Шууд Chart

Швед улс энэ зунаас вакцины паспорт олгохоор төлөвлөж байна

2021-03-07 13:32:18

Шведийн Эрчим хүч, мэдээллийн технологийн сайд Андерс Игеман коронавирусний вакцинжуулалтад хамрагдсаныг гэрчлэх паспортыг нийтийн амралт эхлэх үед буюу энэ зунаас эхлэн ашигладаг болгохыг мэдээллээ.

Түүний мэдээлснээр дархлаажуулалтын энэ баримт бичгийг цаасан хэлбэрээр олгохын зэрэгцээ гар утас, цахим түрийвчиндээ авч явах цахим хэлбэрээр ч олгох юм байна.

Коронавирусний эсрэг вакцинжуулалтын аян олон улс оронд эхлээд байгаа. Үүнтэй холбоотойгоор дэлхийн улс орнуудын Засгийн газраас гадна аж ахуйн нэгж компаниуд тэр дундаа аялал жуулчлалын салбарынхан дархлаажуулалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг, паспортыг иргэддээ олгохыг санал болгож байгаа юм.

Зарим компаниуд тэр дундаа агаарын тээврийн компаниуд зорчигчдоосоо ийм баримт бичигтэй байх шаардлага тавина гэдгээ мэдэгдээд байгаа билээ. Тиймээс Шведийн эрх баригчид иргэдээ дэлхийгээр чөлөөтэй зорчих боломжтой болгохын тулд ийм алхам хийхээр төлөвлөж байгаа юм.

Үүний өмнө Данийн эрх баригчид вакцины цахим паспорт олгохоор шийдвэрлэсэн. Гэхдээ зарим улс орны эрх баригчид түүний дотор Европын Холбооны гишүүн хэд хэдэн орон, Оросын эрх баригчид ч коронавирусний эсрэг вакцины паспорт шаардах нь дархлаажуулалтад сайн дураар хамрагдана гэсэн зарчмыг зөрчихөд хүргэж байгааг анхааруулсаар байна.

Европын Холбооны хувьд дээд уулзалтаараа энэ асуудлыг зарим гишүүн орныхоо шаардлагаар хэлэлцсэн ч эцсийн шийдэлд хараахан хүрээгүй байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Швед улс энэ зунаас вакцины паспорт олгохоор төлөвлөж байна   
Үзсэн: 970 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй