
Өчигдөр УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл”-ийг 70.2 хувийн саналаар баталсан.
Энэхүү тогтоолын төсөл батлагдсантай холбогдуулан Эдийн засгийн байнгын хорооны дарга Х.Гарамгайбаатар, УИХ-ын гишүүн Д.Зоригт, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх тогтоол нийтдээ 26 заалтаас бүрдэж байгаа бөгөөд 18 заалт нь санхүү эдийн засгийн хүндрэлээс гарах тухай бол үлдсэн найман заалтад төрийн өмчийн удирдлага, менежментийн тогтолцоог өөрчлөх талаар тусгасан байна. Эдийн засгийн идэвжлийг нэмэгдүүлэхийн тулд нэн тэргүүнд Төсвийн тодотгол хийж урсгал зардлыг 20 хувиар бууруулна хэмээн Эдийн засгийн байнгын хорооны дарга Х.Гарамгайбаатар хэвлэлийн бага хурлын үеэр хэллээ. Мөн тэрээр хөрөнгө оруулалтын 80 гаруй хувийг дангаараа эзэлдэг Ашигт малтмалын тухайн хууль батлагдвал хайгуулын үйл ажиллагаа сэргэж, жилд олдог 300-400 сая төгрөгийн орлого нэг тэрбум төгрөгт хүрнэ гэлээ. Түүнчлэн хүчингүй, маргаантай 300 гаруй лицензийн асуудлыг хөндсөн юм. Ингэснээр орлогын гол эх үүсвэр болсон нүүрсний экспорт 30 сая тоннд хүргэх боломж бүрдэнэ гэж тооцоолж байгаа ажээ. Төсвийн урсгал зардлыг 20 хувиар бууруулснаар нэг их наяд төгрөг хэмнэгдэнэ гэдгийг Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал онцлосон. Түүнчлэн эдийн засгийг идэвхжүүлэх богино, дунд, урт хугацааны бодлого боловсруулж энэ ажлын үр дүнд валютын урсгал сайжирна гэж тооцоолж байгааг дуулгав. Мөн өрийн удирдлагын тухай хуультай болох, олон салаа төсвийг халж зөвхөн нэг л төсөвтэй байх нь зүйтэй. Үүнээс гадна жижиг аж ахуйн нэгжүүдийг татварын хөнгөлөлтөөр дэмжиж ажиллана. Ингэхдээ аж ахуйн нэгжүүдийн төлсөн татварын 90 хувийг буцаан олголт хийнэ гэсэн юм.
УИХ-ын гишүүн Д.Зоригт хэлэхдээ, аж ахуйн нэгжүүдийн улирал тутамд гаргадаг тайланг жилд нэг удаа гаргадаг байхаар болсон. Энэ нь татварын орчинг сайжруулахаас гадна эрчим хүчний үнийг чөлөөлж, энэ чиглэлийн хөрөнгө оруулалтын орчныг сайжруулна гэлээ. Нийслэл хотод нийт айл өрхийн 64 хувь нь 150 кв/цаг доторх хэрэглээтэй бөгөөд энэ хэмжээнээс дээш хэрэглээтэй аж ахуйн нэгж, төрийн болоод бизнесийн байгууллагуудын цахилгааны төлбөрийг хөнгөлөх юм байна. Мөн аж ахуйн нэгж, байгууллагад давхардсан хяналт, шалгалтыг олноор хийдэг нь авлига бий болгох, ёс зүйн зохисгүй байдлыг нэмэгдүүлж байна гэж үзээд тэдгээр шалгалтын тоог цөөрүүлэхээр болсон байна.
Төсвийн урсгал зардлыг 20 хувиар бууруулснаар нэг их наяд төгрөг хэмнэгдэнэ | ||
Үзсэн: 1739 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.