг эрхэм үүргээ биелүүлж байгаа онжавууддаа энэ өдрийн мэнд хүргэж, эх орноо батлан хамгаалах ариун үйлсэд амжилт хүсье.

ЦЭРГИЙН АЛБА НӨХӨРЛӨЛИЙН ТАЛБАР ЮМ БАЙНА

Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч, байлдагч Д.Жамъяансүрэн: Намайг Доржийн Жамъяансүрэн гэдэг, Завхан аймгийн Цэцэн-Уул сумынх. 2019 онд МУБИС-ийг дүрслэх урлаг, технологийн багш мэргэжлээр суралцаж төгссөн. Сургуулиа төгсөөд Завхан аймгийн Сонгино сумын ерөнхий боловсролын дунд сургуульд дүрслэх урлагийн багшаар ажиллаж байгаад Зэвсэгт хүчний 123 дугаар ангид хугацаат цэргийн алба хаахаар татагдан ирээд байна. Анх цэргийн албанд ирээд бүх үйл ажиллагаа цагийн хуваарийн дагуу явагддаг нь хэцүү юм шиг санагдсан ч албандаа дасахаар харин ч илүү амар, тодорхой байдгийг нь ойлгосон. Миний аав Дорж гурван жилийн цэрэг, ах маань Зэвсэгт хүчний 084 дүгээр ангид алба хаадаг болохоор цэргийн алба надад харьцангуй ойрхон салбар байсан л даа. Чөлөөт цагаараа зураг зурах дуртай. Энэ сайхан салбарыг би хэд хэдэн гар зургаар сийлбэрлэн үлдээхээр төлөвлөсөн байгаа. Сумандаа хоёр удаа гар зургийн үзэсгэлэнгээ дэлгэж, нутгийн олондоо үзүүлж байлаа. Миний зургуудын олонх нь байгалийн уран зураг эзэлдэг, харин цэрэгт ирснээс хойш цэрэг дайчдын тухай нэмж зурмаар санагддаг болсон доо. Яг одоо гэхэд 100 жилийн түүхтэй орчин цагийн Зэвсэгт хүчний тухай уран зураг зураад дуусаж байна. Удахгүй шуудангаар зургаа илгээж, ЗХЖШ-ын удирдлагуудад бэлэглэнэ. Түүнээс гадна цэрэгт ирснээс хойш цэргийн нөхөрлөл чин үнэн сэтгэл дээр тогтдог гэдгийг мэдэрсэн. Арван жилийн сургуульд сурч байхдаа бид олон найзтай болдог. Гэхдээ тэр харилцаа нь хичээлийн цаг, хамт тоглох хэсэгхэн хормоор хэмжигддэг. Харин цэрэгт бүтэн жил хамт байж, хамт суралцаж, хамт нөхөрлөж байхдаа бие биеэ илүү ихээр таньж авдаг юм билээ. Нөхрөө гунигтай байна уу, баярласан байна уу гэдгийг харцнаас нь уншиж чаддаг болдог. Тиймээс би цэргийн нөхөрлөлийг чин үнэнч сэтгэл гэж хэлнэ.

ЭХ ОРНОО БИД Л ХАМГААЛАХГҮЙ БОЛ ӨӨР ХЭН ГЭЖ ...

Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч, байлдагч А.Билгүүн: Цэргийн алба миний бодож байснаас ч илүү сайхан юм байна. Эр хүн бүрийн хаах ёстой алба юм байна. Цэргийн албанд татагдсанаас хойш өөрчлөлт, ухаарлын эхлэл болсон. Эх орноо бид л хамгаалахгүй юм бол, өөр хэн хамгаалах юм бэ гэдгийг маш их ойлгосон. Цэргийн алба гэдэг нь дүрэмт хувцас өмсөөд буу үүрээд гүйхийн нэр биш. Аз жаргалтай, амар тайван эх орноо батлан хамгаалах цэрэг дайчдыг, амьдралаа аваад явах төлөвшсөн иргэн хүнийг бэлтгэдэг газар юм байна. Жишээ нь би цэрэгт ирэхээс өмнө 105 кг жинтэй, таарах хувцас ч олдохгүй шахам байлаа. Харин одоо би 85 кг жинтэй, гүйж харайхад түүртэх зүйлгүй, бие хөнгөрөөд л. Энэ бол миний эрүүл биед цэргийн албаны үзүүлсэн нөлөө. Цэрэгт ирэхээс өмнө ШУТИС-ийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний технологи мэргэжлээр суралцаж байсан, зарлан ирэхээр нь гэрийнхэнтэйгээ ярилцаж байгаад нэг жилийн чөлөө авсан. Халагдаж очоод үргэлжлүүлэн суралцаж, Монголынхоо шилдэг тогоочийн нэг болно гэж мөрөөддөг.

Нэг жил алба хаах хугацаа дэндүү чамлалттай санагддаг. Амьдралын, төлөвшлийн дөнгөж зах руу ороод албандаа дасаад, жигдрэх үед халагдчихдаг юм шиг ээ. Дээр үеийн хоёр, гурван жилийн цэргийн алба маш зөв гэж боддог шүү. Эр хүн өөрийн үүрэг хариуцлагыг ухамсарласан байхад ядаж гэр бүл салалт байхгүй болно. Энэ нь өөрөө нийгэмд том хөрөнгө оруулалт болох юм. Цэргийн алба хаасан залуус хэр баргийн юманд барьц алдахааргүй болдог нь бодит үнэн шүү.

Ахлах дэслэгч Д.Болормаа


“Цэргийн алба амьдралын сургууль, бие сэтгэлийг төлөвшүүлж, бие бялдрыг чийрэгжүүлдгийг өөрийн биеэр мэдэрч байна”  
Үзсэн: 2669 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй