
Монголын үндэсний олон нийтийн цахим хуудас MNB.mn, Олуулаа клуб, Иргэний нийгэм, Хүний хөгжлийн хорооноос санаачлан, Монгол Улсын Жендэрийн Үндэсний хороо, Хүний Эрхийн Үндэсний комисс, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл нарын байгууллагууд хамтран зарласан “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нэгдэцгээе” сэдэвт асуудал дэвшүүлсэн нийтлэлийн уралдаанд бүтээлээ ирүүлсэн сэтгүүлчдийн нийтлэлийг хүргэж байна.
-*-
Mанай улсад гэр бүлийн хүчирхийллийн асуудал өдрөөс өдөрт нэмэгдсээр. Охид бүсгүйчүүд маань ч гадаадын иргэнтэй гэр бүл болох асуудал ихэссэн. Хөрөнгө чинээтэй гадаад хүн дагаад, хөгжилтэй оронд амьдарч байгаа бүсгүйчүүдийн ихэнх нь алдсан байдаг. Харь орны хүнтэй дэр нэгтгээд эх орноо орхин явсан тэд бүгд сайхан амьдрал төсөөлж явдаг ч үнэн хэрэгтээ дийлэнх нь хүчирхийллийн золиос болдог аж. Үүний жишээ болсон нэгэн Г.Минжин бүсгүйн талаар энд дурдахыг хүслээ. Тэрбээр АНУ-ын иргэн болсон Монгол бүсгүй юм. Г.Минжин өнгөрсөн сард эх орондоо ирсэн бөгөөд бусдад сургамж болох үүднээс өөрийн туулсан зовлонгоо олонд дэлгэхийг зөвшөөрсөн юм. Ингээд түүний АНУ-д өнгөрүүлсэн гурван жилийн хугацаанд ямар амьдрал үзэж туулсныг нь уншигч танд хүргэе.
Би хав харанхуйн гүн рүү аажмаар уусч байсан
Би АНУ-ын Денвер хотод амьдардаг байсан. Хэдийгээр хүмүүс намайг тансаг харшийн дэгжин бүсгүй гэж боддог боловч үнэндээ миний дотор айдас, түгшүүрээс өөр зүйл байгаагүй. Миний нөхөр Америкийн иргэншилтэй Кано гэх Япон хүн. Тэр энд нэгэн томоохон компанид ажилладаг. 2010 онд би гэрийнхэнийхээ хамаг мөнгийг шавхаад Америкт сурахаар явсан. Эрх чөлөөний орон гэгддэг энэ улсад би мэдлэг боловсролоо дээшлүүлэхээс гадна мөнгө хураана гэсэн итгэл үнэмшилтэй байлаа. Эхний зургаан сар хэлний бэлтгэлдээ суугаад хажуугаар нь цагийн ажил хийж, их л завгүй өдөр хоногийг өнгөрөөсөн. Миний ажилладаг ресторанд Азиуд их орж ирдэг байв. Кано бол манай байнгын үйлчлүүлэгч байсан. Тэр долоо хоногт дор хаяж гурван удаа манайхаар үйлчлүүлдэг байлаа. Цэмцгэр дэгжин хувцастай, царай зүс сайтай түүнийг манай ажлынхан андахгүй мэднэ. Нэг өдөр Кано хоёр найзтайгаа орж ирээд миний үйлчилдэг ширээнүүдийн нэгэнд суусан. Тэр өдөр би санаанд оромгүй их “гарын мөнгө” авсан юм. Бараг нэг сарын цалинтай тэнцэх гарын мөнгө авсандаа гайхаж, баярласан гэж жигтэйхэн. Үүнээс хойш Каног орж ирэх бүрт би үйлчилдэг боллоо. Сүүлдээ түүний ирэх өдрийг хүлээдэг болов. Эелдэг зөөлөн харилцаатай, ихэмсэг дэгжин энэ залуу намайг үнэхээр өөртөө татаж байсан юм. Нэг өдөр би хичээлээ тараад ажил руугаа явах гээд яаран сандран гүйж явтал мөнгөлөг саарал өнгөтэй, тансаг машин миний өмнө ирж зогсоод тас хар теньтэй цонхоо буулгатал машин дотор Кано над руу өнөөх л танил, дотно инээмсэглэлээрээ тосч авсан. Тэр намайг яаж энд сурдагийг мэдсэн юм бол гэж гайхаж байсан ч, энэ талаар би огт асуугаагүй. Учир нь ийм сайхан залуу намайг ирж авч байгаад би дэндүү их баярласан. Үнэндээ би түүнд ухаангүй дурласан байлаа.
Тэр өдрөөс хойш Кано над руу утсаар ярьж, хааяа гэрт минь хүргэж өгдөг болов. Удалгүй бид хоёрын харилцаа гүнзгийрч, тэр надад хамт амьдрах санал тавьсан юм. Хүний нутагт хэн нэгэн хүн намайг хайрлаж, халамжилж байгааг өдөр бүр мэдрэх үнэхээр сайхан байсан. Тэр тусмаа миний дурлалт залуу намайг хайрлаж байгаа нь гайхамшигтай. Ингээд би ээждээ энэ тухай яг юу гэж хэлэхээ мэдэхгүй байсан учир Каног монгол хүн гэж хэлсэн юм. Ээж минь ч миний өмнөөс баяртай хүлээж авсан.
Бид хамт амьдраад эхний нэг сар яг л үлгэрийн юм шиг гайхалтай өнгөрсөн. Каног ажилдаа явах бүрт нь би өглөөний цайг нь бэлдэж өгч, орой бүр тэр намайг ажлаас минь авч, амралтын өдрөөрөө дэлгүүр хэсч, тоглолт үзээд их л жаргалтай байсан. Би яг л өөрийнхөө төлөө амьдрах хүнийг оллоо гэж бодсон. Гэтэл миний төсөөлж байсан аз жаргал надад ирээгүй. Хамт амьдраад хоёр сар болсны дараа тэр намайг ажлаасаа гарахыг ятгаж эхэлсэн. Би ч баян тансаг амьдарч байгаа болохоор цагийн ажил хийж өөрийгөө зовоохыг хүссэнгүй. Түүний хэлснээр ажлаасаа гарав. Гэтэл нэг өдөр Кано надад хүүхэдтэй болмоор байгаагаа хэлсэн. Би харин түүнд хүүхэдтэй болчихвол хичээлдээ явахад хэцүү болно гэдгээ учирлатал тэр уурлаж, гомдоод сүйд болов. Тэгээд надад “Би ээжийг чинь энд авчиръя. Бидэнтэй хамт амьдрангаа хичээлтэй үед чинь хүүхэд хараад байж байг. Би бүгдийг зохицуулна. Энэ гэрт хүүхэд л дутагдаад байна” гээд л надаас гуйж эхэлсэн. Үнэхээр тэр ээжийг минь аваад ирчихвэл хичнээн сайхан бэ. Энэ үг намайг үнэхээр их баярлуулсан. Тэгээд би түүний саналыг зөвшөөрөв. Гурван сарын дараа би бие давхар болсноо мэдэв. Кано ч энэ мэдээг их баяртай хүлээж авсан. Өдөр өдрөөр би ээж болох бэлтгэлээ хийж байлаа. Харин тэр ээжийг минь авчирна гэсэн амлалтаа огт дурсахгүй байв. Хэвлий дэх үр минь өдрөөс өдөрт томорч, миний ээж болох мөч ойртсоор...
Каногийн ажил улам ихэсч, олон хоногоор өөр хотуудаар явах болов. Түүний анхаарал ч надаас илүү ажилдаа төвлөрөх болсон. Ээжийг минь авчирна гэдэг миний бодож байсан шиг тийм амар байсангүй. Харин би түүнд ээжийгээ авчрах тухай сануулж хэлэх бүрт тэр “Хөөцөлдөж байгаа. Удахгүй бүтэх байхаа” гэхээс өөр юм хэлдэггүй байв. Тэгээд нэг өдөр тэр надад гэрлэлтээ батлуулж, овогоо солихгүй бол ээжийг чинь авчрах асуудал бүтэхгүй нь гэсэн юм. Ингээд би төрөхөөсөө өмнө ээжийгээ авчрахын тулд гэрлэлтээ батлуулж, овогоо солиулан, АНУ-ын иргэн болов. Харин энэ бол хүүхдийг минь өөрөөрөө овоглох гэсэн түүний заль байсныг би сүүлд ойлгосон.
Ингээд би 2011 оны зургаадугаар сарын 8-ны өдөр ээж болж, хөөрхөн хүүгээ өлгийдөн авсан юм. Намайг төрөхөд Кано байсангүй. Ажил нь түүнд надаас илүү чухал бололтой. Хүү минь надаас төрсөн байтлаа миний нэг ч зүйлийг дуурайсангүй. Тэр яг л аавыгаа “өвччихөж”. Хүүгээ төрүүлснээс хойш бүтэн нэг жил өнгөрлөө. Би гэдэг хүн сургууль ч үгүй, хүүхдээ хараад л гэртээ суудаг нэгэн болов. Ээжийг минь авчрах тухай яриа бүр дурсагдахаа ч больсон. Хааяа ээжтэйгээ утсаар ярьж санасан сэтгэлээ бага ч гэсэн тайтгаруулдаг болов. Каногийн ажил улам л ундарсаар. Гэртээ ирэхээрээ хүүгээ л эрхлүүлэхээс намайг бүр анхаарахаа ч больсон. Энэ байдал үргэлжилсээр.
Хүүгээ нэг ой хүрсний дараа би дахин ажил хийхээр болов. Кано намайг хүүгээ цэцэрлэгт өгөөд өөрөө ажилд орсныг ч мэдсэнгүй. Учир нь бидний харилцаа ихэд хөндийрсөн бөгөөд тэрээр шөнө дөлөөр орж ирээд өглөө эртлэн гардаг болсон юм. Ингээд нэг өдөр ирэхэд нь би түүнтэй ярилцахаар шийдлээ. Тэрээр миний ажилд орсныг мэдээд маш ихээр бухимдаж, намайг ажлаасаа гарахгүй бол хүүгээ өөрийнхөө аав, ээж рүү явуулна гэв. Эх хүн үрээсээ холдоно гэдэг хэцүү, тэр тусмаа урьд нь барааг нь ч хараагүй хүмүүс рүү өгч явуулахыг би хүссэнгүй. Ингээд дахиад л би ажлаасаа гарлаа.
Нэг өглөө сэртэл хүү минь алга. Кано хүүгээ аваад явсан бололтой. Түүн рүү залгатал утсаа авсангүй. Би эхэндээ Каног хүүгээ салхилуулахаар гарсан гэж бодсон. Үд дунд болоход тэр ганцаараа орж ирлээ. Хүүгээ яасан гэж асуухад тэр “Одоо чи ажил хиймээр байвал хий. Бүр эндээс явсан ч болно. Дахиж энэ гэрт ирэхгүй байсан ч болно” гэв. Би түүний юу яриад байгааг ойлгосонгүй. Хүүгээ хаана байгааг мэдэх гэж би түүнээс уйлж, орилж баахан шалгаалаа. Гэтэл тэр Япон руу явуулчихсан байсан. Надад хэлэлгүйгээр, миний зөвшөөрөлгүйгээр тэр миний хүүхдийг өөрийнхөө аав, ээж рүү явуулчихсан байсан. Үүнийг сонсоод би галзуурах шахам уурлаж, түүнээс хүүхдээ нэхэж өдөржин уйлав. Тэгээд эцэст нь би түүнийг цагдаад мэдэгдэхээр шийдсэн. Гэтэл тэр намайг “Амьд мэнд байж байгаад, хүүхдээ харахыг хүсч л байгаа бол чимээгүй байгаарай” гэж анхааруулсан. Кано бол хуримтлуулж, хураасан хөрөнгө ихтэй, Америк, Японд танил ихтэй хүн. Тэр яаж ч чадна. Би ганцаараа гүйгээд түүнийг ялж гарна гэж байхгүйгээ мэдэрсэн. Ингээд надад түүний үгнээс гаралгүй энэ гэрт толгой хоргодож байгаад энхрий үртэйгээ уулзах өдрийг хүлээхээс өөр сонголт байсангүй. Хүүгээ харалгүй жил гаруй хугацаа өнгөрлөө. Каногийн ааш авир дийлдэхээ больж, хүүгээ нэхвэл намайг ална гэж сүрдүүлнэ. Заримдаа надад гар хүрнэ.
Тэр надтай яг л гэрийн үйлчлэгч, гудамжны гуйлгачинтай харьцаж байгаа мэт харьцана. Хааяа нэг хүүгийнхээ дууг сонсоё гэж гуйдаг ч тэр надад зөвшөөрдөггүй. Би гэдэг хүн хоёр бүлцэн нүдтэй, хов хоосон сэтгэлтэй л өглөөг угтдаг боллоо. Тэр үед надад сэтгэлээ онгойлгох хэн ч байгаагүй. Гэрийнхэнтэйгээ ч холбоо барьж чадахаа больсон. Надад зугтаая гэсэн ч очих газар үнэндээ байхгүй. Зугтаалаа гээд яах ч юм билээ. Би чинь эх хүн шүү дээ. Хүний гарт амиа алдчихгүйхэн шиг хэлснээр нь байж байгаад хүүтэйгээ л уулзчих юм сан гэж боддог байлаа. Сүүлдээ итгэл минь ч алдарсан. Тэр намайг зүгээр л чимээгүйхэн явахыг хүсч байсан. Үнэндээ би хав харанхуй руу аажмаар уусч байсан юм. Үрээ тэврээд ээждээ л очихыг би туйлын их хүссэн. Энэ л миний цорын ганц хүслэн байлаа. Ингээд шинэ жилийн өмнө гэр лүүгээ ярих ганц боломж олдсон юм. Яг тэр үед би ээжийнхээ биеийг муу байгааг мэдсэн. Орой нь Каног ирэхийг тэсч ядан хүлээж, ирмэгц нь ээжийгээ амьд мэнд дээр уулзах зөвшөөрөл гуйлаа. Тэр надад нүүр өгсөнгүй. Бүтэн долоо хоног би өглөө үдэшгүй түүний хөлд сууж гуйж гувшиж байж наашаа явах боломжтой зөвшөөрөл авсан. Одоо би дахиж хэзээ ч тийшээ явахгүй. Харин хүүгээ л олж авмаар байна.
Ийнхүү Г.Минжин бүсгүй өөрийн биеэр туулсан зовлонгоо дэлгэн ярилаа. Түүний нүдээр үзэж, биеэр туулсан бүхэн нүүрэнд нь үрчлээ болон тодорчээ. Энэ мэтчилэн Монголын минь олон арван бүсгүйчүүд харь орнуудын хаа нэгтээ эрх чөлөөгөө боомилуулж, эрүүл мэнд, сэтгэл санаагаар хохирсоор байгаа.
Түүнчлэн сүүлийн үед гэр бүлийн хүчирхийллийн асуудал үнэхээр газар авч байна. Ихэнхдээ охид, бүсгүйчүүд, бага насны хүүхдүүд болон өндөр настнууд энэ хүчирхийллийн золиос болдог. Нөхөртөө үргэлж дарамтлуулж, зодуулдаг байсан гэх эмэгтэй шүүх хурлаас гарч яваад нөхрийнхөө гарт амиа алдсан. Найз залуудаа 48 цагийн турш зодуулсан залуу бүсгүй мөн л энэ хорвоог орхисон. Төрсөн эцэгтээ зодуулж, хүнд бэртэл авсан бяцхан хүү биеийн шархнаас сэтгэлдээ асар их айдас, дарамттай үлдсэн гээд сэтгэл сэртхийлгэм аймшигтай жишээнүүдийг та бид мэднэ. Гэхдээ олонд ил болсон эдгээр хэргүүдийн цаана хэнд ч мэдэгдээгүй мянга мянган хүчирхийлэл нуугдсаар. Хүчирхийлэлд өртөгчдийн ихэнх нь энэ талаар нуудаг. Тэд бусдад хэлэхээс айдаг. Энэ нь нэг талаар хүчирхийлэгчийг даврааж, дахин хүч хэрэглэх үндэс болдог.
Мөн хүчирхийллийг дэврээдэг гол хүчин зүйл бол архидалт. Архи хэзээ ч сайн үр дагавартай байгаагүй. Согтуу хүнээс эрүүл ухаан гардаггүй. Гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн ихэнх нь хэрэг хийх үедээ их, бага хэмжээгээр согтууруулах ундаа хэрэглэсэн байдаг. Тиймээс архидалттай тэмцэх арга хэмжээг идэвхитэй явуулах хэрэгтэй.
Түүнчлэн зөвхөн амь нас, эрүүл мэндээр нь хохироосон бол хүчирхийлэл гэдэг ойлголт нийгэмд байдаг. Гэр бүлийн хүчирхийлэл нь нэг нь нэгнийхээ үзэл бодолд халдах, өөрийн эрх мэдэл, хүчээр далайлган эрх чөлөөнд нь халдаж, сэтгэл санааны хувьд дарамт шахалт болдог. Ийм гэр бүлд өссөн хүүхдүүд ихэнхдээ нийгмийн идэвхи муутай, жожиг байдгаас гадна бусдад буруу үлгэр дуурайлал үзүүлэх нь бий. Тиймээс хүчирхийлэл бол халдварт өвчин мэт тухайн гэр бүлийн бүх хүнд халдварладаг.
Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарч байгаа мэдээллүүдийн дийлэнх нь гэмт хэргийн хэв шинжтэй, хар бараан, хүчирхийллийн үйлдлийг нэгд нэгэнгүй дэлгэдэг нь нийгэмд тодорхой хэмжээгээр сөрөг нөлөөллийг бий болгож байгаа. Түүнчлэн сүүлийн үед гарч байгаа кино, жүжгүүдэд хүчирхийллийн өнгө аястай ямар нэгэн үзэгдэл байсаар байдаг нь мөн л буруу үр дагавар болдог.
Урлаг хүнийг хүмүүжүүлдэг гэдэг. Тиймээс урлагаар дамжуулж гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, амьдралын аз жаргалыг сурталчлан таниулах нь зүйтэй.
М.Мөнх-Өлзий /secret.mn/
Би хав харанхуйн гүн рүү аажмаар уусч байсан | ||
Үзсэн: 3386 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.